Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал өнөөдөр /2019.09.27/ Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Цаашид энэ хурлыг дөрвөн жил тутам зохион байгуулж, шинжлэх ухааны салбарын ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа ярилцахаар болж, хуралдаанаас УИХ, Засгийн газарт зөвлөмж хүргүүллээ.
Зөвлөмжид, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг 2020 онд ДНБ-ний 1 хувь, 2025 онд ДНБ-ний 2,5 хувьд хүргэх чиглэлийг Засгийн газарт хүргэх, шинжлэх ухааны салбарын тусгайлсан агентлаг, төрийн өмчийн компаниуд инноваци, бүтээл, технологийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухааны салбарын эрдэмтдэд олгох эрх зүйн орчныг бий болгох, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг эрдэм шинжилгээний байгууллагаар төр захиалан биелүүлэх журамд шилжүүлэх зэрэг саналуудыг УИХ, Засгийн газар, салбарын яам зэрэг холбогдох байгууллагуудад хүргэхээр боллоо.
Анхдугаар хуралдаанаар шинжлэх ухааны салбарт дутагдаж байгаа хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх, Азийн дундаж түвшинд хүргэх, үе шаттайгаар нэмэгдүүлэх, төр өөрөө шинжлэх ухааны салбарын гол захиалагч нь байх ёстой гэдгийг эрдэмтэд хөндөж байлаа. Мөн энэ салбарын эрдэмтдийн бүтээлийг ашиглах, үнэлэмжийг нэмэгдүүлэх, салбарын цалинг хөлсийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндлөө. Хуралд оролцогчдоос нийтдээ 32 хүн үг хэлж, 10 гаруй санал гаргасан бөгөөд хуралдаанаас гаргасан саналуудыг нэгтгэж, эмхтгэл гаргах юм байна.
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.РЭГДЭЛ:
-Дэлхийд шинжлэх ухааны салбар шиг даяаршсан салбар байхгүй. Монгол Улсын эрдэмтдийн бүтээлүүдийн тоо, ишлэлийн тоогоор Азийн 46 улс дотроо 20-д явж байгаа нь өндөр үзүүлэлт. Манай шинжлэх ухааны салбар хүний нөөцийн хувьд дэлхийн дундаж түвшинд байдаг. Гагцхүү тэдний мэддэг, чаддаг материаллаг бааз, санхүүжилт дутмаг учраас дэлхийн хэмжээний бүтээл дутагдаж байна. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт, лабораторийн хувьд дэлхийн түвшинтэй харьцуулахад хүндрэлтэй. Бидэнд санхүүжилт, судалгаа, шинжилгээ хийдэг лабораторийн тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай байгаа нь бидний тулгамдаж буй асуудал. Анхдугаар хуралдааны нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг 2025 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэдгээ хэлсэн. Энэ бол боломжийн нэмэгдэл. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт нэмэгдвэл 2-3 жилийн дараа дэлхийн түвшний судалгааг Монголдоо хийж чаддаг болно. Үүний дараа дэлхийн олон оронд ажиллаж байгаа монгол эрдэмтэд улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах боломж бүрдэнэ. Эрдэмтдээс олон улсын төрөлжсөн сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлэх, судалгааны үр дүнд бий болсон бүтээл гардаг. Эрдэмтдийн судалгааны үр дүнд бий болсон бүтээлийг ашиглах тал дээр муу байгаа нь Монголын үйлдвэрлэл, технологийн мэдрэмж муу, энэ салбарт ажиллаж байгаа лидерүүдийн хооронд итгэлцэл байхгүй байгаатай холбоотой.
МУИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ч.ЛОДОЙРАВСАЛ:
-Хурлын хамгийн том үр дүн бол төр бол шинжлэх ухааны салбарт хандах хандлагаа өөрчилж, хамгийн том захиалагч байхыг төрийн удирдлагуудын зүгээс гаргалаа. Мөн санхүүжилтийг бага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, Азийн дундад түвшинд хүргэх, одоо байгаагаас ахиулах 2025 он гэхэд ДНБ-ний 2,5 хувьд хүргэх зорилго гаргалаа. Нөгөө талаас хөрөнгө оруулалт, санхүүжилт, байгаа дэд бүтцийг хамтарч ашиглах, хөгжүүлэх санаачлага гаргалаа. Шинжлэх ухааны салбарын цалинг үр дүнд суурилж шинэчлэх зэрэг шийдвэр гаргаж байна. Нөгөө талаас дэлхийд үнэлэгдэж байгаа, том судалгаа хийж байгаа эрдэмтдээ урамшуулах, ийм эрдэмтдийг олноор төрүүлэх санаачлага гаргасан. Улс орны томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд заавал эрдэмтдийн судалгааг хийлгэдэг, санал санаачлагыг нь сонсдог, буцааж ашигладаг байх шийдвэр гаргаж байна. Эрдэмтдийн олон жил бүтээж ирсэн оюуны өмч, туурвиж ирсэн бүтээлийг эргэлтэд оруулах, цааш нь үйлдвэр, инновацид нэвтрүүлэхийг дэмжинэ гэдэг тодорхой үр дүнтэй шийдвэрүүд гарлаа.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ