Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй хэлэлцэх ёстой

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй хэлэлцэх ёстой

Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй хэлэлцэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн ямар зүйл заалтуудад хориг тавьсан бэ. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?

-Наймдугаар сарын 11-нд УИХ Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт 14-ний орой энэ  хууль ирсэн. Манайхаас хориг тавиад УИХ-ын Тамгын газар албан ёсоор хоригийг хүргүүлээд байна. Хуулийг бүхэлд нь биш хэсэгчилсэн хориг тавьсан. Тодруулбал, 4.1 дүгээр зүйл, долоодугаар зүйл дээр хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан. Энэ хуулийн ес дүгээр зүйл дээр өршөөлд хамруулахгүй хэргүүдийг зүйлчилж өгсөн. Үүнд тэр бүр үйлдэгдэдгүй хэргүүд буюу агаарын хөлөг авч зугтаах, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт хэргүүдийг хамруулахгүй гэж заасан байсан. Гэтэл гол үйлдэгддэг, хохирол ихтэй хэргүүдийг өршөөлд хамруулахаар тусгасан байгаа юм. Ялангуяа авлига албан тушаалын, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулан залилсан хэргүүд багтсан байгаа.  Өнөөдөр залилангийн хэргээр 116 хэрэг шалгагдаж байгаа. Үүнд 5559 хохирогчтой, 93 тэрбумын хохирлын асуудал яригдаж байна. Мөн 153 буюу бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх хэргээр шалгагдаж байгаа 55 хэрэг, 18 тэрбум төгрөгийн хохиролтой энэ бүх хэрэг өршөөлийн хуульд хамрагдахаар байгаа юм. Шалгагдаж дуусаагүй, мөрдөн байцаалтын явцад хохирлын хэмжээ, хохирогчдын тоо нэмэгдэж болно.

Хуулиараа УИХ-ын гишүүдийн 66,6 хувь нь буюу 3/2 нь хүлээж аваагүй тохиолдолд хууль хэвээрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ нь 3/1 ээс дээш хүлээж авбал хориг хүчинтэй гэсэн үг.

-Авлига, албан тушаалын  хичнээн хэрэг өршөөлд хамрагдахаар байгаа вэ?

-Авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа 40 гаруй хэрэг үндсэндээ хэрэгсэхгүй болж, замхрахаар байна. Одоогийн байдлаар авилга албан тушаалын хэрэгт одоогийн байдлаар тогтоогдсон 32 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Нийт 150 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг шийдэгдэхгүй орхигдохоор болоод байгаа юм. Иргэний журмаар шийдэгдэнэ гэж байгаа боловч энэ нь хуульд хөшиг татах маягаар тавьсан учраас хэзээ ч хохирол барагддаггүй. Нэгэнт эргүүгийн хэргээр өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлыг төлөхгүй учраас иргэн болон улсад хохирол учраад үлдэхээр байгаа юм. Энэ утгаараа Ерөнхийлөгч авлига албан тушаалын хэрэг, албан тушаалаа урвуулан ашигласан, хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, бусдын эд хөрөнгийг залилан онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн заалтууд дээр хэсэгчилсэн хориг тавьсан. Энэ зүйл заалтуудыг хуулийн хаалт болгоод хуулийн өршөөлд хамруулахгүй гэсэн хэсэгт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн ял хасах гэдэг асуудал бий. Өршөөлийн хуулийн тав дугаар зүйл дээр тодорхой төрлийн хэргүүд дээр үлдсэн ялаас нь хоёр жил хасахаар оруулсан. Үүнээс гадна өмнөх Өршөөлийн хуулиуд дээр дандаа орж байсан, 18-25 насны залуучууд үйлддэг, анх удаа бүлгээр үйлдсэн хэргүүдийг оруулаагүй.  Ерөнхийлөгч энэ хэргүүдийг бүхэлд нь өршөөхгүй ч гэсэн хоёр жилийн ял хасах гэдэгт оруулах нь зүйтэй гэсэн байр суурь баримталсан. Ийм байдлаар хориг тавигдсан. Өсвөр насны хүмүүс нэг  удаагийн санамсаргүй, санаадгүй, залуу цагийн доргисон, дарвисан үйлдлээс  дээр нь танил талгүй, мөнгөгүй  ял авдаг. Тиймээс нэг удаадаа өршөөл хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Нийгэмд Ерөнхийлөгч хориг тавьчихаар хууль бүхэлдээ хүчингүй болчихно гэсэн буруу ойлголт байна. Тийм зүйл байхгүй.

-Ерөнхийлөгч хоиг тавихдаа, Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэхийг шаардсан?

-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар ил тодоор хэлэлцэнэ. Хаалттай хэлэлцэхгүй. Хоригийг хүлээж авсан тохиолдолд нэг бол холбогдох хуулийн заалт хүчингүй болдог эсвэл УИХ холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулна. Хэрвээ хоригийг хүлээж авбал УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулна. Өөрөөр хэлбэл Өршөөлд хамарч болохгүй гэсэн заалтад авилга, албан тушаалын, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг оруулж, ялаас нь хасах заалтад залуучууд голдуу үйлдэн хамрагддаг хэргүүдийг  нэмэх процесс явах юм. Түүнээс хууль бүхэлдээ  буцаж байгаа гэсэн үг биш.

-Хоригийг УИХ-ын гишүүдийн хэдхэн хувийн саналаар, ямар тохиолдолд хүлээж авдаг вэ?

-УИХ-ын гишүүд хүлээж авах, үгүйг би хариулах нь оновчтой биш. Хуулиараа УИХ-ын гишүүдийн 66,6 хувь нь буюу 3/2 нь хүлээж аваагүй тохиолдолд хууль хэвээрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ нь 3/1 ээс дээш хүлээж авбал хориг хүчинтэй гэсэн үг.

-Уучлалд хамрагдсан хүн дахих өршөөгдөж болох уу?

-Өмнө нь уучлалд хамрагдсан хүн ахиж Өршөөлийн хуульд ордоггүй байсан. Эсвэл өршөөлд хамрагдсан хүн уучлалд ордоггүй зарчим баримталдаг байсан. Одоогийн энэ хуулиар урьд нь өршөөлд, уучлалд хамрагдсан, онц хүнд, давтан хэрэг үйлдсэн хүн өршөөгдөх бололцоотой байна. Тэгсэн хэрнээ өршөөлд хамрагдах бололцоотой, танил талгүй, эгэл жирийн иргэдийн хүүхэд уучлагдаж чадахгүй байна. Өршөөлийн хууль батлагдахаар тэдэн хүн суллагдана гэсэн тоо өмнө нь байдаг байсан. Тухайн тоо нь хэтэрчих гээд байсан учир ял нь хасагдах ёстой, өршөөгдөх ёстой хүмүүсийг хамруулаагүй юм болов уу гэж харж байна. Ерөнхийлөгч хээл хахуул өгсөн хэрэгт холбогдсон хүнд хориг үйлчлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хээл хахуулийг иргэд, бизнесмэнүүд л өгдөг. Ямар нэг шахаа, албан тушаалтны дарамтад орсны улмаас өгдөг учраас энэ хүмүүс дээр хоригийн асуудал хамаарахгүй. Улсад, төрд, ард түмний мөнгөнөөс авсан хэрэгт холбогдсон, хохирлын хэмжээ их байгаа хэргүүд хоригт хамааруулна гэсэн үг.

УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргавал яах вэ?

-УИХ-ын дэгд хоригийг нээлттэй хэлэлцэх заалт байгаа. Процессоороо л явна. Үндсэн хуулинд зааснаар төрийн, хувь хүний, байгууллагын нууцтай холбоотой асуудлаар л хаалттай хэлэлцдэг. Бусад нь ил тод явагддаг зарчимтай. Төрийн нууцад юуг хамааруулахыг хуулиар заасан.

-Анх удаа авилга өгсөн, авсан хүн өршөөлд хамрагдах уу?

-Энэ нь зүйл заалтаараа өөр юм. Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хувьд  анх удаа эсэх нь хамаарахгүй. Залилангийн хэрэгт  Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар иргэдийг онц их хэмжээгээр залилсан, хохирогч ихтэй байдаг. Жишээлбэл янз бүрийн сүлжээний бизнес, виз гаргах гээд маш олон хохирогчтой хэрэг байдаг. Үүнд хориг тавигдсан.

Г.ТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж