Дээд боловсролын хөгжлийн хандлагын тухайд

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Дээд боловсролын хөгжлийн хандлагын тухайд

Б.ЧУЛУУНДОРЖ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль 


Монгол улсын Их хурал, Засгийн газраас дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийж Их сургуулиудын Олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газраас шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тодорхойлсон.

Дээд боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх талаар Төр, Засгаас ийнхүү анхаарал тавьж байгаа нь Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд эдгээр харилцан нягт уялдаатай салбарын хөгжилд нэн ач холбогдолтой юм.

1. Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд хиймэл оюун, ДНКмапинг, робот, нано технологи, биотехнологи, 3D принтер, IoT нь эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд эрс өөрчлөлтийн нөхцөлийг бүрэлдүүлж ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг бүтээгдэхүүн, ухаалаг хот, кибер систем нь нийгмийн амьдралын бүхий л орчинд бодит биеллээ олох боллоо.

2016 онд Дэлхийн эдийн засгийн чуулган дээрээс нэртэй бизнесменүүд, эдийн засагчид, судлаачид дэлхийн хүн амын 60 хувь нь ажиллах хүчний тоо өсөхгүй тогтмол болон хорогдож байгаа оронд амьдарч, дэлхийн тэргүүлэх 15 эдийн засаг нь глобал ажиллах хүчний 65 хувийг ажлын байраар хангаж байгааг хэлсэн. (World Economic Forum, Davos 2016, Jonas Prising, Manpower group)

Судлаачдын үзэж байгаагаар 2030 он гэхэд нийт ажлын байрны 60 хувь нь автомат горимд шилжиж 375 сая хүн ажлаа солих, эсвэл шинэ мэдлэг чадвар эзэмших хэрэгтэй болно.

Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар АНУ-д автоматжуулалтын өргөн хэрэглээ нь нэг хэвийн энгийн үйл ажиллагаатай ажлын байрны 47 хувийг эрсдэлд оруулна. (McKincey, Clobal institute, The future of work in America 2019)

Захиргаа, оффисын ажилтнууд нь үүлэн технологи, мобайл интернет хэрэглэж ажлын байр нь уян хатан болохын хамт хиймэл оюун нь багшийн мэргэжлээр ажлын байрыг багасгахад нөлөөлөх ажээ.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар Олон улсын нээлттэй худалдааны бодлого ба шинэ технологийн нөлөөнд Азид ажиллах хүчний тоо 2030 он гэхэд 15 хувиар өсөх төлөвтэй байна.

Судалгаанаас үзэхэд дараагийн 5 жилд ажил мэргэжлийн ангилалд хүчтэй өөрчлөлт гарах нь тодорхой болжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, байнгын ажлын байр, нийгмийн баталгааны асуудал эрсдэлд орж байгаа нийгмийн динамик орчинд өнөөдрийн хараагаар тодорхой ажлын байранд мэргэжилтэн бэлтгэхийн хамт зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицох чадварыг эзэмшүүлэх нь дээд боловсролын нэг гол үүрэг болж байна. /Д.В.Ефременко, О.Н.Яницкий, П.О.Ермолаева: О социобиотехническихсистемах, 2019/

Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс 2016 онд, мөн эрдэмтэн судлаачид бүтээлүүддээ Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд аль ч салбарт ажиллах мэргэжилтэн заавал эзэмшсэн байвал зохих суурь чадавхыг тодорхойлсон. Тухайлбал, 2020 онд нэн тэргүүнд шаардагдах 10 ур чадварын тоонд асуудлыг цогцоор шийдвэрлэх, эргэцүүлэн сэтгэх (critical thinking), бүтээлч чадавх, хүмүүсийг зохион байгуулах, хүмүүстэй хамтран ажиллах, сэтгэл хөдлөлийн интеллект (emotional intelligence), шүүн хэлэлцэх ба шийдвэр гаргах, үнэлэмж шингэсэн үйлчилгээг гол болгох, хэлэлцэн зөвшилцөхчадвар, сэтгэлгээний уян хатан чанарыг онцлон нэрлэсэн. /World economic forum, The future of jobs, Annual meeting in Davos, 2016/

Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд нэн шаардлагатай шинэ чадваруудыг эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой шинжлэх ухааны салбар, мэргэжлийн талаар хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдагсад дизайн, компьютерын ухаан, хүмүүнлэгийн ухаан, математик, бизнес ба менежмент, байгалийн ухаан, нийгмийн ухаан гэсэн дарааллаар ач холбогдлыг нь үнэлсэн байна. /Global Schools Leadership Alliance, 2017/

Нийгмийн дижитал орчинд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн аль ч салбарт төвлөрлийг сааруулах хандлага хүчтэй болж хэрэглэгчээс нийлүүлэгчид хүрэх горизонталь болон вертикал үйл явцын гинжин холбоо интеграцид орж байна.

Бизнес үйл ажиллагаанд нөөцийн төлөвлөлтийн (ERP) болон хэрэглэгчийг дэмжих системийн шинэ загварууд, хэрэглэгчийн инженерчлэлийн загваруудхэрэглээнд орох боллоо.

Нийтэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хүмүүсийн тодорхой хэрэгцээнд чиглэсэн, үнэлэмж нэмсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд шилжих болж бизнесийн орчинд фирм төвтэй сэтгэлгээнээс сүлжээ төвтэй сэтгэлгээний загварт шилжиж байна.

Хөдөлмөрийн зах зээлд шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хөдөлмөрийн харилцаанд тодорхой хугацаа заасан олон хувилбартай гэрээг хэрэглэх болж, байнгын ажлын байрны тухай эрх зүйн зохицуулалт өөрчлөгдөж бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний динамик орчинд хүний нөөцийн болон мэдээллийн технологийн менежментэд аутсорсинг хэрэглэх нь өргөжсөн.

Энд Нобелийн шагналт эдийн засагч РобертШиллер (Robert J.Shiller) Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд бэлэн байх тухай “Байшингаа галд өртөхөөс нь өмнө даатгалаа хийлгэх хэрэгтэй” гэсэн нь чухал сануулгыг ч дурдахад илүүдэхгүй юм.

Энэ үг нь АҮ-ийн 4-ээр хувьсгалын эринд үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, технологийн дэвшил үндэсний төдийгүй глобал сүлжээнд хэрэгжих болж Засаглалын бүх хүрээнд эрс өөрчлөлт гарахыг анхааруулж байна. Шинэ орчинд удирдлагын дээрээс доош нэг чиглэлтэй шугаман загвар үр дүнгүй болж ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан мэдрэх стратегийн удирдлагын хэв шинж зонхилох болно.

Энэ нийтлэг хандлага нь дээд боловсролд ч нөлөөлж дээд боловсролын эрэлт-нийлүүлэлтийн гинжин холбоонд эрч өөрчлөлт гарч тогтолцооны шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. /Uschi Schreiber, 2017, Schwab, 2015/

2. АҮ-ийн 4-ээр хувьсгалын орчинд дээд боловсролын тогтолцоог нийцүүлэн хөгжүүлэхэд нийгэм – байгаль – технологийн цогц системд хүний дотоод сэтгэлийн орчин, бие даасан байдал, чөлөөт сонголт гэсэн либерал ардчиллын тулгуур ойлголтуудыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээтэй нягт уялдуулсан ухаалаг бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь чухал болж байна.

Хүн амд нийтээр нь, ялангуяа өсвөрийн залуу үед нийгмийн болон технологийн дэвшлийн шинэ шаардлагад дасан зохицох чадвар эзэмшүүлэх, Z үеийнхэнд зориулсан боловсролын 4.0 хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэглээнд оруулах боллоо.

Иймээс хөгжингүй орнуудад дээд боловсролын салбарт байгалийн ухаан, технологи, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан, математикийн (STEAM) нэгдэлд тулгуурласан сургалт, судалгааны хөтөлбөрүүдийг чухалчлан хэрэгжүүлэх боллоо.

Хүний бүтээлч сэтгэлгээ, шинэ нөхцөлд дасан зохицох чадвар, сэтгэл хөдлөлийн интеллект болон төрөлхийн авьяасыг шинжлэх ухаан хоорондын уялдаанд тулгуурлан хөгжүүлж аливаа мэргэжлийг сайн эзэмших суурь нь болох зөөлөн чадвар (зарим эрдэмтэд soft ба liquid skills-г холбон үздэг)-ыг эзэмшүүлэхэд хүмүүнлэгийн ухаан чухал үүрэг гүйцэтгэх болов.

Дээд боловсролын салбарт технологийн дэд бүтэц шинэчлэгдэн виртуал орчин бүрдэж хиймэл оюуныг сургалтад хэрэглэх болсноор сургалтын танхимын бус чөлөөт хэлбэр өргөжиж хүмүүс ажлын байрнаасаа хөндийрөхгүй суралцах, мэргэжлээ дээшлүүлэх боломж өргөжиж байна.

Орчин үед виртуал лаборатори, номын сан бүхий дижитал кампус бий болж Их сургууль нь дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын платформ байдлаар хөгжиж байна. Энэ нөхцөлд дээд боловсрол ба бизнес нь хоёр урсгалтай замын горимоор харилцан, Их сургууль нь боловсрол эзэмшүүлэхийн хамт мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талбар боллоо. Алибаба, Ebay, Facebook, Google, Amazon, Wechat, Baidu зэрэг бизнесийн болон боловсролын секторын шинэ санааны платформ дээр босгосон бизнес, технологийн томчууд үүний жишээ болно.

Судлаачдын тооцоолсноор хоёр жилд мэдээллийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа энэ үед Их сургууль нь бизнесийн байгууллагатай хамтран 21-ээр зууны газрын тос гэж нэрлэгдэх их өгөгдөл боловсруулж шинжлэх ухааны солбилцол дээр мэдлэг бүтээж хэрэглээнд оруулах корпоратив сургалт, судалгаа өргөжих боллоо.

Сургалт, судалгааны виртуал орчин нь үйл ажиллагааны эрчмийг нэмэгдүүлж боловсролын үнэ өртгийг бууруулан цаг хугацааг хэмнэж, ингэснээр Их сургууль, хэрэглэгч буюу суралцагсад, бизнесийн байгууллагуудын горизонталь болон вертикал гинжин холбоо илүү үр ашигтай болж байна.

Энэ шинэ орчинд дээд боловсролын салбарт үнээ өсгөхгүйгээр чанараа сайжруулах тухай Америкийн эдийн засагч М.Портерийн (Micheal E.Porter, Competitive advantage: Creating and Sustaining Superior Performance, 1998) санааг тусган сургалт, судалгааны хөтөлбөр, чиглэлүүдээ олон хувилбартай болгон үнэлэмж нэмсэн, өөрийн брэнд хөтөлбөрүүд хэрэгжүүлж зах зээлийн динамикийг сайтар мэдэрч ажиллах нь стратеги бодлогын чухал чиглэл болжээ.

Иймээс Их сургууль, хэрэглэгч ба бизнесийн гинжин холбоог үндэсний хүрээгээр хязгаарлахгүй Олон улсын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх нь Монголын дээд боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Гадаадын Их сургуулиудтай хамтарсан хос зэрэг олгох хөтөлбөр, франчайз хөтөлбөрийг хэрэгжүүлж боловсролын үйлчилгээнд аутсорсингын хэлбэрийг өргөжүүлэх нь дээд боловсролын салбарт Олон улсын стандартыг нэвтрүүлэхийн хамт авьяас чадварын гадагшлах урсгалыг багасгах угтвар нөхцөл болно. Үүнтэй холбогдуулан боловсролын зэрэг олгох арга хэлбэр, е-сургалт, мэргэжлийн хөтөлбөр, мэргэжлийн индекс тодорхойлох хууль, эрх зүйн зохицуулалтад зарим өөрчлөлт хийх хэрэгтэй болно.

Мэдлэгийн эдийн засгийн орчинд Их сургуульд бүх түвшний сургалтын хөтөлбөрүүд судалгаанд суурилсан байх нь нийтлэг шаардлага болж байна. Энэ бол Их сургууль нь судалгаанд суурилсан сургалтаар мэдлэг дамжуулахаас илүүтэй шинэ мэдлэг бүтээх, боловсруулж хэрэглээнд оруулах чадвар эзэмшүүлэхийг чухалчлах болсныг харуулна.

Их сургуулийн өндөр эрэмбийн хөтөлбөрүүд судалгааг дэмжин өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Докторын боловсролтой мэргэжилтнүүд инноваци, технологийн дэвшлийн нэг хөдөлгөх хүчин болж энэ түвшний боловсролтой мэргэжилтнийг бизнесийн том компаниуд илүүтэй сонирхох болжээ. (A comparative analysis of graduate employment prospects in European labour market,Branine.M, Avramenko.A, 2015)

Иймээс Австрали, Тайванд үйлдвэрлэлд чиглэсэн докторын хөтөлбөр, зарим хөгжингүй оронд эмийн үйлдвэрлэлд хандсан өндөр эрэмбийн хөтөлбөр, АНУ зэрэг оронд бизнесийн хэрэгцээнд тулгуурласан биотехнологи, бизнес, санхүүгийн менежментийн докторын хөтөлбөрүүд нь мэдлэг ба инновацын хүчтэй сүлжээг бүрдүүлж байна.

Докторын зэрэгтэй тэргүүлэх судлаач бэлтгэхэд их сургууль, бизнесийн болон технологийн компаниуд хоорондын болон мэргэжлийн салбаруудын судлаачдын хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх талаар Карнегын сан, Европын төгсөлтийн дараах сургалтын төв, Фордын сан зэрэг байгууллага, сангууд томоохон санаачилгууд гарган ажиллаж ихээхэн үр дүнд хүрч байгаа жишээг ч манай Их сургууль, хүрээлэн, бизнесийн байгууллагуудад анхаарах нь зүйтэй бизээ.

Судалгаанд суурилсан, шинжлэх ухааны багтаамж ихтэй сургалтыг өргөжүүлэхэд STEAM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан, математик) хөтөлбөрүүд шинжлэх ухааны салбар хоорондын солбилцолд суурилсан, асуудал шийдвэрлэхэд чиглэсэн шинжээрээ тэргүүлэх ач холбогдолтой байна. Тухайлбал, Станфордын их сургуульд синтетик түлш, биопластик, токсикологийн асуудлыг агаарын бохирдолтой холбон судлах хими, биологи, хүрээлэн буй орчин судлалын солбилцол дээрх хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Массачусетын технологийн институт, Харвардын их сургуулиуд компьютерын ухаан, бизнесийн удирдлага, сэтгэл судлалын интегратив хөтөлбөр био эрчим хүч, био инженерийн гэх мэт тэргүүлэх шинэлэг чиглэлээр сургалт-судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлж мэргэжлийн төдийгүй “зөөлөн” чадавхыг эзэмшүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэгийн ухааны 4.0 курс нь байгалийн ухаан, инженер технологийн хөтөлбөрүүдтэй нягт уялдаж шинэ нөхцөл байдалд дасан зохицох катализатор болж сургалтын хүнийг хөгжүүлэх чиглэлийг улам хүчтэй болгож байна.

Тэргүүлэх хөгжилтэй орны их сургуулиудад Засгийн газар нь технологийн ололтыг ашиглан хүний үйл ажиллагаанд хяналт тавих боломж өргөжиж байгаа нөхцөлд хүний хувийн дотоод ертөнц, чөлөөт байдал, ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн бэхжүүлж нийгмийн, бизнесийн харилцаанд эерэг уур амьсгал, соёлыг төлөвшүүлэхэд хүмүүнлэгийн ухаан, зөөлөн чадавхын ач холбогдол улам нэмэгдэж байна.

Станфордын их сургууль нь “Станфорд 2025” төсөл боловсруулж хөдөлмөрийн зах зээл, шинжлэх ухаан, технологийн эрчимтэй өөрчлөлтийн шаардлагад нийцүүлэн төгсөгчдийнхөө мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь Их сургуулиуд насан туршийн боловсролын тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэх болсны жишээ юм.

Манай оронд өндөр эрэмбийн сургалтын хөтөлбөрүүд нь Их сургуулиуд болон ШУА, хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааны чухал талбар болж байна.

3. Мэдлэгийн нийгэмд судалгааны Их сургууль гэдэг ойлголт нь цөөн тооны брэнд Их сургуулиудын хүрээнээс хальж нийтийн болон хувийн өмчийн Их сургуулиуд судалгаа, инновацын ажлаа өргөжүүлэхдээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны зохистой харьцааг интенсив ба экстенсив хэв шинжээр ханган хөгжиж байна. (Carnegie Classification, the 2015 edition)

Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хамтын хөрөнгө оруулалтаар нээлттэй лабораториуд байгуулж эрдэмтдийн хамтарсан багууд ажилладаг нь дэлхийн тэргүүлэх орнуудын нийтлэг жишиг болжээ. Биотехнологийн салбарт АНУ-ын судлаачид дэлхийд тэргүүлж байгаа нь энэ хэлбэрийн хамтын ажиллагааны үр дүн юм. (The new normal in funding University science, Daniel J Howard, Frank M. Larid, 2013) Энд Их сургууль бизнес, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоог хангасан глобал лабораторийн сүлжээг үүсгэдэг Олон улсын туршлагыг дурдаж болно.

Энтрепрейнершип 3.0-н орчинд “Их сургууль-Start up-Корпараци” гэсэн бизнесийн шинэ хэлбэр үүсч өргөжсөн.

NASDAQ-н ерөнхий захирал В. Грейфелдиин хэлснээр start up компаниуд өнөөдөр эдийн засгийн утгаар бодит биеллээ олсон бөгөөд маргаашийн эдийн засгийг тодорхойлоход чухал үүрэгтэй ажээ. Хөгжингүй орнуудад цаг уурын өөрчлөлт, цэвэр эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, усны хангамж, эрүүл мэндийн салбарт stаrt up компаниуд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Их сургуулийн start up компаниуд нь жижиг, дунд бизнестэй хамтран ЖДҮ-ийн салбарт үнэлэмж нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Судалгаа, инновацын үйл ажиллагааг өргөжүүлэхэд санхүүжүүлэлтийн механизм онцгой үүрэгтэй. Дэлхийн тэргүүлэх орнуудын туршлагаас харахад Засгийн газраас судалгааны үр дүн, патент зэрэг оюуны өмчийг баталгаажуулан арилжааны горимд шилжүүлэх эрх зүйн механизмыг оновчтой болгосноор Их сургууль ба үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болдог.

Ийм санаачилга үр дүнд хүрдгийн бодит жишээ нь АНУ-д 2013 оноос Их сургуулиудын судалгааны ажлыг эдийн засаг, зах зээлийн механизмаар дэмжих Линкольны төсөл хэрэгжүүлж амжилтад хүрсэн явдал юм. Японд сүүлийн 10 жилд Их сургуулийн судалгааны үндсэн дээр зөвхөн нэг жилд дунджаар 1600-1800 патентыг хэрэглээнд оруулж гадаадын судлаачидтай хамтран эзэмших патент 2 дахин нэмэгдэж патентаас олох орлого нь эрс өсчээ. Англи, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй оронд их сургуулийн судалгааны ажлыг үнэлэн санхүүжүүлэхэд чанар, импактфактор, патент, хэрэглээнд орсон байдлын эдийн засгийн үзүүлэлтийг чухалчилдаг.

БНСУ, Тайван зэрэг Азийн орнуудад судалгааны ажлын 25-30 хувь нь жижиг, дунд бизнесийн байгууллагаас санхүүжиж энэ нь улмаар Их сургуулиудын гарааны компаниудын өргөжих нэг суурь болж байна. (Technology transfer, intellecfual property and effective university-industry partnerships. WIPO, 2007)

Инновацын болон технологи дамжуулах хэрэглээний судалгааг үйлдвэр, бизнесийн байгууллага илүүтэй сонирхож санхүүжүүлдэг бол нийгмийн чиглэлтэй судалгааг грантын хэлбэрээр санхүүжүүлэх нь нийтлэг байна.

АНУ-ын болон Европын орны туршлагаас үзэхэд Их сургуулийн байгалийн ухаан, инженерийн чиглэлийн хэрэглээний судалгааг санхүүжүүлэхэд бизнес, үйлдвэрлэлийн байгууллага, суурь судалгаанд Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бол нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны судалгааг бизнесийн байгууллагаас гадна Их сургууль өөрөө санхүүжүүлдэг. Гадаадын улсуудад Засгийн газрын захиалга, санхүүжүүлэлтээр хийдэг их сургуулийн судалгааны зонхилох хувь нь батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, экологи, нийгмийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг.

Дэлхийн тэргүүлэх орнуудад Их сургуулийн судалгааг зохион байгуулж санхүүжүүлдэг үр ашигтай арга хэлбэрийг судлан хэрэгжүүлэх нь шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэхэд практик ач холбогдолтой юм.

4. Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд Монгол орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дээд боловсрол, шинжлэх ухаан тэргүүлэх үүрэг гүйцэтгэх чухал цаг үе ирж байна.

Дэлхийн банкнаас гаргасан 2018 оны глобал өрсөлдөх чадварын үзүүлэлтээр болон инновацын чадавхаар 99-р, компаниудын инновацын үзүүлэлтээр 82-р, судалгааны бүтээлийг хэвлүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байдлаар 107-р, судалгаа хөгжүүлэлтийн ажилд зориулсан ДНБ-д харьцуулсан санхүүжүүлэлтээр 96-р байранд эрэмбэлэгдэж байна.

Энэ байдалд дүгнэлт хийж Монгол орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах бодит шаардлага тавигдаж байна.

Тухайн орны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээнээс залуу үе, иргэдийн боловсрол эзэмших боломж шууд хамааралтай байдаг учир манай орны Их сургуулиуд нь үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж улсынхаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үйл хэрэгт тэргүүлэн оролцох үүрэг хүлээж байна. /The shape of things to come: Higher education global trends and emerging opportunities to 2020, Going global 2012/

Судалгаа, инновацын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр БСШУСЯ-аас АХБ-тай хамтран нийтийн болон хувийн өмчийн Их сургууль, судалгааны байгууллагыг хамруулан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхэлж байгаа нь нэн чухал юм.

Манай оронд уул уурхай, газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжин хими, технологийн судалгааг өргөжүүлэх, бодит шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Эмийн үйлдвэрлэлд хувийн сектор зонхилж байгаа энэ үед өөрийн орны ургамлын болон бусад нөөцийг ашиглан эм бэлдмэл боловсруулж хэрэглээнд оруулах чиглэлээр судалгаа хийх зайлшгүй хэрэгцээ байдаг.

Монголд хөдөө аж ахуйд хувийн сектор зонхилох болсон нөхцөлд газар тариалан, мал аж ахуйд шинэ технологи нэвтрүүлэх , шинэ үүлдэр, сортыг бий болгох, малын өвчнийг анагаах, ургамлын гарцыг сайжруулах чиглэлээр хувийн сектор, бизнесийн байгууллагын захиалгаар судалгаа хийж санхүүжүүлэлтийн эх үүсвэр татах боломж бий.

Их сургуулиуд хүнсний аюулгүй байдал, том хотууд ба орон нутгийн оюуны болон соёлын нийтлэг шинжийг төлөвшүүлэх, хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн эрүүл ахуйн зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийж тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах боломж байна.

Хөгжингүй орнуудын жишгээр дижитал хүмүүнлэгийн ухаан, тархи судлалын хүрээнд, анагаах ухаан, мэдээллийн технологи ба хүмүүнлэгийн ухааны солбицол дээр хүний кибер орон зайд ажиллах чадварыг хөгжүүлэх, стрессээс хамгаалах, нийгмийн мэдээллийн экологийн орчинг бүрдүүлэхэд ач холбогдолтой чиглэлүүдийг өргөжүүлэхэд манай орны шинжлэх ухааны байгууллага, Их сургуулиуд чухал үүрэг хүлээж байна.

Нийгмийн салбарын судалгаанд, мөн үйлдвэрлэл, бизнесийн захиалгат судалгаанд гадаадын Их сургуулиудтай хамтран виртуал төслийн багууд байгуулан ажиллах боломж байна.

Зарим орон хөгжингүй орны тэргүүлэх Их сургуулиудтай шууд хамтран судалгаа шинжилгээ хийдэг (Сингапур-МТИ (MIT) хамтын түншлэл) сайн жишгийг манай оронд хэрэгжүүлэхэд ч болох юм.

Судалгаа, инновац, энтрепрейнер үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд spin off компани, роялт хэлбэрийг ашиглаж Их сургууль, хүрээлэнгүүдийн судалгааны арилжааны чиглэлийг дэмжвэл нэн хэрэгтэй байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх загвар нь шинэ үнэлэмж бүтээх загвар руу шилжиж байгаа орчин үед судалгаа инновацид суурилсан үнэлэмжийн глобал гинжин холбоонд Их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчидтэй хамтран ажиллах зохион байгуулалтын таатай бүтээлч орчинг бүрдүүлж ил тод, хамтын хариуцлагын механизм хэрэгжүүлэх нь чухал байна.

Бизнесийн эрэлт нийлүүлэлтийн орчинд нээлттэй тогтолцооны хүчин зүйл үйлчлэх учир үйл ажиллагааны хэв загварыг олон хувилбартай, орлогын эх үүсвэрийг адил олон урсгалтай болгон төвлөрлийг сааруулж бие даасан санаачилгыг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн болон татварын механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Их сургуулийн менежмент байгууллагын болон өмчийн хэв шинжээр хязгаарлагдахгүй, шинэ төлөвт шилжиж байгаа нөхцөлд Их сургуулиуд нь бизнес, үйлдвэрлэл, судалгааны хүрээлэнтэй хамтран мэдлэгийн hub байгууланажилладаг жишгийг ч манай нөхцөлд хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Мэдлэгийн нийгэмд интанжибл (оюуны) капитал үнэд орж, байгууллагын удирдлага нь лидер, хамтран бүтээгч байж, хэрэглэгч нь үйлдвэрлэл, үйлчилгээнд хувь нэмэр оруулагч, ажиллагсад нь хамтран зүтгэгч байж Их сургууль нээлттэй системийн төлөвт шилжиж байгаа (Trends in industry-university relationships, 2016) энэ нийтлэг хандлагыг Монгол орны нөхцөлд нийцүүлэн хэрэглэх нь Монголын дээд боловсролын академик орчинг боловсронгуй болгоход нэн хэрэгтэй юм.

Дээд боловсрол, судалгаа, инновац, бизнесийн шинэ эко тогтолцоог бүрдүүлснээрМонголын Их сургуулиуд, ШУА-ын хүрээлэнгүүд үндэсний бизнесийн байгууллагуудтай хамтран, мөн хөгжингүй орнуудын Их сургуулиуд, эрдэмтэдтэй нягт холбоотой ажиллаж улсынхаа хөгжилд илүү жинтэй хувь нэмэр оруулах болно.

Б.ЧУЛУУНДОРЖ

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж