МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамтатган хийх талаар прогноз явуулж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Олон нийтийн дунд болон улс төрийн хөшигний ард энэ тоо 35-47-ын хооронд хэлбэлзэж, ам дамжсаар байна. МАН-ын генсек ч хэд хэдэн удаагийн уулзалтууд хийж, гишүүн бүртэй уулзаж, ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудлаар яриаг өнгөрсөн өдрүүдэд идэвхтэй хийсэн.
Ц.НЯМДОРЖ Г.ЗАНДАНШАТАРЫГ ПАРЛАМЕНТ САМРАХ ГЭЛЭЭ ХЭМЭЭН ЗАГНАЖЭЭ
МАН-ын бүлгийн өчигдрийн хуралд 20 гаруйхан гишүүд байсан бөгөөд асуудлыг олонхоороо хэлэлцэхийн тулд бүлгийн хуралдааныг хойшлуулж, Даваа гаригт шилжүүлсэн. Тэгвэл бүлгийн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргыг загнасан гэнэ. Ц.Нямдорж сайдын хувьд ээлжит бус сонгууль явуулахыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ ч удаа дараа илэрхийлсэн. Тиймээс УИХ-ын даргыг ээлжит бус сонгууль руу намынхнаа турхирч, төр самрах гэлээ хэмээн ширүүхэн загнажээ.
ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙГ ДЭМЖИХ КНОП ХҮРЭХГҮЙ БАЙНА
Ийн уулзалт хийсэн МАН-ын генсек өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож өнгөрсөн өдрүүдэд хийсэн прогноз, намын гишүүдтэй хийсэн уулзалтаа тайлагнажээ. Тэрбээр бүлгийн хуралдаанд намын удирдлагууд ээлжит бус сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаа гэдгийг тодотгожээ. Гэвч ээлжит бус сонгууль явуулахыг дэмжих гарын үсэг 51 хүрэхгүй байгаа, мөн МАН дотор олон гишүүд эсэргүүцэж байгаа учраас ээлжит бус сонгууль дэмжлэг авахгүй байгааг гишүүддээ дуулгажээ.
МАН-ынхан ээлжит бус сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард болох Ард нийтийн санал асуулгатай хамтатган хийхээр “зориг” шулуудсан боловч намын дотоод эв нэгдэлгүйгээс дэмжигдхээргүй болсон бололтой. Гэхдээ тэд ээлжит бус сонгууль зохион байгуулахыг хэрэв 51 гишүүн дэмжвэл явуулна гэдэгтээ бат итгэлтэй байсан ч олон нийтийн, гишүүдийн, нам доторх эсэргүүцлээс болоод ийнхүү ээлжит бус сонгууль явуулахааргүй болж байна гэдгийг МАН-ын олон гишүүд хэлж байна.
Ш.ЧИМЭГ