Картгүй иргэд 1000 төгрөгөөр зорчино

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

Картгүй иргэд 1000 төгрөгөөр зорчино

“Автобусны маршрутыг өөрчилсөн, нэг автобусаар хүрдэг газраа хоёр дамжихаас аргагүйд хүрсэн. Гэвч тэр бүртээ мөнгө төлөх ёстой. Шинээр нэвтрүүлсэн угсраа автобусанд гэмтэл үүссэн”. Энэ мэтчилэн иргэдийн дунд нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой гомдол санал багагүй гарч байна. Тэгвэл эдгээр асуудлаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийсэн юм.

Эхний асуудал “Угсраа автобус найдвартай юу?”. Ингэж асуухын учир нь өчигдөр угсраа автобус салж хоёр хүн гэмтсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдрийн хурлын үеэр албаныхан “Угсраа автобус салсан зүйл байхгүй. Зөвхөн тухайн автобус замын ус зайлуулах хоолойн шүүрт худгийн тагийг дайрснаас тээврийн хэрэгслийн голын холбогчинд эвдрэл үүссэн. Гэмтсэн гэх иргэнийг тухайн үед эмнэлэгт хүргэхэд эрүүл мэндэд аюул учраагүй” гэв. Гэхдээ угсраа автобусанд зарим нэг жижиг гэмтэл гарсныг албаныхан хүлээн зөвшөөрсөн.

Ямартай ч ирэх долоо хоног гэхэд угсраа автобус бүрэн нутагшаад асуудалгүй болно гэлээ. Иргэдийг бухимдуулж буй дараагийн асуудал бол автобусны маршрутыг богиносгосон. Гэхдээ маршрутыг богиносгосон ч сэлгэн суулт нь бас л үнэтэй. Энэ нь тухайн иргэн автобусанд хоёр дахин их төлбөр төлөх нөхцөл бүрдүүлж байгаа хэмээн шүүмжлэл дагуулсан. Тиймээс сэлгэн суултыг хэзээнээс үнэгүй болгох вэ гэх асуудал бий. Гэвч албаныхны тайлбарлаж буйгаар ойрын хугацаанд сэлгэн суултыг үнэгүй болгох боломжгүй гэв. Нийтийн тээврийн салбар алдагдал хүлээж буй учраас энэ асуудлыг нухацтай хэлэлцэхээр болжээ.

Иргэдийн нуруун дээр энэ мэтчилэн олон ачаалал ирсэн. Гэтэл ирэх сарын нэгнээс U Money картгүй, бэлэн мөнгөөр зорчих иргэдээс 1000 хүртэлх төгрөгийн төлбөр авах талаар жиг жуг хийх боллоо. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам ингэж ярилаа.

Гэхдээ энэ шийдвэр эцсийн байдлаар батлагдаагүй. Хэрвээ батлагдвал ирэх сарын нэгнээс л хэрэгжиж эхэлнэ. Гэтэл зарим нэг автобус тасалбарын үнээ нэмсэн гэх мэдээлэл гараад байна. Тиймээс иргэдийн зүгээс тасалбарын үнээ нэмсэн автобусны талаарх мэдээллийг нийслэлийн Тээврийн газрын 326352, 323176 утсаар өгч болох юм.

Дараагийн асуудал бол нийтийн тээврийн шинэчилсэн маршрут билээ. Өнөөдрийн байдлаар автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл явж байна. Үүнээс 18 угсраа автобус, 45 тролейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилж байгаа юм. Тэгвэл иргэд доорх зургаас нийтийн тээврийн шинэчилсэн маршрутын мэдээллээ авна уу.


ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ҮЗНЭ ҮҮ.

Бэлтгэсэн: Б.ЗОЛЗАЯА, Э.ЭНХБАТ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж