Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал өнөөдөр /2019.09.27/ Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар оролцож, их хурлын төлөөлөгчдөд хандаж үг хэллээ. Нэгдсэн хуралдааныг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл удирдаж байна. 800 гаруй эрдэмтэн, судлаач салбарынхаа ололт, амжилт, алдаа дутагдлаа дүгнэн төрөөс батлан хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэн, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралд оролцогчдад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр, өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Аль ч Засгийн газар “шинжлэх ухаанаа дэмжинэ”, “шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ” гэж амладаг ч “мөнгөтэй болохоороо дэмжинэ” гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Монгол хүн оюуны өндөр чадавхитай гэдгийг дэлхийд харуулж байгаа өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэж Ерөнхий сайд үзэж байна. Засгийн газар цаашид шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавхи, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг хэлэв.
Эрдэмтэн судлаачдын санал санаачлага, ирээдүйн төсөл төлөвлөгөөг сонсохоор энэ зөвлөгөөг зохион байгуулж байгаад баяртай байна. Эрдэмтдийн санаа сэдлийг төр засаг нь анхааралдаа авна гэдгээ Ерөнхий сайд хэлж байгаад баяртай байна. Шинжлэх ухааны 100-гаад жилийн хугацаанд манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа нь баяртай ч юм уу, балагтай ч юм уу хэлэхэд хэцүү юм. Шинжлэх ухаанаа манай улс сүүлийн 30 гаруй жил орхигдуулж, төсөв ч бага тусгасаар ирлээ. Эрдэмтэн судлаачдынхаа оюун бодлыг төрийн бодлогодоо ашиглаж ирсэн түүхтэй ард түмэн бид. Чингис хаан, түүний угсааны хаад ч улс орноо жолоодохдоо эрдэмтэн судлаачдыг хажуудаа авч, мэргэн ухааныг нь түшиглэж, шинжлэх ухааныг хөгжүүлж байсан. Бидэнд шинжлэх ухаан, технологийн нөөц боломж бүрдсэн. Гэвч судалгааны үр дүнг ашиглахгүй байгаа. Шинжлэх ухаанд зарцуулж байгаа хувь ДНБ-ний 0.12 хувь байгаа нь цалингаас нь өөр зүйлд зарцуулалт хийдэггүй нь жишээ юм. Ядаж ДНБ-ий 1 хувьтай тэнцэх төсвийг шинжлэх ухаанд зарцуулъя. Шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй улс орны хэмжээнд биш гэхэд бусад энгийн хөгжилтэй орнуудаас доогуур түвшинд байгаагаа анхаарах цаг болжээ. Эрдэмтэн судлаачид маань өөрсдийн сэтгэл зүтгэлээр ажиллаж ирсэнийг хэлэх хэрэгтэй. Монголын шинжлэх ухааны ойрын болон хэтийн төлвийн талаар хэлэлцэж, зөв зохистой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна хэмээв.
Шинжлэх ухааны салбарт 4300 орчим хүн ажилладаг бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 549 орчим байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага гэсэн үг юм.
Өнгөрсөн онд энэ салбарт 36 тэрбум төгрөг зарцуулсан нь Ази тивийн дунджаас 10, дэлхийн дунджаас 14 дахин доогуур байна гэж
2018 оны статистикийн мэдээгээр, шинжлэх ухааны салбарт нийт 4,277 хүн ажиллаж байгаагийн 75,8 хувь буюу 3,246 нь үндсэн орон тооны, 24.2 хувь нь гэрээт ажилтан байна. Үндсэн ажилтан, албан хаагчдын 44 хувь нь буюу 1,917 эрдэм шинжилгээний ажилтан байгаагийн дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 109, боловсролын доктор (Ph.D) 724, магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтан 1071 байгаа нь нийт эрдэм шинжилгээний ажилтны 58.6 хувийг бүрдүүлж байна. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд тэдний төлөөлөл болсон 800 эрдэмтэн судлаач оролцож байгаа юм. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага, эдгээрээс 35 төрийн өмчийн, 7 хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, 10 төрийн өмчийн, 13 төрийн бус өмчийн их сургуулиуд идэвхитэй оролцож байна. Мөн тэдгээрийн дэргэд 30 гаруй гарааны компани судалгаа шинжилгээний үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний төлөөллийг их хуралд хамруулж чадсан гэж зохион байгуулагчид үзэж байна. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацид хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөх зорилготой юм.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хандлагаа өөрчилье” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр бодит ахиц дэвшил гаргах, нийгмээс шинжлэх ухаанд хандах хандлагыг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн хурал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Хандлагаа өөрчлөх”-ийг уриаллаа. Аливаа зүйлд хандах хувь хүний ч бай, нийгмийн оюун санааны ч бай хандлага ямар байхаас тэрхүү зүйл нь цаашдаа сайнаар ч, саараар ч танигдах, хөгжин дэвших, эс хөгжин доройтох, шагшигдан магтагдах, гоочлон муулуулах, хэрэгжиж биелэлээ олох эс бөгөөс гацаж саатан зогсохын салаа замын нэгнээр замнах болдог нь хэнд ч нууц биш юм. Тийм болохоор бид төр засгийн буюу бодлого шийдвэр гаргах түвшиндээ ч, хэрэгжүүлэх түвшиндээ ч шинжлэх ухаанд хандах “Хандлагаа өөрчилье” гээд хэд хэдэн зүйлийг онцлов.
Нэг: Бодлого, шийдвэр гаргах, хөгжлийн бодлого боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, тооцоололгүй хандах, гадны хөгжлийн бодлогыг шууд хуулбарлах байдал түгээмэл байна. Үүний зэрэгцээ бодлогын шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, тооцооллыг зөв тусгаж боловсруулахад чиглүүлж ажилладаг төрийн мэргэшсэн институцийн тогтолцоо сул байна. Ийм учраас судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, төрийн бодлогын харилцан хамаарал, уялдааг хангах чиглэлд дорвитой алхмууд хийх цаг болжээ.
Хоёр: Сүүлийн жилүүдэд Монголын эрдэмтдийн бүтээл дэлхийн түвшинд үнэлэгдэж, хэвлүүлсэн бүтээлийн тоо жилээс жилд тогтмол өссөөр байна. Сүүлийн 10 жилийн дотор Монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өссөн. Жилийн дундаж өсөлт нь 9 хувь байна. Скопуст /Scopus/ бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын эгнээнд орж, манай эрдэмтдийн бүтээлээс 64.0 мянга гаруй удаа ишлэл хийгдээд байна. Шинжлэх ухаан технологийн салбарт маань чадварлаг эрдэмтэн судлаачид олон байгаа ч салбарыг бүхэлд нь авч үзвэл судалгааны бүтээмж, хүртээмж чамлалттай хэвээр байна. Цаашид эрдэм шинжилгээний ажилчдыг чадавхижуулах, ахисан түвшний суралцагсдыг судалгаа боловсруулалтын ажилд татан оролцуулах, сургалтыг нь оновчтой, үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах шаардлага байна. Энэ чиглэлд их сургуулиуд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Гурав: Улс орны хөгжлийг тодорхойлох нэгэн үзүүлэлт болох нэг хүнд ногдох шинжлэх ухаан, боловсролын хөрөнгө оруулалтын үзүүлэлт АНУ-д 100 ам.доллар, Японд 900 ам.доллар, Финландад 800 ам.доллар бол Монголд 1 ам.доллар байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын практикаас харахад, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн 20 хувийг цалинд, 80 хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулдаг бол, манай улсын хувьд 67,3%-ийг цалин, тогтмол зардалд, үлдсэн 32,3%-ийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Энэ байдлыг өөрчилье!
Дөрөв: Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшхи 30 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биологийн идэвхтэй бэлдмэлийн туршилт үйлдвэрлэлийн цех болон Шинжлэх ухааны судалгааны нэгдсэн лаборатори гэсэн 3 барилгыг бариулж ашиглалтад оруулсан. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарч, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг гадаадын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэх ажлыг эрэлхийлэн ажиллаж байна.
Тав: Төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбар хоорондын түншлэлийг шинэ шатанд гаргах, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал нэн чухал болоод байна. Шинжлэх ухаан, технологийн түншлэлийг хөгжүүлэхэд нэгдүгээрт, төр, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, түншлэлийг эргэн харах, хоёрдугаарт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нягтруулах, гуравдугаарт, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түншлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэх шаардлагатай болжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг илтгэлийнхээ төгсгөлд “Цаашид бид юуг хэрхэн хийх вэ?” гэсэн асуулт тавиад, хандлагаа өөрчилж, хамтаараа хийх дараах зүйлсийг уриаллаа.
• Төр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилье,
• Шинжлэх ухааны салбарт нөөцийг төвлөрүүлье,
• Судалгааны их сургуулийг байгуулъя,
• Шинжлэх ухааны салбарт дэлхийн түвшний манлайлагчдыг бэлтгэе,
• Аж үйлдвэрийн IV хувьсгалд өөрсдийгөө бэлдье,
• Хамтран ажиллах соёл төлөвшүүлье,
• Шинжлэх ухаанчаар сэтгэдэг хандлага бий болгоё.
Холбоотой мэдээ