Discover Mongolia: Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Discover Mongolia: Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ

Уул, уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг “Discover Mongolia 2019” эрдэс баялгийн чуулган өнөөдөр /2019.09.27/ эхэллээ. Энэ жил 17 дахь удаагаа болж буй тус чуулга уулзалтад Засгийн газар, уул уурхай, бизнесийн салбарын дотоод болоод гадаадын хөрөнгө оруулалттай компани, , хувийн хэвшил, байгууллага болон судлаач, шинжээчид зэрэг 20 орны 500-аад хүн оролцож байна.

Нэгдсэн чуулга уулзалтаар Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцох зарчмаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Монгол Улсад 1990-2018 оны хооронд нийт 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнээс 17.5 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 73.0 хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа нь тус салбарын эдийн засагт эзлэх хувь нэмэр хамгийн их жин дарж буйг харуулах үзүүлэлт билээ.

Дээрх арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тус компанид харьяалагддаг 15 компанитай хөрөнгө оруулагчид хамтран ажилласнаар Засгийн газрын бүх талын дэмжлэгийг авах боломжтойн дээр шийдвэр гаргах үе шат нь шуурхай болохыг онцолсон. Үүн дотроо Асгатын мөнгөний ордод 127 сая ам.доллар, алт цэвэршүүлэх үйлдвэрт 74 сая ам.долларын, зэс хайлуулах үйлдвэрт 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тус, тус шаардлагатай тухай мэдээлэл өгсөн юм.

Монголын уул, уурхайн Ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд

Өнөөдрийн чуулганд оролцож буй компани, хувийн хэвшлүүд Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүд урагшилж байна уу, ухарч байна уу гэх мэт компанийхаа танилцуулгыг хийж байна. Энэ жилийн чуулган Төр засаг бодлого ярьж, шийдвэр гаргах боломжгүй үед болж буйгаараа онцлогтой. Тиймээс бид энэ удаа болж байгаа болон болохгүй байгаа асуудлаа ярих, цаашид яах вэ гэдэг талаас нь түлхүү ярьж байна. Бид сүүлийн жилүүдэд ярьдаг ганц л асуудалтай болчихоод байгаа. Тэр нь тогтворгүй байдал. Өөрөөр хэлбэл, төр засгийн бодлого, шийдвэр тодорхойгүй. Бид уул уурхайг цөөлөхөөс илүү хариуцлагын тогтолцоог ярьж эхэлж байна. Уул, уурхайн Ассоциаци хариуцлага нэхэх аян өрнүүлээд явж байгаа. Тэгэхээр хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буйг дэмжээд, хариуцлагагүй байгааг хамгаалах шаардлага байхгүй. Өнөөдрийн чуулганы үр дүнд цаашид уул, уурхайн салбарын арга барил нь зөв яваасай, хууль дүрмийн дагуу байгаасай гэж хүсч байна.

“Discover Mongolia 2019” чуулганы үеэр нийтдээ 40-өөд компани үзэсгэлэнгээ дэлгэж, танилцуулга хийж байсан юм. Тэдний төлөөлөл “Аспайр майнинг компани”-ий Гүйцэтгэх захирал Б.Болдбаатартай ярилцлаа.

-Танай компани Монголд үйл ажиллагаа явуулаад хэр удаж байгаа вэ, ямар чиглэлээр ажиллаж байна? 

-“Аспайр майнинг компани” Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийтэд нээлттэй хувьцаатай компани. Анх 2008 оноос Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо үйлдвэрлэлийн чиглэлд шилжихээр бэлдэж байгаа юм. Тодруулбал, дэлхийн хэмжээнд чанар нь яригдах Хөвсгөлийн Овоотын нүүрсний ордод бүтээн байгуулалтын ажил явуулах гэж байна. Бид нүүрсээ шууд зөөх бус тухайн газар баяжуулах үйлдвэр барина. Үүнээс гадна шороон замаар зөөж байгаа байдлыг халаад зориулалтын даацын авто зам барина гэж төлөвлөж байгаа. Мөн нүүрсний уурхайгаа түшиглээд үр ашгийг нь дээшлүүлэхийн тулд бүс нутагт томоохон хэмжээний цахилгаан станц барих юм. Энэ мэт бүтээн байгуулалтын ажлууд эхлэхэд бэлэн болсон байна.

-Өнөөдрийн чуулга уулзалтад танай компани яаж оролцож байгаа вэ, ямар үр дүн хүлээж байна?

-Манай компани энэхүү чуулганд жил бүр идэвхтэй оролцдог. Бид өнгөрсөн оны хувьд нэлээн амжилттай ажиллалаа. Тухайлбал, Австралийн биржид бүртгэлтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн олонх нь монголчууд. Үүнтэй холбоотой уурхайн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулж дуусгах, тухайн орон нутагт очиж тайлбарлаж, танилцуулах уулзалтууд зохион байгуулах, мөн хөрөнгө оруулагч нартаа төсөл хөтөлбөрөө танилцууллаа. Ийм амжилттайгаар бид энэ удаагийн чуулганд оролцож байна.

-Уул, уурхайн компаний хувьд нэг бэрхшээл байдаг л даа. Яам, Засгийн газрын түвшинд холбогдох хуулийн дагуу зөвшөөрлөө аваад төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэх болоход тухайн орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Ийм бэрхшээлтэй учирсан компаниуд цаашид хэрхэх вэ?

-Монгол бол мал аж, ахуйн орон. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд тухайн орон нутагт ямар бүтээн байгуулалт яаж хийх вэ, ингэснээр ямар давуу тал бий болох вэ гэдгийг иргэдэд мэдээлж байх хэрэгтэй. Өнөөдрийн чуулганы нэг онцлог бол уул, уурхайн салбар ирээдүйг бий болгодог юм. Багахан хугацааны асуудал биш. 40,50 жилээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалт болдгоороо давуу талтай. Тэр утгаараа баялгаа ашиглаад эрдэм, мэдлэгтэй, дэлхийн жишигт хүрсэн амьдралын орчинтой ирээдүйг бий болгоход уул уурхай хамгийн том хөшүүрэг болох юм. Иргэдэд мэдээж хардах эрх нь байгаа. Тиймээс иргэдэд зөв мэдээлэл хүргэж, хариуцлагатай ажиллах гэдэг бол хамгийн чухал. Сүүлийн үед Засгийн газар хариуцлагатай уул, уурхай гэж их ярих болсон. Австрали улс уул, уурхайн салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлээд 100 гаруй жил болж байна. Энэ туршлагыг манай компани Монголд нутагшуулахаар зорьж байгаа юм.

Уул уурхайн салбарын үйл ажиллагааны нэг чиглэл бол геологи тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглах юм. Сүүлийн жилүүдэд цахилгаан, эрчим хүчний үнэ хэд хэдэн удаа нэмэгдээд буй. Үүнийг нар, салхины эрчим хүчний өртөг их байгаатай холбоотой байж магад гэж иргэд таамаглаж байна. Үүнийг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Нар, салхины эрчим хүчний өртөгийг олон улсын жишээнд аваад үзвэл, уламжлалт эрчим хүчний эх үүсвэртэй дүйцэхээр байгаа. Зарим газар харин ч бага байгаа. Илүү үнэтэй байна гэдэг бол ташаа ойлголт. Өөрөөр хэлбэл, 40,50 жилийн өмнө барьсан цахилгаан станцтай цоо шинэ барьж буй цахилгаан станцыг харьцуулах боломжгүй. Эрчим хүчний салбар маань Монголын хэрэглэгч нарт яаж хамгийн чанартай, хямд байх вэ гэдгийг чухалчилдаг. Хэрвээ бид экспортынхоо зах зээлийг хөгжүүлж чадвал дотоодын хэрэглэгч нар хамгийн найдвартай, хямд цахилгаанаар хангагдах боломж бүрдэнэ. Эрчим хүчний үнийг зах зээлийн горимд оруулах процесс өнөөдөр ид дундаа явж байна. Энэ процесс эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргахад нэлээн үүрэг гүйцэтгэх юм. Тэгэхээр бид салбарын шинэчлэлээ цааш нь хэрэгжүүлж дуусгах хэрэгтэй байна. Дээр нь дамжуулах, түгээх сүлжээний хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь хийгээд явбал хувийн хэвшил цахилгаан, эрчим хүчийг хамгийн хямдаар нийлүүлэх боломжтой.

Монгол Улс сүүлийн жилүүдэд зүүн хойд Азийн цахилгаан, эрчим хүчний худалдаа сүлжээний асуудлыг чухалчилж, багагүй ажил хийж байна. Судалгааны ажлууд эхнээсээ амжилттай хэрэгжээд, төслийн явцад орж байгаа. Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн хамгийн том хэрэглэгч нар байдаг. Тиймээс Монгол Улс уламжлалт болоод уламжлалт бус эрчим хүчний нөөц өндөртэй учраас бүс нутгийн зах зээлд хамгийн найдвартай, хямд, цэвэр эрчим хүч түгээх боломж байгаа. Үүнийг бид энэ удаагийн “Discover Mongolia”-д хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж