Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ эрхлэгчдийн нөхцөл байдлыг судалж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын тогтоолоор тус орчинд энэ онд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх шийдвэртэй.
Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж удаа дараагийн уулзалт хийж, анхааруулга, мэдэгдлийг хүргүүлсэн боловч үйлчилгээ эрхлэгчид нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхгүй эсэргүүцсээр байна.
Энэ удаагийн хуралд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөөлөл оролцон дүүргийн ажлын хэсэгтэй хамтран ажиллаж хууль, журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авч, маргаашнаас буюу 2019.08.01-ний өдрөөс тус хэсэг рүү машин, механизмыг оруулахгүй байх, худалдаа үйлчилгээг зогсоох чиглэлээр ажиллахаар боллоо.
Эх сурвалж: СБД