Устаж буй байгаль дэлхий, агаарын бохирдлын тухай өгүүлсэн Английн дуучин Novo Amor-ын “Repeat Untill Death” хэмээх нэртэй дууны клипний зураг авалтыг Монголд хийжээ. Энэ дууны клип Английн “Music Awards 2019” наадмын "Оны шилдэг альтернатив клип" төрөлд нэр дэвшиж, дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр болсон байна.
Клипний гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н. Ялалт, Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч Б. Мөнхжин охин тоглосон бөгөөд Сингапур, Голланд, Малайз, Украин, Монгол уран бүтээлчид хамтран Хөвсгөлийн их тайгад дүн өвлийн -40 хэмд ажилласан байна.
Тодруулбал, найруулагч, оператороор нь Николас Чин /Малайз/, дууны найруулагчаар Скайсте Казрагите /Украйн/, Line producer-аар нь А. Бямбадорж /Монгол/, туслах найруулагч, зургийн даргаар А. Миеэгомбо /Монгол/ уран бүтээлчид ажиллажээ. “Studio Birthplace” продакшны уран бүтээлч Йорик Дози /Голланд/, Сил Ван Дер Воерд /Голланд/ нарын үүсгэн байгуулсан студи юм.
Энэ талаар клипний зургийн даргаар ажилласан А.Миеэгомбоос тодруулахад “Өнгөрөгч 2018 оны эхнээс арванхоёрдугаар сард нь уран бүтээлчид Монголд ирж, зураг авалтаа хийсэн. Дууны клипийг энэ оны нэг, хоёрдугаар сард эвлүүлэг,өнгө шүүлт, дуугаа хийгээд 2019 оны хоёрдугаар сарын 20-нд албан ёсоор Youtube-д тавигдаж олон улсын богино хэмжээний кино наадам, хөгжмийн наадмуудад оролцож эхэлсэн түүхтэй.
Английн “Music Video Awards 2019” ёслолын ажиллагаа ирэх аравдугаарсарын 23-нд Лондон хотноо болох бөгөөд уран бүтээлчид маань нэр дэвшсэн төрөлдөө шилдэгээр шалгараасай хэмээн битүүхэн догдлоостой хүлээж сууна. Дашрамд хэлэхэд энэ сайхан уран бүтээлийг санаачлан зохиолыг нь бичиж, найруулсан Сийл, Йорик хоёр, оператор Ник, туслах Казрагита, өчүүхэн надад итгэл үзүүлэн урьж энэ сайхан төсөлд татан оролцуулсан эрхэм найз А. Бямбадорж, гол дүрийн жүжигчин Н. Ялалт, Б. Мөнхжин нартаа гүнээ талархаж мэхийн ёслоё” гэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ