Гэр хорооллын 50 мянган өрх түлш худалдан авах чадваргүй

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын 50 мянган өрх түлш худалдан авах чадваргүй

Гэр хорооллын 50 мянган өрх түлш худалдан авах чадваргүй

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан /НИТХ/ өчигдөр /2019.09.26/ болж, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Танилцуулгыг Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хийсэн юм.

Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайжруулсан, хатуу түлшний “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан нийт есөн шугам ашиглалтад оруулан, бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа ажээ. Төв аймгийн Сэргэлэн суманд сайжруулсан хатуу түлшний түүхий эдийн нөөц бүрдүүлэн ажиллаж одоогоор 650 мянган тонн түүхий эд нөөцлөөд байгаа гэнэ. Сайжруулсан түлшийг нийслэлд борлуулалтын 500 гаруй цэг, 40 агуулахаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа бөгөөд эдгээрээс 340 борлуулагч, 36 агуулахтай гэрээ байгуулаад байгаа аж. Түүнчлэн 1000 тонноос дээш түлш нөөцлөх таван агуулахыг нийслэлийн төсвийн 3.7 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бол 57 байршилд түлшний саравч байгуулахаар ажил хийгдэж дуусаад байгаа ажээ.

Сайжруулсан түлшийг картаар борлуулах ажлыг туршиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 163369 өрхийг хамруулсан байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр халаалтын зуухаар халаалтын асуудлаа шийдвэрлэж буй барилга байгууламжуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлуудыг хийжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 084, 124 дүгээр ангиудыг төвлөрсөн дулаан хангамжид холбосон бол Зэвсэгт хүчний 065 дугаар ангийг төвлөрсөн дулааны шугамд холбох ажил хийгдэж байгаа аж. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн VII хороонд байрлах “Хилчин хотхон”-ыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэж байгаа нийт барилгыг холбох гэнэ. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт  зуухыг буулгаж,  барилгыг төвлөрсөн дулаанд холбох техникийн нөхцөлийг ирүүлээд байгаа юм байна.

Агаарын чанарыг сайжруулах бүсийн цэцэрлэгүүдээс нам даралтын зуухыг цахилгаан бага хэрэглэдэг бойлуур болон бусад эх үүсвэрээр солих цэцэрлэгийн жагсаалтыг гаргажээ.

Танилцуулгатай холбогдуулан Төлөөлөгч Б.Бямбадоржийн зүгээс хэлэлцэж буй асуудалтай холбогдох мэргэжлийн байгууллагуудыг хуралд оролцуулж байх шаардлага тавьсан. Мөн өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийн VII  хороонд байрлах “Хилчин хотхон” болон Баянхошуу дэд төвийг дулааны төвлөрсөн шугамд холбох ажлыг яаравчлуулах шаардлагатай байна гэсэн юм.

Тэгвэл Төлөөлөгч Д.Баттулгын зүгээс мөн мэргэжлийн байгууллагуудыг оролцуулах хэрэгтэй байгааг хэлээд “Хамгийн чухал зүйл энэ өвөл Улаанбаатар хотын айл өрхүүд гал алдах вий. Жилдээ 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэсэн байгаа. Гэтэл үйлдвэрлэж нөөцөлсөн түлшний хэмжээ нийслэлчүүдийн ачааллыг даах уу гэдэг эргэлзээтэй байна. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа яваарай. Нөгөөтэйгүүр нийслэлд 50 гаруй мянган өрх сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй, дугуй бусад зүйлс шатаах зэргээр агаар бохирдуулдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Эдгээр өрхүүдэд халамжаар сайжруулсан түлш өгөх үү, ямар замаар сайжруулсан түлшээр хангах вэ гэдгээ сайн тооцоорой” хэмээж байв. Түүнчлэн Төлөөлөгч П.Баярхүү “Аливаа шинэ ажил хийхэд алдаа оноо гарна. Эрсдэлээ урьдчилж хараад, шийдлийг зөв тодорхойлоод явах ёстой. Нам даралтын зууханд сайжруулсан түлш түлж болохгүй байна гэдэг асуудлыг иргэд яриад байгаа. Энэ мэт зүйлс дээр шийдэл хайгаад, ажил болгоод уян хатан байдлаар ажлаа төлөвлөөд явах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр агаар орчны бохирдолтой тэмцэх асуудал дан ганц сайжруулсан түлшний асуудал биш. Бусад ажлууд зогсонги байдалтай байгааг анхаараарай. Нийтийн тээврийг сайжруулах асуудал бол агаарын бохирдолтой тэмцэж байгаа бас нэг чухал ажил. Энэ бүхнийг нийлүүлж, багцалсан бодлогын ажлаа танилцуулаач” гэлээ. Тэрбээр мөн Сонгинохайрхан дүүргийн 2000 өрхийн дулааны асуудлыг уураар шийдэх хүчин чадал байна. Ийм боломжийг байсаар байтал ашиглахгүй, ганцхан нүүрс яриад байж болохгүй. Засгийн газрын 62 дугаар тогтоолтой холбогдох бусад нэмэлт ажлуудаа хиймээр байн гэсэн юм. Төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Иргэдийн бодит амьдралыг мэдэхгүй, ойлгохгүй байж амьдралаас хол юм ярьж байна” хэмээн шүүмжилсэн. Тэрбээр сайжруулсан түлш нэвтрүүлэхээс гадна дулааны асуудлыг цахилгаанаар шийдвэрлэх асуудлыг ярих хэрэгтэй гэлээ. Нөгөөтэйгүүр сайжруулсан түлшний чанарын асуудлыг “Таван толгой нүүрс” ХХК-тай ярих ёстой, халаахгүй бол өвөл яах вэ гэсэн бухимдал их байна гэсэн асуудлыг хөндөж байв.

Д.Мөнхжаргал “Халахгүй байгаа асуудал дээр нэр хаяг утастай иргэдийн саналыг хүлээн авч байгаа. Судалгаа хийх экспертүүдийг ажиллуулж, судалгаа хийж байгаа” гэсэн хариулт өгөв. Эл асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Үйлдвэрлэлт, нөөцлөлт, түгээлт гэсэн гурван чухал асуудал дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Борлуулалт хийж буй 340 гаруй цэг дээрээ ямар нөөцтэй байх, борлуулах цэгээс айл өрхүүд рүү очихдоо ямар түгээлт, зохион байгуулалтаар очих вэ гэдгээ маш оновчтой тодорхойлоод яваарай. Аливаа шинэ ажилд бэрхшээл гардаг. Шийдлийг зөв тодорхойлж, эрсдэлийг нарийн тооцож ажиллах учиртай. Энэ өвөл утаа багасах эсэх та бүхний ажлын үр дүнгээс харагдана. Асуудал бүрт анхааралтай хандаж, шийдлийг оновчтой гаргаад яваарай” гэсэн юм. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаас Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хэд хэдэн үүргийг тэмдэглэлээр өгсөн. Гарч болох эрсдэлийг нарийн тооцож, шийдлийг зөв тодорхойлон ажлаа зөв зохион байгуулах, нөөцөлсөн түлшийг их хэмжээгээр авах шаардлагаас үүдэн үйлдвэрлэлийн түвшинд түлшний чанар муудах асуудал гарахад анхаарах, борлуулалтын ажил гүйцэтгэж байгаа иргэдээс 2 000 000 төгрөгийн барьцаа авах асуудлыг судалж, өөр арга хэлбэрээр шийдвэрлэх гарцыг хайж хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж