“Home plaza” орчмын авто замыг өргөтгөх ажил ирэх сард дуусна

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

“Home plaza” орчмын авто замыг өргөтгөх ажил ирэх сард дуусна

“Home plaza” орчмын авто замыг өргөтгөх ажил ирэх сард дуусна

Замын цагдаагийн гүүрэн гарцны замын хөдөлгөөн нээгдсэнээс хойш иргэд “Home plaza” төвийн зүүн талд замын түгжрэл ихээр үүсэж байна. Дөрвөн замын уулзвар хийвэл түгжрэл нь арай багасах болов уу” гэх санал гомдлыг хэлэх болсон. Үүний дараа “Home plaza” төвийн газрыг чөлөөлөх арга хэмжээ авагдсан. Иймээс бид газар чөлөөлөлтийн ажил дууссан уу, уг газарт чөлөөлөлт хийгдсэнээр түгжрэл хэр хэмжээгээр буурах боломжтой вэ гэдэг асуудлыг хөндөн, сурвалжилгаа бэлтгэлээ.

Замын цагдаагийн гүүрээр урагшаа давангуут “Home plaza” төвийг тойрох хэсэгт багагүй түгжрэл үүссэн харагдана. Зарим жолооч бие биедээ зам тавьж өгөлгүй огцом урагшилснаас машинаараа шүргэлцэж, түгжрэлийг улам нэмж байв.

“Замын цагдаагийн өргөн гүүр даваад л “Home plaza” төвийн орчимд зам нь нарийхан болж, түгжрэл үүсч эхэлдэг. Хүмүүсийн ажил эхлэх, тарах цагаар энэ хэсгийн зам таг гацдаг. Би сая зөвхөн гүүр давахын тулд 30 минут болж байна” хэмээн жолооч Н.Баяраа бухимдангуй хэлж байлаа.

Сурвалжлах баг “Home plaza” төв дээр очиход тус төвийн хашааг буулгаж, ар тал болон зүүн талд зам өргөсгөх ажлыг БНХАУ-ын компанийн ажилчид хийж байв.

HOME PLAZA” ТӨВТЭЙ ЗӨВШИЛЦӨЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ХИЙСЭН”

Тус төвийн зүүн талд есөн метр өргөн байсан газрыг 14 метр болгож газар чөлөөлсөн гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлсэн юм. Ингэснээр төвийн хойд талын замын хөдөлгөөн хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон нэмж өргөсөх гэнэ. Харин зүүн талд нь сөрөг урсгалаар явуулахаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хийж байгаа аж. Энэ ажлыг аравдугаар сарын 4-нд бүрэн хийж дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Х.Оргилсайхан мэдээлэл өгөхдөө “Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. “Home plaza” төвийн хэсэгт замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн учраас тус төвтэй зөвшилцсөний дүнд ар тал болон зүүн хэсэгт нь газар чөлөөлөлтийг хийсэн. Газар чөлөөлөлттэй холбоотойгоор хашааг нь буулгаж, шугам кабелийг шилжүүлж, тухайн хэсгийг хатуу хучилттай болгох ажлыг гүйцэтгэж байна.

Ер нь “Home plaza” орчмын газрыг хөдөлгөөн зохион байгуулалтад төлөвлөчихсөн байсан учраас гүүрэн гарцны бүтээн байгуулалтын ажлын хүрээнд үргэлжлүүлэн хийж байгаа юм. Замын цагдаагийн гүүрэн гарцны бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаагүй зөвхөн үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээсэн. Тэрнээс биш гүүр нээснээс хойш иргэдийн санал гомдлоор хийж байгаа ажил огт биш. Ирэх жил гүүрний явган хүний зам, гэрэлтүүлэг гэх мэт тохижилтын ажлыг хийнэ” гэсэн юм.

“HOME PLAZA” ТОЙРСОН  ОГТЛОЛЦОЛ ҮҮСЭХГҮЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

 “Home plaza” төвийн ойр орчмын замын хөдөлгөөн их ачаалалтай байдаг. Одоо жолооч нар энд бүр их түгжирдэг болсон. Замын цагдаагийн гүүрийн бүтээн байгуулалтын үеэр түгжрэл арай бага байсан” талаар замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч ярилаа.

Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх  асуудлыг шийдвэрлэхээр  ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй гэдгийг албаныхан хэлж байв.

“Home plaza” тойрсон замын хөдөлгөөний ачааллын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн  Б.Зоригоо мэдээлэл өглөө. Тэрбээр “Тээврийн цагдаагийн албаны баруун талын гүүрэн гарц одоогоор бүрэн ашиглалтад ороогүй байгаа. Гэхдээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зөвхөн шулуун чиглэлийн хөдөлгөөн буюу урдаас хойшоо, хойноос урагшаа гэсэн чиглэлд тээврийн хэрэгсэл явахаар зохицуулсан.

Энэ гүүрийг нээснээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч байна гэж үзэж байгаа боловч өнгөрөгч долдугаар сард УАА гэсэн шинэ сери задарч, 9999 олгож дууссан. Хоёр сарын дараа дахин УАЕ шинэ сери задарсан. Эндээс харахад хоёрхон сарын дотор 10 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд шинээр орж байна гэсэн үг. Тус төвийн замын тойрог хэсэг дээр ажлын цаг эхлэх буюу өглөө 07.30 цагаас 10.00 цаг хооронд урдаасаа хойшоо чиглэлд төв зам руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Харин ажил тарах цагаар төвөөсөө гадагшлах хөдөлгөөн их ачаалалтай болдог” тухай ярилаа.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж