"Улсын хөгжлийн хөдөлгөгч нь мэргэшсэн төрийн алба байх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

"Улсын хөгжлийн хөдөлгөгч нь мэргэшсэн төрийн алба байх ёстой"

"Улсын хөгжлийн хөдөлгөгч нь мэргэшсэн төрийн алба байх ёстой"

Монголын нийгэмд аливаа салбарын ажил тууштай хэрэгжих нь байтугай, тогтвортой зүйл ч үгүй болжээ. Тэр тусмаа төрийн байгууллагад. Засгийн газар солигдох бүрт төрийн албанд халаа сэлгээ ихээр явагдаж, хууль бус томилгоо нэмэгддэг. Тухайн ажилдаа дасч, мэргэшиж байгаа ажилтан шалтгаангүйгээр халагдан, шинэ хүн ирээд арга барилаа олох гэсээр дараагийн сонгуультай золгоно.  Аль эсвэл даргын хүүхэд, ах дүү хамаатан садан, "нууц" хүртэл сонгуулийн циклээр төрийн албанд шургалдаг нь нууц бишээ. “Тогтвортой ажлын байр” ТББ-аас мэдээлснээр 2016 оны сонгуулийн дараа, зохих хууль тогтоомжийн дагуу тавьсан шаардлагад нийцсэн, мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай 25-55 насны төрийн албан хаагчид халаа сэлгээнд өртсөн гэжээ.

Олон намтай улс төрийн тогтолцоот Монгол Улсын хувьд  мэргэшсэн тогтвортой төрийн алба ажиллах нь төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж монгол төрийн дархлааг бэхжүүлэх суурь нөхцөл болохын сацуу  Монгол Улсын төрийн албаны тогтолцоо бол ардчиллыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл, баталгаа болох юм.

“Төрийн албаны шинэтгэл, сэтгүүлчдийн оролцоо” сургалтыг Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд  зохион байгуулж буй.  

Төрийн албаны тухай хуулийг анх 1994 онд  боловсруулж 1995 оноос мөрдөж эхэлжээ. Үүнээс хойш даруй 24 жил өнгөрөөд байна. Өнгөрсөн  хугацаанд Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгож, төрийн албаны эрх зүйн орчныг сайжруулах үүднээс шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Энэ үеэр  төрийн албаны  хуулийг шинэчлэн найруулахад ямар өөрчлөлт орсон талаар  олон нийтэд танилцуулсан юм.

Тодруулбал, төрийн албаны тухай  хуулийн шинэчилсэн найруулгыг 2017  оны 12 сарын 7-ны өдөр УИХ-аар баталж энэ оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөгдөж эхэлжээ. Хэдийгээр дээрх хууль хэрэгжиж эхлээд  есөн сарыг ардаа үдсэн ч  амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Өнөөдөр төрийн алба савлагаатай, төрийн алба төрлийн алба болж , намын харьяаллаар ажилд томилдог зуршил арилаагүй, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг нам, улс төрийн хүчний бодлого шийдвэрээр өөрчилдөг, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, хариуцлага тооцох механизм сул болчхоод байгааг хэн хүнгүй мэднэ.  

ХЭРЭВ БИД ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ ТУЙЛД НЬ ХҮРГЭЖ ЧАДВАЛ  УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ТҮЛХҮҮРЭЭС АТГАЛАА ГЭСЭН ҮГ

Төрийн албаны зөвлөлийн гишүүн,доктор,профессор Д.Зүмбэрэллхам “Өнгөрсөн хугацаанд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоор ирсэн ч 2008 оны өөрчлөлтийг эхлээд ярья. Учир нь 2008 онд улс төр, төрийн албыг хооронд нь заагласан их чухал өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, энэ өөрчлөлтөөр төрийн улс төрийн албанаас бусад ангиллын төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, улс төрийн албан тушаалаас бусад төрийн албан хаагчид улс төрийн сонгуулийн сурталчилгаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халах, чөлөөлөхийг хориглох, төрийн албан хаагчдын томилгоог хуулийн дагуу хийж байх, төрийн мэргэшсэн, тогтвортой албыг цаашид төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг оруулж өгсөн” гэв.

Тэрбээр цааш нь 2017 онд  УИХ-аар  баталж энэ оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн  Төрийн албаны  тухай хуульд  ямар өөрчлөлт орсон талаар ярив.


  • 2002 оны хуульд төрийн албан тушаалд өрсөлдөх хүмүүсийн  сонгон, шалгаруулалтыг зохих ёсоор хүнээс хамаарал багатай хэлбэрийг сонгож зохион байгуулахыг заасан ч албан тушаалын тодорхойлолтыг  батлах эрх нь  ажил олгогчид буюу  даргад нь  байсаар ирсэн. Үүнийг  одоогийн хуульд “Албан тушаалын тодорхойлолт бүрийг төрийн албаны зөвлөлөөр хянуулж улмаар хянасан тодорхойлолт ямар  ч өөрчлөлтгүй мөрдөгдөнө” гэж  заасан. Энэ нь төрийн албаны  тухай шинэтгэлийн хамгийн  гол зүйл нь.
  • Албан тушаал бүрт  тохирсон шалгуур болох хэдэн жил ажилласан ямар мэргэжил чадвартай байх зэрэг нь тодорхойгүй байсан.Харин шинэ хуульд  албан тушаалын шатлал бүрт хэдэн жил ажилласан, ямар чадвартай байх вэ гэдгийг  зааж өгсөн.
  • Өмнө нь албан тушаалыг түр орлон гүйцэтгэхдээ гаднаас өөр хүнийг тус албан тушаалд томилох эсхүл өөр хүнээр хавсран гүйцэтгүүлдэг байсан.

Засгийн газар түр орлон гүйцэтгэх журмыг баталдаг байсан. Улмаар Засгийн газар өөрийн хүмүүсээ дур зоргоор нь томилохын  тулд журмаа нэг өдөр өөрчилж  хэрэв хавсран гүйцэтгэх хүн шаардлага хангахгүй бол гаднаас хүн авчирч ажиллуулж болно гэсэн агуулгатай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс болж  цэгцэрч байсан асуудлууд буцаад задарсан.

2017 оны шинэчилсэн хуульд  “Тухайн хүний албан тушаалд шинэ хүн томилохгүйгээр хамгийн ойр ажил, үүрэг гүйцэтгэдэг хүнээр хавсран гүйцэтгүүлэн цаашдаа  сонгон шалгаруулалт явуулж орон тоог нөхнө” гэж  тусгасан.

  • Шинэ хуульд шатлан дэвших тогтолцоо буюу төрийн албан хаагчдын туслах түшмэл, дэс түшмэл, ахлах түшмэл, эрхэлсэн түшмэл, тэргүүн түшмэл зэрэг   албан тушаалын ангиллыг шат алгасахгүй хаших юм.
  • Төрийн албаны зөвлөл 2002 оны хуулиар хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон боловч хууль зөрчсөн  албан тушаалтанд хэрхэн хариуцлага ногдуулах вэ гэдгийг орхигдуулсан. 

Төрийн албаны удирдах албан тушаалтны буруугаас төрийн ганцхан албан хаагчдад шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө 100 сая төгрөгт хүрсэн тохиолдол байна. Буруу шийдвэр гаргаснаас учирсан хохирлыг төрөөр төлүүлдэг байдал нь шийдвэр гаргагчийг хариуцлагагүй, цочроогүй болгож байна. Иймээс аливаа шийдвэрээ хуульд нийцүүлэн зөв гаргадаг болгохын тулд энэ зохицуулалтыг хуульчилж өгөх нь зүйтэй.

Энэ нь улсын төсөвт эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хоёрт, төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэх чухал ач холбогдолтой. Одоогийн мөрдөгдөж байгаа  хуульд “ажлын хариуцлага алдаж хууль зөрчсөн албан тушаалтан төрд учруулсан хохирлыг өөрийнхөө халааснаас төлөх ёстой. Дараа нь албан тушаалаас нь халах  хүртэл арга хэмжээ авна” хэмээн заасан.  

Би хувьдаа өнөөдрийн төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сайн болсон гэж үзэж байна. Энэ нь  зүгээр нэг хуульд өөрчлөлт оруулсан зүйл биш.

Хэрэв бид төрийн албаны шинэтгэлийг туйлд нь хүргэж хийж чадах юм бол улс орноо хөгжүүлэх  гол түлхүүрээс атгалаа гэсэн үг. Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч нь чадварлаг мэргэшсэн төрийн алба байх ёстой.

Саяхан нэгэн хэвлэлд “УИХ тараах гарын үсэг элчин сайдын суудлын үнэ хүрчээ” гэсэн мэдээлэл гарсан.мЭнэ мэдээллийн үнэн худлыг нь би мэдэхгүй. Гэхдээ ийм төрлийн  мэдээг хүмүүс нүд дассан байдлаар уншиж байна гэдэг чинь л өөрөө асуудал” гэдгийг онцоллоо.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж