Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонын ажлын албанаас Сүхбаатар дүүргийн 9, 15-20 дугаар хорооны хэсгийн ахлагчдад зориулан сургалт зохион байгууллаа.
“Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах”-аар нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааг эхлүүлжээ.
Энэхүү ажлын хүрээнд 4208 судлаач нийслэлийн гэр хорооллын 97 хорооны 230 мянган өрхөөс судалгаа авах юм.
Эхний түвшинд салбарын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, хоёрдугаар түвшинд тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн Хурлын төлөөлөгч хамрагдах бөгөөд гуравдугаар түвшинд хянагчаар оролцогч хорооны Засаг дарга, тухайн дүүргийн холбогдох мэргэжилтнүүд орох бол сүүлийн түвшинд судалгаа хийх ажилтнууд байх юм байна
Судалгаанд уламжлалт цаасан суурьт технологи бус ухаалаг гар утасны аппликейшныг ашиглана. Уг аппликейшн нь “Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан”-д суурилсан байна. Судалгаагаар нийслэлийн гэр хорооллын иргэдийн орон сууцны төрөл, дулаан алдагдал, халаалтаа шийдсэн хэлбэр, цахилгааны хэрэглээ, цахилгааны аюулгүй байдал, сайжруулсан зуух хэрэглэдэг эсэх, түлшний хэрэглээ, үнс болон хаягдлыг хэрхэн зайлуулдаг, жорлонгийн төрөл, тоо, хашаандаа бохирын цооногтой эсэх зэрэг амьдрах орчны мэдээ мэдээллийг цуглуулах юм.
Энэхүү аппликейшны давуу тал нь орон зайн байршлыг тодорхойлон, бүртгэл хийх, өгөгдөл мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, мэдээллийн сан руу шууд хандах, өгөгдөл мэдээлэл оруулах ажиллах хүчин болон цаасан суурьт хэвлэлийн зардлыг хэмнэж судалгаа авсан ажилтны оруулсан судалгааны өгөгдөл, мэдээллийг нэгтгэн дүгнэж, график, диаграмм, тоон үзүүлэлт зэргээр үр дүнг харуулах боломжийг бүрдүүлнэ.
Судалгаа хийх ажилтнуудад интернэтэд хандах эрх бүхий ухаалаг утас зайлшгүй хэрэгтэй бөгөөд тус аппликейшны хаяг руу хязгааргүй хандалт хийх боломжтой дата, Скайтел, Жи-мобайлын сүлжээнд үнэгүй яриа, мессеж бичих боломжтой Скай-92 дугаарыг өглөө.
Эх сурвалж: СБД
Холбоотой мэдээ