ОУОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга Клаудия Бокель өнөөдөр МҮОХ-нд зочилж, "Рио 2016" олимпийн наадмын урилгыг гардуулж өглөө. Үүнтэй зэрэгцэн Монголын жүдо бөхийн холбоо хэдхэн хоногийн дараа эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх багийн бүрэлдэхүүнээ зарлалаа.
Спортод шил шилээ дарсан чухал үйл явдлууд ийнхүү өрнөж байна. Тэдгээрээс онцлон ярих нэг сэдэв бий нь өнгөрсөн долоо хоногт үзэглэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг юм.
Манай хувийн төрлийн, топ спортуудын хүртээмж, үзүүлж байгаа амжилт өндөр төвшинд хүрч, ялангуяа бөхийн төрлүүд дэлхийн топ шигшээ багтай улсаар нэрлэгдэх болсон ч өнөөдрийг хүртэл Монголд нэг зүйл дутагдаж ирсэн нь багийн спортын амжилт юм. Анхаарал тавьж байж амжилт нэхэх нь зүйн хэрэг. Нэг хүнтэй ажиллах, нэг хүн шиг болтол нь багтай ажиллах хоёр бол тусдаа ойлголт юм. Тийм ч учраас багийн спортыг дараагийн шатанд гаргаж хөгжүүлэхэд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.
Үүний эхлэл болгож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргасанд хоккейчид, сагсчид, хөлбөмбөгчид, регбичид, гар бөмбөгчид баяртай байна.
Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулахыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Ерөнхийлөгч дээрх зарлигийнхаа хүрээнд төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг багийн спортыг дэмжих, хөгжүүлэхийг уриалжээ. Энэ маш чухал юм. Энэ жил манай багийн спортын түүхэнд, ер нь баг гэлтгүй Монголын спортын түүхэнд анх удаа 500 сая төгрөгийн гэрээ байгуулагдаж, хөлбөмбөгийн үндэсний лигийн аварга багт 100 сая төгрөгийн шагналын болзол сонсгоод буй. Спорт руу хамгийн том, түүхэн хөрөнгө оруулалт хийсэн энэ гэрээг үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Арвайн үндэс” компани үзэглэсэн билээ.
Багийн спортын бааз суурийг бэхжүүлэх дэд бүтцийг хөгжүүлнэ гэдэг хамгийн чухал.
Өөрсдийн гэсэн талбайтай, лигтэй болж, том ивээн тэтгэгчдийг олж чадсан Монголын хөлбөмбөг өнөөдөр бидний нүдэн дээр урагшилж байна. Чадлынхаа хэрээр өсвөр, залуучууд, эмэгтэйчүүд, насанд хүрэгчдийн багаа бүгдийг нь чирэн, Монголын багийн спортыг хөгжүүлэх хүнд ачаанаас үүрэлцэж байна.
Сагсан бөмбөг байна. Хэчнээн авьяаслаг, сайн тоглогч, материал байгааг өнгөрсөн жилийн Инчёны Азийн наадам хангалттай харуулж, тэдний тухай бид олонтаа ярьсан. Сагсан бөмбөгийн хоёр холбоо үл ойлголцлоо арилгачихвал одоо энэ спортын ирээдүйг ямраар ч төсөөлж болохоор байна. Сагсчид саяхан Хандгайтад будаг нь ханхалсан шинэ ордонтой болсон байна лээ. Энэ бас дэвшил юм.
Хоккейн талбай. Мөсөн талбай. Энэ бол мөсөн дээрх спортуудыг тушсан хамгийн том чөдөр юм. Битүү дээвэртэй ийм ордныг хэдэн арван жил хүлээж байгааг дахин дахин сануулмаар байна. Хэрэв тийм ордонтой болвол хоккей, уран гулгалт, тэшүүр, кёрлингийн тамирчид асуудалгүй бэлтгэл, сургуулилтаа хийх сайхан боломж бүрдэнэ. Кёрлингийн спортоор монголчууд өвлийн олимпийн наадамд амжилт үзүүлэх боломж харагддаг ч Монголд зориулалтын нэг ч заал, танхим байхгүй учир тамирчид жилдээ ганц удаа гадагшаа явж бэлтгэл хийвэл их боломж мэт санадаг.
Ерөнхийлөгч дээрх зарлигийнхаа хүрээнд төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг багийн спортыг дэмжих, хөгжүүлэхийг уриалжээ. Энэ маш чухал.
Энэ жил манай багийн спортын түүхэнд, ер нь баг гэлтгүй Монголын спортын түүхэнд анх удаа 500 сая төгрөгийн гэрээ байгуулагдаж, хөлбөмбөгийн үндэсний лигийн аварга багт 100 сая төгрөгийн шагналын болзол сонсгоод буй. Спорт руу хамгийн том, түүхэн хөрөнгө оруулалт хийсэн энэ гэрээг үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Арвайн үндэс” компани үзэглэсэн билээ.
Багийн спортыг хөдөлгөөнтэй, үргэлж хүчтэй мотортой байлгахын гол зүтгээр нь энэ. Хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэггүйгээр ямар ч сайн тамирчин хөл, гараа хүлж, боолгуулсантай адил хөдөлж урагшлахгүй. Тиймээс “Арвайн үндэс”-ийн хөлбөмбөгийн спорт, “Хүрхрээ” лигт оруулсан бодит дэмжлэгийг бусад олон компаниуд үлгэрлэж, спортын төрөл бүр дээрээ брэнд ивээн тэтгэгч болж, хамтран ажиллах нь хөгжлийн эхний алхам юм. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан тийм компаниудыг төрийн зүгээс бизнес явуулах орчин, татварын хөнгөлөлт зэрэгт нь дэмжлэг үзүүлдэг байх эргэх холбоо чухал. Нийгэм, засаг төрийн байдал хүнд хэцүү байх үед хувийн хэвшил, компаниуд л спортыг өөрсдийн нуруун дээр үүрч дүүрэн, хэдэн тамирчдаа хилийн дээс алхуулж, тэмцээнд хөл залгуулдаг байсныг эргэж бодох л хэрэгтэй.
Монголын багийн спорт тив, дэлхийд дуурссан, өндөр амжилтад хүрэх болтугай. Тэгэхийн тулд улсаараа нэг баг болж, багийн спортоо дэмжье.
Б.БАЯСАХ