БНХАУ бол ядууралтай яаж тэмцэж болдгийг харуулж чадаж байгаа орон. Жилд 10 сая хүнийг ядуурлаас гаргаж байна гэсэн судалгаа гарчээ. Хятадын Засгийн газар 2020 он гэхэд ядуурлаас бүрэн ангижирна гэсэн зорилт тавьсан юм. Тэд ядууралтай ямар аргаар тэмцэж байна вэ. Энэ сэдвээр бид БНХАУ-ын “Ядуурлыг бууруулах сан” ТББ-ын дэд захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Лиу Вэнь Күйтэй ярилцлаа.
-Эхлээд ядуурлыг бууруулах сангийн үйл ажиллагааг товч тайлбарлахгүй юу?
-Сан анх 1989 онд байгуулагдаж байсан. Сайн дурын үндэс дээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага. Хятад улсын хамгийн том сангийн нэг. Байгууллагын эрхэм зорилго бол сайн үйлийг дэлхий нийтэд түгээх юм.
Сангийн жилд эргэлдэх мөнгө 700 сая юань хүрдэг.
Манай сангийн бүх хөрөнгө хандиваас бүрддэг. Сан маань боловсрол, эрүүл мэнд, барилга, байгалийн гамшиг гэсэн үндсэн дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулдаг.
-Тухайлбал эдгээр салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Бид эрүүл мэндийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Учир нь хүн өвдсөн тохиолдолд ажилгүй болдог. Ажилгүй болохоор ядуусын эгнээнд ордог. Тиймээс эрүүл мэндийн даатгалд иргэдийг ихээр хамруулдаг. Ингэснээр тухайн хүн хүнд өвчин туслаа гэхэд даатгалтай байснаар улсаас 100 хувь хариуцана. Барилга бүтээн байгуулалтын салбараар дамжуулан бид ядуурлыг бууруулна гэж үзсэн. Хятад улсын хувьд иргэдийн ядуу байх бас нэг шалтгаан бол амьдарч буй газрынх нь дэд бүтэц юм. Тиймээс тухайн газрын дэд бүтэц, үйлдвэрлэлийг шийдэж өгснөөр тэд ажилтай болдог. Энэ салбарын аж, ахуй нэгжүүдийг мөн дэмжиж ажилладаг. Энэ нь үйлдвэрлэл явуулахад мөнгө болон арга зүйн талаас тусламж үзүүлдэг гэсэн үг юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээл олгож, маш олон хүнийг ядуурлаас гаргасан жишээ байгаа. Мөн манай сан байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийнханд бүхий л төрлийн туслалцаа үзүүлдэг.
Боловсролын салбарт хэд хэдэн томоохон төсөл хэрэгждэг. Жишээлбэл: “Хайрын төсөл” төслийн хүрээнд багш сурагчдад цалин, тэтгэмж олгох, сургууль барих мөн амьдралын түвшин доогуур хүүхдүүдийг хоол хүнсээр хангах, хичээлийн хэрэгсэл зэргийг өгдөг. Энэ төсөл Хятад улсад хэрэгжээд арваад жил болсон байна. 2007 оноос бид төслөө өргөжүүлж, хөгжил буурай Ази, Африкийн орнуудад үйл ажиллагаа явуулах болсон. Харин Монгол Улсад бид энэ жилээс төслөө хэрэгжүүлж эхэлж байна.
-Яагаад Монгол Улсад туслахаар шийдэв, ямар салбарт үйл ажиллагаа явуулах вэ?
-Монгол Улс бол манай найрсаг хөршийн нэг. Одоогоор бид эхний ээлжинд “Хайрын илгээмж” төслөө хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд бид тавдугаар сард ирж судалгаа хийгээд, энэ есдүгээр сараас эхлэн сургуулиудаар хэрэгжүүлж эхэллээ. Цүнх, хичээлийн хэрэгсэл, тоглоом гэх мэт нийт 105 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Энэ төсөл хэр үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу гэдгээс шалтгаалж дараагийн төслөө хэрэгжүүлэх юм.
-Яагаад "Хайрын илгээмж" гэж нэрлэх болов, уучлаарай, шашны байгууллагын үйл ажиллагаа ихэвчлэн ийм нэртэй байдаг л даа?
-Учир нь гадаадын Олон улсад илгээж буй тусламжинд Хятадын хүн бүрийн хувь нэмэр, зүрх сэтгэл шингэсэн байдаг. Тиймээс бид “Хайрын илгээмж” гэж нэрлэсэн. Энэ бол ямар нэгэн шашны үйл ажиллагаа биш. Бид иргэдээс ирэх сайн дурын хандивын тусламжаа "Алибаба" компаниар дамжуулж авдаг. Энэ бол цэвэр сайн дурын үйл ажиллагаа.
-Энэ төсөл Монголд хэрэгжээд эхэллээ гэж байна. Ямар сургуульд тусламж илгээсэн бэ, үүнд Монголын талаас холбогдох байгууллагууд хэрхэн хамтарч байна?
-Өчигдөр бид Налайх дүүргийн сургуулиудаар явж тусламжаа түгээж эхэлсэн. Тэгэхэд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өөрийн биеэр очиж, “Хайрын илгээмж”-ийг хамтдаа тараасан. Бид их талархаж байгаа. Ер нь манай төслийг төрөөс дэмжих үүднээс Гаалийн татвараас чөлөөлж, сургуулиудаар тараахад тээврийн зардлыг нь гаргах зэрэг маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Мөн хамтран ажиллах байгууллагуудтай холбож өгч байна.
-БНАХУ сүүлийн жилүүдэд иргэдээ ядуурлаас бууруулах хөдөлгөөнийг маш үр дүнтэй явуулж байгааг бид мэдээллийн хэрэгслээр үзэж байна. Ядууралтай хэрхэн, яаж тэмцэж байна вэ, ямар үр дүнд хүрсэн бэ?
-Би төр төлөөлж ярьж байгаа юм биш шүү. Өөрт байгаа мэдээллээ хүргэж байна. Манай улсын удирдагч Ши Жинпинь дарга сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах уриалгыг гаргаж, нийгмийг бүхэлд нь хамруулах хөдөлгөөн өрнүүлсэн. Төрийн бодлого даргын удирдлага доор байгаа салбар бүрт маш оновчтой хүрч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, ядуу хүмүүсийг бүс нутгаар нь судлах тусгай комисс гарч ажилласан.
Уг комисс хөдөлгөөн эхлэх жил Хятад улсад 82 сая 500 мянган ядуу иргэн байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Нэг жилд дунджаар 10 сая хүн ядуурлаас гарч байна гэсэн судалгаа бий. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улсад одоо 16 сая ядуу иргэн байна. Энэ жил буюу 2019 ондоо дахиад 10 сая хүнийг ядуурлаас гаргана. Ингээд үлдсэн 6 сая хүнийг ирэх жилдээ багтаж ядуурлаас гаргах буюу БНХАУ 2020 он гэхэд ямар ч ядуу хүнгүй орон болгох төлөвлөөний дагуу төр засаг ажиллаж байна.
Энэ үйл ажиллагааг явуулахад Ши Жинпинь дарга таван төрлийн арга ашигладаг. Үүнд: Үйлдвэрлэлийн арга, жижиг суурингуудыг нэгтгэх, залуу боловсон хүчнүүдийг алслагдсан хотуудад ажлын байраар хангах, бүс нутгийн давуу байдлыг ашиглан хөгжүүлэх зэрэг юм. Хэрэв та бүхэн анзаарсан бол эдгээр аргууд нь хөдөлмөрийн чадамжтай хүмүүст түшиглэж хийгдэх ядуурлыг бууруулах арга юм. Ядууралд мөн насанд хүрээгүй өнчин хүүхдүүд өртдөг. Эдгээр хүүхдийг ирээдүйн чадварлаг боловсон хүчин болгохын тулд боловсролд нь анхаарч, ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Энэ үүднээс ар гэрийн байдлаас болж сургууль завсардсан, өнчин хүүхдүүдийн сургалтын төлбөрийг даах, үдийн цай өгөх, хэрэглээний мөнгө олгох зэрэг олон төрлийн тэтгэмж, тусламж үзүүлдэг. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшин настай хүмүүсийг ядуурлаас гаргахын тулд улсаас тухайн бүс нутгийн амьдралын өртгийн хамгийн бага хэмжээгээр улсаас тогтсон хугацаанд үргэлж мөнгөн тусламж өгдөг. Ерөнхийдөө, Хятадын төрөөс жил бүр 100 тэрбум юаныг иргэдэд хандив маягаар бэлэн тараадаг. Мөн нэг их наяд юаны эд материалын тусламж өгдөг.
Ядуурлыг бууруулах өөр нэг арга нь бүс нутгаар судалж, нэгийг нөгөөд хариуцуулах байсан. Тодруулбал, Хятад улсын зүүн хэсэг илүү хөгжилтэй, харин баруун хэсгийн хотууд сайн хөгжөөгүй, дэд бүтэц муу. Тиймээс зүүн хэсэгт байрлах Шанхай, Бээжин, Шинжинь зэрэг хотууд баруун хэсгийн жижиг хотуудыг дагуул хот болгохоор хариуцаж авсан. Мөн энэ зарчмаар том аж, ахуй нэгж, компаниуд жижиг хот, суурингуудын эдийн засгийг сайжруулах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, том хотууд болон аж, ахуй нэгж компаниуд хөгжил буурай муж, хот, суурин тосгодоо хариуцаж авч, хөгжүүлэх юм. Ингэхийн тулд өөрсдийн суурин төлөөлөгчөө тухайн газруудад илгээж, газар дээр нь биечлэн ажиллаж байна.
-Ямар хүнийг ядуу гэж тодорхойлоод байна вэ, ядуурлаас гарлаа гэдгийг яаж тооцож байна вэ?
-Хоёр төрлийн үзүүлэлтээр ядуу гэж тодорхойлдог.
Нэгдүгээрт, хөдөлмөрийн чадамжтай хүний нэг жилийн орлого 3747 юанаас хэтрэхгүй буюу өдрийн 1,5 ам.долларын орлоготой. Хоёрдугарт, гэр орон, хоол хүнс, хувцас хэрэглэл, сургууль соёл, эмнэлгийн зардал гээд таван хэрэгцээг өөрөө дааж, хангаж чадахгүй бол ядуу гэж ойлгодог.
Мэдээж эдгээр наад захын хэрэглээгээ хангаж чадах хэмжээнд хүрвэл ядуурлаас гарлаа гэж үзэж байна.
-Монголд та хэдэн дахь удаагаа ирж байна, ирэх бүртээ юу анзаардаг вэ, ядуурлыг бууруулахад ер нь ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Монголд би анх удаа ирж байна. Ирээд би юу анзаарсан бэ гэвэл Монголын ирээдүй гэрэлтэй байна. Учир нь Монголчууд хүүхдийнхээ боловсролд маш сайн анхаарч байна. Өчигдөр би хотын даргаас та нар ирээдүйд яаж хөгжих вэ асуусан юм. Тэр хариулахдаа “Бидний хувьд хамгийн үнэтэй эрдэнэ бол хүүхдүүд” гэж хариулсан. Энэ хариулт миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Дээр нь Монгол хүүхдүүд маш нээлттэй, илэн далангүй юм байна лээ. Хотын том дарга ирэхэд хэн ч айж, эмээсэн зүйлгүй, яг л өөрийнхөө ар гэр, ах эгч нь юм шиг дотно байсан. “Хайрын илгээмж”-ийн бэлгээ өгөхөд хүүхдүүд маш их баярласан. Нэг охин бүр тоглоомоо өхөөрдөж, тэврээд дахих дахин үнсээд сэтгэлээсээ баярлаж буй нь илт байв. Энэ бичлэгийг бид Wechatad байрлуулахад маш их хүн үзэж, олон сайхан эерэг сэтгэгдэл үлдээсэн байсан. Би хувьдаа эдгээр хүүхдүүд том болоод нийгэм дээр гарахад Монгол Улсын ядуурал арилах байх аа гэж бодож байна. Учир нь Монголын ирээдүй гэрэлтэй өсөж байна шүү дээ.
Холбоотой мэдээ