“Discover Mongolia” олон улсын чуулга, уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

“Discover Mongolia” олон улсын чуулга, уулзалт эхэллээ

“Discover Mongolia” олон улсын чуулга, уулзалт эхэллээ

“Discover Mongolia – 2019”олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой энэхүүчуулга уулзалт 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын талаар бодит мэдээллийг хүргэдэг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай яриа, хэлэлцээг өрнүүлэх боломж олгодог төр-хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм аль хэдийн болсон.

Чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгохыг зорин ажиллаж байна.

Манай улсад 1990-2018 оны хооронд нийт 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнээс 17.5 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 73.0 хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа нь тус салбарын эдийн засагт эзлэх байр, суурийг тод харуулж байгаа юм.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж, уул уурхайн төслүүд хөрөнгийн биржид гарч эхэллээ. 2018 онд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн. Цаашид энэхүү үйл явц улам эрчимжиж шинээр компаниуд  давхар бүртгүүлэх сонирхлоо илэрхийлж байна.

Та бүхэн мэдэж байгаачлан УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгоод байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хөрөнгийн биржид бүртгүүлэх “Эрдэнэс-Тавантолгой Майнинг”компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

IPO хийж төвлөрүүлсэн хөрөнгийг авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам. долларын төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах замаар нэгдүгээрт, Монголоос экспортолж буй нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байна.

Монгол Улсын уул уурхайн салбар нь дэлхийд өрсөлдөх бүрэн бололцоотой, геологийн нөөц, боломж ихтэйгээс гадна хөрөнгө оруулалттай холбоотой хууль, эрх зүйн таатай орчин бүрдсэн гэж  үздэг. Манай улс 2018 оны байдлаар 43 улстай Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхүүлэн дэмжих хэлэлцээрийг байгуулсан бол 26 улстай Давхар татварын гэрээ байгуулаад байна.

Эцэст нь хөрөнгө оруулагч, баялаг бүтээгч Та бүхэн бидэнтэй хамтран ажиллаж Монголын эрдэс баялгийн нөөц, бололцоог бүрэн ашиглаж хамтдаа хөгжихийг миний бие энэхүү индэр дээрээс уриалж байна” гэв.

Чуулга уулзалтын өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол Улсын эрдсийн салбарт хөрөнгө оруулах нь
  • Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь
  • Монгол Улсын хөгжлийг дэмжих нь гэсэн сэдвийн хүрээнд чуулга уулзалт болно.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын уул уурхай, хайгуулын салбар дахь хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт "Шангрила" зочид буудалд үргэлжлэн явагдаж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж