Төр самарч мэдэх САЛАЛТ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Төр самарч мэдэх САЛАЛТ

Төр самарч мэдэх САЛАЛТ

 Эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй нөхцөж чадна гэж ил шударгаар хэлсэн хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Есүс шавь Петртээ “Азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантай үгүйсгэнэ” гэсэнчлэн нэгэн цагт “андалж” явсан Н.Энхбаяр, М.Энхболд нараас жишим ч үгүй урвасан Ц.Нямдорж сайд Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хэнийг нь хэзээ хаяхыг цаг хугацаа харуулах биз. Тэр ямартаа ч унаж яваа хүнд дургүй.

Нэг.

  Жамын юм жамаараа, цагийн юм цагтаа гэж үгтэй. Х.Баттулга У.Хүрэлсүхээс урвасан, У.Хүрэлсүх Х.Баттулгаас урвасан болохыг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн телевизэд 60 тэрбумын гол төлөөлөгч Ц.Сандуй ярилцлага өгсөн нь  тохиолдлын явдал лав биш. Товчхондоо, М.Энхболд, Х.Баттулга хоёр аль  хэдийн гар барилцсан болох нь эндээс харагдаж байгаа.  Эсрэгээрээ Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр тэврэлдсэн гараа тавьцгаасан гэсэн үг юм.

Тэгэхээр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын тавьсан андын тангараг нь тонгорог болж мэдэх цаг нь иржээ.

 Шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. “Мөнхийн найз үгүй, мөнхийн дайсан гэж үгүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг бий” гэсэн өнцгөөс харвал тэднийг бас буруутах аргагүй. Тэдний нөхөрлөлд цэг тавигдах болсон нь өнөөгийн тогтолцооны алдаа юм.

Эрх мэдлийн хуваарилалт нь энэ тэнцүүхэн институци хоорондын зөрчил болоод өнөөдрийн хагас Ерөнхийлөгчийн ба хагас парламентын засаглалын том гажуудал Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрыг тойрсонгүй. Тэд ямар сайхан найзууд байлаа ч, тогтолцооны гажуудал нь тэднийг хамгийн том дайснууд болгон хагаралдуулж чадна. Үүнээс болж 16 Ерөнхий сайдын зургаар Төрийн ордны хана дүүрчихсэн билээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөддөг. У.Хүрэлсүх парламентын засаглалыг дэмждэг. Адилхан характертай, аль, аль нь том амбицтай, нэг шүтээнтэй. Гэхдээ хоёулаа Монголын Путин болж чадахгүй. Х.Баттулга уу, У.Хүрэлсүх үү, эндээс тэдний зөрчил эхэлсэн.

Тиймээс МАН-ынхан өнгөрсөн гурван сар ноцолдсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон жил зорьсон гол концепцио суулгаж өгөөд засаглалын хямралыг цэгцлэх, цэглэх ёстой байсан юм. Хэрэвзээ, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлаж, Ерөнхий сайддаа гүйцэтгэх засаглалынх нь эрх мэдлийг бүрэн өгчихсөн бол Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрт булаацалдах эрх мэдлийн зөрчилдөөн гарахгүй байв.

Саармаг тогтолцоог өөрчлөх улс төрийн эр зориг гаргаагүй нь У.Хүрэлсүхийн алдаа. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэж тэр өөрөө хэлээгүй бил үү.

Хоёр.

Корпорэйт зочид буудалд өчигдөрхөн болсон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн форумд Ерөнхийлөгч илгээлт хүргүүлэхдээ ЖДҮ-гийн гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэхгүй гэдгээ зарласан нь У.Хүрэлсүхтэй эв хагарсны бас нэгэн дохио юм.  Ардын намын ЖДҮчид түүний хавханд байгааг З.Энхболдоор дамжуулсан анхааруулга нь байлаа. ЖДҮ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол эмзэг цэг. Х.Баттулгын давхар шуудагны барьц нь. У.Хүрэлсүхийн танхимын цөөнгүй сайд, 33 бүлгийн олон гишүүд ЖДҮ-гийн ялтай. Намынх нь гал тогоог хариуцаж буй журмын дүү Д.Амарбаясгалан хүртэл ЖДҮчин зүүсгэлтэй. Тиймээс Ерөнхийлөгч өнөөдөр Ерөнхий сайдын хамгийн сул, гол цэг рүү нь хамгийн том өрсөлдөгчтэй нь хамтраад байгаа чиглүүлжээ.

Үндсэндээ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх болон ард нийтийн санал асуулгад хориг тавьсан нь Ерөнхийлөгчийн давхар, давхар мэхнийх нь нэг хувилбар юм. Х.Баттулга У.Хүрэлсүхийг бодвол улс төрд хий багатай, тооцоо сайтай мэх хийдэг. Гэтэл У.Хүрэлсүх өөрөө УИХ-ыг тараана гээд ахиад нэг барьц өгчихсөн. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх тэнэг хүн Х.Баттулга лав биш.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтээс санал асуухаар болсон нь Ерөнхийлөгчид аль ч талаараа ашигтайгаар эргэсэн. Хориг тавьсан нь   дараа, дараагийн улс төрийн нүүдэл суудлаа давхар тооцсоных. Хэрэвзээ, Ардын намын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард нийтээс дэмжлэг авахгүй бол Ерөнхийлөгчийн засаглал гэх түүний шунал бодитойгоор амилж мэднэ. Харин ард нийтээс дэмжлэг хүлээвэл Х.Баттулгын нүүдэл парламентын ЖДҮчид рүү чиглэх нь гарцаагүй. Ямар ч талаасаа У.Хүрэлсүхийг муухай харагдуулах сценариа толгойдоо боловсруулчихсан яваа биз.

УИХ-ыг тараах санаачилгаасаа болоод У.Хүрэлсүхийн намынхан Ерөнхийлөгчид давхар шуудагдуулчихсан нь үнэн. Ерөнхийлөгч Х.Баттулгад У.Хүрэлсүх унах, УИХ тарах аль, аль нь  ялгаагүй, улс төрийн хувьд ашиг харах нүүдэл болсон.

У.Хүрэлсүх унавал Х.Баттулга улс төрийн хамгийн том өрсөлдөгчөө дарж авна. Хоёрхон жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын хамгийн том өрсөлдөгч нь У.Хүрэлсүх. Хувь улстөрчийн рейтинг нь өөрийнхөөс нь өндөр байгаа гэвэл шүү дээ. Хар массын хайртай хоёр фигурын хувьд.

УИХ-ыг  У.Хүрэлсүх тараавал ухсан нүхэндээ өөрөө унаж мэднэ. Ерөнхийлөгч Х.Баттулга барьцаа ахиулахаар зүтгэнэ. Дараагийн парламентыг бүрдүүлэхгүй байх бүх боломжийг эрэлхийлнэ. Энэ тохиолдолд ялагдал нь У.Хүрэлсүхэд, ялалт нь Х.Баттулгад ирнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зургийг Ерөнхийлөгч ордны хананд өлгөнө. Иймээс Ардын намд өнөөдөр эв нэгдэл хамгаас чухал болжээ.

Үгүй бол андгай тавилцсан ах дүү хоёрын эрх ашгийн төлөөх тэмцэл нь төр самрах САЛАЛТ болж мэдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
12
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж