Венесуэл дэх Николас Мадурогийн засгийн газрыг дэмжиж байна хэмээн АНУ есдүгээр сарын 26-ны Пүрэв гаригт олон жилийн турш дайсагнасан хэвээр байгаа Кубын Ерөнхийлөгч Раул Кастро болон түүний хүүхдүүдэд хориг арга хэмжээ авчээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Кубын зэвсэгт хүчний нэгдүгээр нарийн бичгийн даргын хувьд Кастро Венесуэлийн хуучин удирдагч Мадурогийн хүчирхийлэл, сүрдүүлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагааг дэмжиж байгаадаа хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдээд, Мадуро бол хууль ёсны бус удирдагч гэж үзэж буй Трампын засаг захиргааны байр суурийг дахин нотолсон байна.
Помпео "Кубын аюулгүй байдлын албаны гишүүд Венесуэлд Мадурогийн цэрэг, тагнуулын ажилтнуудтай хамтран хүний эрхийг зөрчиж, гутаан доромжилж, тэр дундаа эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон" гэж нэмж хэлжээ.
АНУ тэргүүтэй дэлхийн 50 улс өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилсөн, тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж, Мадурогийн 2018 онд явуулсан дахин сонгуулийг хууль бус хэмээн үзсээр байгаа аж.
Куба, Орос, Хятад, Венесуэлийн төрийн тэргүүнүүдийн дэмжлэгийг авсан Мадуро нь Гуайдо болон АНУ-ыг Венесуэлд төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгажээ.
Помпео АНУ-ын хориг арга хэмжээний хүрээнд Кастро болон түүний ойр дотныхон, гэр бүлийн гишүүдийг АНУ-д нэвтрэхийг хориглож байна гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн департаментынхан энэхүү хоригтоо Кастрогоос гадна түүний хүүхдүүд болох Алехандро Кастро Эспин, Дебора Кастро Эспин, Мариа Кастро Эспин, Нилса Кастро Эспин нарыг багтаажээ.
Помпео Кастрог ч мөн мянган мянган куба иргэдийг хууль бусаар саатуулж хорьсон, улс төрийн хоригдол нэрийн дор 100 гаруй хүнийг хорьж байгаад буруутай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Кубын засгийн газраас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ажээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ