Даваа гаригаас цахим дугаар олголтыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

Даваа гаригаас цахим дугаар олголтыг эхлүүлнэ

Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг  цахимаар авч эхэлсэн нь багагүй маргаан үүсгэсэн учраас түр завсарлаад байсан юм. Харин ирэх даваа гаригаас эхлэн цахим дугаар олголтыг эхлүүлэхээр болсноо тэд дуулгав.

Ашигт малтмалын газраас өгсөн мэдээгээр  тус газар уртрагийн 104 градусаас баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг энэ оны 1 сарын 26-ны өдрөөс хүлээн авч шийдвэрлэж байгаа гэнэ. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2,235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1,094 өргөдлийг бүртгэн хянажээ. Өнгөрсөн хугацаанд 452  (2.55 сая гектар буюу 28.33%) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа дуусгаж,  ирэх даваа гаригаас буюу наймдугаар сарын 24-нөөс  дахин цахим дугаар олгож эхлэх гэнэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1,138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1,076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж