Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.
(УЛС ТӨРЧИДТЭЙ ХОЛБООТОЙ ШАЛТГААН)
Монголд либертари үзэл санаа тархан идээшихэд саад болдог бас нэг хүчин зүйл бол улс төрчид. Либертари нэр томьёо, үг хэллэг ашигладаг цөөн хэдэн улс төрч АН-д байсан бол одоо МАН болон бусад нам хүчинд улам олшрох янзтай. Сонин юм шүү, уг нь, либертари үзэл улс төрчдөд хамгийн халтай, харин жирийн иргэдэд маш ээлтэй үзэл юм шүү дээ. Гэтэл либертари үг хэллэгт дуртай улс төрчид олшроод байдаг.
Юу нь болдоггүй юм бэ, гэж үү? Хамгийн хорлонтой нь, үг хэл, үзэл бодол, үйл хэрэг нь хамгийн их зөрдөг хүмүүс либертари хэлээр яриад байхаар либертариудыг мөн тийм хүмүүс байдаг хэмээн бодох явдал газар авч байна. Нөгөө талаас, либертариудыг аль нэг намын үзэл сурталчид мэтээр ойлгох явдал гардаг. Өмнө нь ингэж ойлгож, тайлбарлах явдал олонтоо гарч байв.
Улс төрчдийн үг хэл, үзэл бодол, үйл хэрэг гурав маш их зөрчилддөг. Ер нь, улс төрчдийн лексикон тун хачин, юмыг дандаа тонгоруулж ярьдаг. Амьдрал ядуу зүдүү, харанхуй байвал, тэд “амьдрал сайжирч, улам гэрэл гэгээтэй болж байна”, төгрөгийн ханш унаад байхад “манай ЗГ-ын үед инфляци тогтворжсон”, ЗГ хээл хахуульд автаад, сайд нар нь элдэв хэл аманд өртөөд эхлэхээр “манай ЗГ шиг, шударга, өдөр шөнөгүй ажилладаг ЗГ байгаагүй” гэнэ. Хэвлэл мэдээлэл, ТВ-ээр хэзээ ч албан тушаал хөөцөлдөхгүй хэмээн ам тангараг өргөж байснаа ердөө, маргааш нь гэхэд эрх мэдлийн төлөө яахаас ч буцахаа больчихдог. Нэгнээ зүгээр л зодоод алчихна шүү дээ.
Тэгвэл либертари үзэл үг хэл, үзэл бодол, үйл хэрэг гурвын нэгдлийг маш чанд шаарддаг. Хүн өөрийнхөө тухай юу ч гэж бодож болно, олон түмэнд юу ч гэж ярьж болно. Гол нь, үйл хэргээрээ тийм байж чадаж байна уу, үгүй юү гэдгийг л харна. Ө.х. амьдрал дээр бодож санаж, хэлж ярьж байгаа шигээ байж чадаж байна уу? Ийм ч учраас либертариуд улс төрчдөд, зөвхөн улс төрч бус, бүх хүнд хандан “ХҮМҮҮС ЭЭ, ТА НАР ӨӨРСДИЙН (бусдын төдийгүй өөрсдийн шүү!!!) БОДОЛ САНААНД БҮҮ ИТГЭ, ХЭЛ ЯРИАНДАА Ч БҮҮ ИТГЭ, ГАНЦХАН ҮЙЛ ХЭРЭГТЭЭ Л ИТГЭ!” гэж уриалдаг.
Либертари үзэл нь улс төрийн аль нэг нам хүчинд үйлчлэх биш, харин ч эсрэгээрээ улс төрчдийн нүүр царайг илчилдэг үзэл. Аль нам хүчнийх байх нь хамаагүй. Улс төр бол либертари үзэлтэй харьцуулахад сандал суудал булаацалдсан шалихгүй амьтдын тулга тойрсон хэрүүл.
Либертарианизмд засаглалын тухай ярих шаардлага гарах аваас хөндлөнгийн хэний ч оролцоогүй, “өөрөө өөрийгөө засаглах” (self-governance) тухай л ярина. Ийм засаглалын үед аяндаа тогтсон эмх журам шиг бат, чанд, хөдөлшгүй зүйл байдаггүй. Либертари үзлийг хамгийн товчоор тодорхойл гэвэл “Төрийн эрх мэдлийг минимум хэмжээнд барьж, хувь хүний эрх чөлөөг максимум хэмжээнд аваачих” хэмээнэ.
Либертари үзэлтнүүд нийгэм дэх муу, муухай зүйлтэй тэмцэхдээ улс төрчид шиг авирлахгүй. Үнэндээ, улс төрчид тэр зүйлтэй тэмцдэггүй, харин тэмцэх нэрээр өөрсдөө эрх мэдэлтэй болж авцгаадаг. Либертариуд хүчирхийллээс ямагт зугтана. Тэд жинхэнэ хувьсгал гудамжинд биш тархинд гардаг (Айн Рэнд) хэмээн үздэг. Либертариудын тэмцлийн хэлбэр бол Л.Толстой, М.Ганди, М.Л.Кинг нарын баримталж байсан хүч үл хэрэглэх иргэний дуулгаваргүй байдал (civil disobedience) байж болох юм.
Либертариуд улс төрийн намыг Т.Жэффэрсоны хэлж байснаар “хуйвалдагсдын үүр” хэмээн үзнэ. Энэ үгний үнэн Монголын бодит байдал дээр яг таг батлагддаг. Монгол дахь намууд бол хор найруулах лаборториуд. Энэ үг АН, МАН-ын хувьд лавтай үнэн.
Сонгууль гэдэг бол төр гэсэн хүчирхийллийн аппаратыг босгох үйл ажиллагаа, нэг төрийг нөгөө төрөөр солих процесс. Сонгуулийг “эрх мэдэлд очоод бусдын мөнгөөр тансаглах” (Ф.Бастиа) гэсэн улс төрчид л хамгаас их хүсэж дэмждэг. Либертариуд Нобелийн шагналт философич Ж.П.Сартрын хэлж байснаар “эс сонголт гэдэг бол өөрөө сонголт” хэмээн үзнэ.
Улс төрчдийн гаргаж буй хууль гэдэг бол “нохойд барьдаг мод”. Тэд өөрсдөө хэзээ ч биелүүлэхгүй атлаа ард олныг эрхшээлдээ байлгахын тулд хууль гаргадаг. Тэдэнд хууль гаргах дуртай байдаг өөр ч шалтгаан бий. Тэр нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийг хаацайлж, ял шийтгэлээс зугтах явдал. Үүнийг нь баталсан жишээ гэвэл даан ч олон. Хамгийн сүүлийнх гэхэд “Хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн юм гаргаж, тэр хугацаа нь дууссан болохоор баахан улс төрч-гэмт хэрэгтнүүдийн хэрэг хэрэгсэхгүй болж байх шиг байна.
Өөрийгөө хянах хамгийн том зэвсэг бол хууль биш, ёс суртахуун. Ухамсарт иргэний хувьд хууль хэзээ ч өөрийн хяналт биш, ямагт хөндлөнгийн хүчирхийлэл дээр тулгуурласан хяналт байсаар ирсэн.
Либертари илэрхийлэл
Ийм үзэл бодолтой либертариудыг улс төрчидтэй адилтгана гэдэг бол тэднийг дэндүү доош хийж байна гэсэн үг. Улс төржих дуртай, улс төрийн үүднээс хардаж, улс төрийн үүднээс тайлбар хийдэг хүмүүст либертари үзлийг улс төрөөс ангид харах ухаан суутал нэлээд хугацаа шаардагдах бололтой.
Б.БАТЧУЛУУН
Холбоотой мэдээ