Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан хаагчиддаа зориулсан ээлжит мэдээллийн цагаараа Байгууллага, нэгж, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, дүгнэх талаар шинэчлэгдсэн загвар, аргачлалаар заавар зөвлөмж өгч, нийслэлийн хэмжээнд хөтлөгдөж буй UB ERP нэгдсэн системийн ашиглалтыг жигдрүүлэх, үйл ажиллагаандаа ашиглаж ажиллахад шаардлагатай мэдээллүүдийг өгөв.
Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд дээрх мэдээллийн дагуу албан хаагчид аливаа үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, UB ERP нэгдсэн системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.
Мөн “Төрийн албан хаагчдын манлайлан оролцох шаардлагатай нэн чухал ажил нь Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах юм” гээд сайжруулсан түлшний хэрэглээ, борлуулалт түгээлтэд хяналт тавих хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хариуцсан хороодтойгоо уялдаатай ажиллахыг даалгалаа.
Нийслэл дүүргийн хэмжээнд хурал, зөвлөгөөн сургалтад оролцогчид “QR” буюу “Түргэн хариу өгөх” кодыг ашиглан ирцээ бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ удаа албан хаагчид тус кодыг ашиглан ирцээ бүртгүүллээ. Энэ нь цаг, цаас хэмнэх, тайлан мэдээ нэгтгэх, албан хаагчдын хариуцлага сайжрах зэрэг олон давуу талтай юм.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР