АНУ, БНСУ-ын эмч нарын баг Завхан аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ-ын эмч нарын баг Завхан аймагт ажиллав

-УИХ-ын гишүүн Я.Санжмятавын урилгаар АНУ, БНСУ-ын эмч нарын баг Завхан аймагт долоо хоног ажиллалаа-

Завхан аймгийн төв Улиастай суманд наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын урилгаар АНУ-аас мэс заслын их эмч нарын баг, болон БНСУ-ын дотор, уламжлалт, шүд, хүүхдийн их эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүллээ. Энэ үеэр АНУ-ын мэс заслын эмч нарын баг шаардлагатай хагалгааг тус аймгийн эмч нарын багтай хамтран хийсэн байна.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: “АНУ, БНСУ-ын их эмч нарын баг гадаадын олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг туршлагатай. Сайн дурын эдгээр баг Завхан аймагт долоо хоног ажиллалаа. Энэ хугацаанд аймгийн нэгдсэн мэс заслын тасагт АНУ-ын их эмч нарын баг, “Одчим наран” эмнэлэг дээр БНСУ-ын эмч нар баг ажиллаж, 1300 гаруй хүнд үзлэг хийлээ. Мөн АНУ-ын мэс заслын эмч нарын баг шаардлагатай хагалгааг аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт манай эмч нартай хамтран хийлээ. Гадаадын эмч нарыг урьж авчирснаар эмч нарыг дадлагажуулах, туршлага солилцуулах гээд олон талын ач холбогдолтой байлаа. Манай эмч нарын ур чадварыг гадаадын эмч нар үнэлж байна. Харин олон хоног бороо орсны улмаас агаарын нислэг хойшлогдсон ч БНСУ-ын эмч нар хугацаа алдахыг хүсэлгүй Улаанбаатар хотоос машинтай олон цаг явж ирлээ. Бид жил бүр гадаадын их эмч нарыг авчрах талаар ажиллаж байна.” гэсэн юм.

 

Мөн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Загдбазар хэлэхдээ “АНУ-ын мэс заслын их эмч нарын баг аймгийн нэгдсэн эмнэлэгт тав хоногт ажиллахдаа өдөрт 70-80 хүнийг үзлээ. Мөн өдөрт 5-6 хүнд зайлшгүй хагалгааг хийсэн. Иргэдийн хувьд үзүүлэх маш их сонирхолтой байна. Захиалга ч их байна. Зарим эмч, сувилагч нар ээлжийн амралтаа аваад байсан ч энэ хугацаанд буцаж ажилдаа орсон. Эдгээр өдрүүдэд ажлын ачаалал их (09.00-22.00) байсан ч олон иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлж чадлаа. Манай эмч нарын баг ч энэ удаагийн Америкийн мэс заслын эмч нараас маш их зүйлийг сурлаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хараад тэдний хувьд сэтгэл эмзэглэсэн зүйл их байгааг дуулгаж байсан. Багаж хэрэгсэл, боловсон хүчин бидэнд дутмаг байдаг. Цаашид эмнэлэгийн тоног төхөөрөмж сайжраад, эмч нарын чадамж дээшлээд ирэхээр орон нутагт авч болох бүхийл эмнэлэгийн үйлчилгээг хийх боломжтой болох юм. Энэ удаагийн туршлага бол бидэнд маш их зүйлийг өглөө” гэлээ.


 

БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгийн эмч нар наймдугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Одчим наран” эмнэлэг дээр иргэдэд үзлэг хийсэн бөгөөд 800 орчим хүн хамрагдсан байна.

Энэ үеэр БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зохицуулагч Ш.Дашдаваатай ярилцлаа.

-Юуны өмнө манай улсад ирээд байгаа БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгийн талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-БНСУ-ын эмч нарыг эгнээндээ нэгтгэсэн хүмүүнлэгийн байгууллагын хувьд 4000 гаруй гишүүнтэй. Эмч, сувилагч, оюутануудыг нэгтгэсэн уг нийгэмлэг нь Солонгост төдийгүй дэлхийн 50 гаруй оронд очиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Тус нийгэмлэгийн таван эмч 1996 онд манай улсад анх удаа ирж эмнэлэгийн чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр эмч нарын хувьд сэтгэл санаа нэгдээд өөрсдийн зардлаараа ирж байсан юм билээ. Тэр цагаас хойш 18 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 3-4 удаа ирж, алслагдсан аймаг, сумдуудад эмнэлэгийн үйлчилгээг явуулж байна. Завхан аймагт ирсэн энэ удаагийн багт БНСУ-ын их эмч, сувилагч нийлсэн 20, манай талаас орчуулагч болон туслах ажилтан, хэвлэл мэдээлэл нийлээд мөн 25 хүн багтсан.

-Энэхүү сайн дурын нийгэмлэгийн баг энэ жил манай улсад хэддэх удаагаа ирээд байна вэ? Энэ удаагийн эмнэлэгийн тусламжийг Завхан аймгийн хичнээн иргэдэд хүргэв?

-БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгээс энэ онд Улаанбаатар хотын Сонингохайрхан дүүрэг(Баянхошуу), Налайх, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдэд эмнэлэгийн үзлэгийг хийсэн байгаа. Харин энэ жилийн дөрөв дэх үйлчилгээ Завхан аймгийн Улиастай суманд боллоо. БНСУ-аас ирсэн дотор, уламжлалт, шүд, хүүхдийн их эмч нар тус аймгийн иргэдэд үйлчилж, нийтдээ 800 орчим хүнд эмнэлэгийн тусламжийг үзүүллээ. Энэ удаагийн үзлэгийг харж байхад доторт үзүүлэх иргэдийн тоо их байна. Мөн бага насны хүүхдүүдээс төрөлхийн гажигтай хүүхэд ч гарч байна.

-Цаг агаарын хувьд их сэрүүхэн байж, агаарын нислэг саатсан ч төлөвлөсөн ёсоор иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг үзүүлсэн байна.?

-Тиймээ биднийг Завхан аймагт ажиллах үед бороо орж, сэрүүхэн байлаа. Манай багийн хувьд нэг хоногийн өмнө Завханд очсон. Гэтэл биднийг очсон өдрөөс хойш олон хоног бороо орж, агаарын нислэг саатлаа. Эмч нарын хувьд нэгэнт төлөвлөгдсөн ажил байсан болохоор Улаанбаатар хотоос машинтай гарч 20 цаг орчим явж ирсэн. Тэдний хувьд машинаар олон цаг явах нь хүнд байсан ч хугацаа алдахыг хүсээгүй. Тэдэнтэй хамт нийгэмлэгийн эмч нарыг Завхан аймагт ажиллахыг урьсан УИХ-ын гишүүн Я.Санжмятав өөрөө ирсэн. Олон цаг машинд явж үзээгүй байсан ч Монголын байгалийг хараад ядаргаа гарлаа гэж байсан. Цаг агаарын байдлыг бид яаж ч чадахгүй шүү дээ. Ирэх замд нь Завхан аймгийн нутаг Загастайн даваанд цас орсоныг харсан эмч нар наймдугаар сард цас орохыг анх удаа харлаа гэж байсан.

-Шаардлагатай хагалгааг энд хийх боломж байгаа юу?

– Одоогоор их эмч нарын хувьд манай улсад ажиллах хугацаандаа хагалгаа хийх боломжгүй. Шаардлагатай хагалгааг хийх боломж байгаа ч үүнд Эрүүл мэндийн яамаас зөвшөөрөл авч байж хийдэг. Жил бүр хийж байгаа судалгаа цаашид их зүйлийг харуулна. Аль аймагт ямар өвчлөл өндөр байна зэрэг мэдээлэл гарч байдаг. Тэгэхээр тус нийгэмлэгийн их эмч нарын үзүүлж байгаа энэхүү хүмүүнлэгийн тусламж цаашид өргөжиж, шаардлагатай хагалгааг газар дээр нь хийдэг болно гэдэгт итгэж байна. Эмч нарын хувьд ч үүнд бэлтгэгдэж байгаа. Одоогоор их эмч нар иргэдийг үзсэний дараа эмийн жор бичиж өгдөг. Эмийн сантай яваа учир эмийг эмчийн жорын дагуу өгч байна.

-Уг нийгэмлэг жил бүр 1-2 хүүхдийг сонгож, БНСУ-д үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг гэсэн. Энэ хугацаанд хичнээн хүүхэд хамрагдаж, эрүүл саруул болоод байна вэ?

-Сайн дурын багийн хувьд жил бүр хийсэн судалгаан дээрээ үндэслээд амьдралын боломж тааруу, Монголд хийх боломжгүй хүнд хагалгааг сонгодог. Одоогоор 25 хүүхэд хамрагдаж, эрүүл саруул болсон байгаа. Эдгээр хүүхдүүдээс зарим нь насанд хүрээд байна. Хамгийн сүүлд гэхэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас зүрхний маш хүнд хагалгаа хийх шаардлагатай хүүхэд гарсан. Энэ хүүхдийг эмч нар сонгоод БНСУ-д 100 хувийн төлбөрийг дааж, эмчилгээг амжилттай хийсэн. Энэхүү хагалгааг 100 сая вонын (170 сая төгрөг.) төлбөртэйгээр хийдэг. Аймаг бүрт хийж байгаа эмнэлэгийн үзлэгээс харж байхад өвчлөл янз бүр байна. Зарим аймагт элэг, ходоодны өвчлөл их байхад зарим нутагт хүүхдийн гажигтай төрөлт олон гарч байна.

-Эмнэлэгийн тусламж үзүүлж байгаа багийн хувьд зөвхөн гадаад эмч нараас гадна орчуулагч нар байна. Зарим орчуулагч нарын хувьд их туршлагатай болжээ?

-Гадаадаас ирж байгаа эмч нарын хувьд орчуулагч нар зайлшгүй шаардлагатай. БНСУ-ын багийн хувьд тус улсын нэр хүндтэй 7-8 эмнэлэгийн их эмч нар ирсэн. Эмч тус бүр дээр нэг орчуулагч ажилладаг. Олон жил энэхүү сайн дурын ажилд нэгдээд явж байгаа орчуулагч нарын хувьд их туршлагатай болсон байдаг.

-Энэхүү сайн дурын байгууллагад манай талаас хичнээн хүн ажилладаг вэ?

-Одоогоор дөрвөн хүн байдаг. Бидний хувьд бүгд сайн дурын ажилтан. Би хуулийн чиглэл, замын зураг төслөөр ажилладаг ч энэхүү хүмүүнлэгийн үйлсэд нэгдээд найм дахь жилдээ боллоо. БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгт эмч нараас гадна эмнэлэгийн удирдах ажилтан, сувилагч, оюутан гээд эмнэлгийн төрөл бүрийн мэргэжилтнүүд багтсан байдаг.

 

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж