Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс уг асуудлыг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. АН-ын бүлгийн дүгнэлттэй холбогдуулан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 50.2 хувь нь “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Ийнхүү хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Төлөөлөгч Б.Сүхбаатар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэрхэн тусгасан бэ. Дахин төлөвлөлт нэрээр баахан хөрөнгө мөнгө гаргаад, дэд бүтэц татаад ашиглахгүй, дутуу хаясан асуудлууд гарсан. Энэ асуудал ямар байдлаар тусгагдав” гэсэн асуулт тавьсан. Үүнд, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Ерөнхий төлөвлөгөө эцсийн байдлаар батлагдсаны дараа үйл ажиллагааны төлөвлөгөө гарч, ямар ажил хийхээ нарийн тусгаад явна. Гэхдээ таны хэлж буй зүйлтэй санал нэг байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний хувьд өмнөх алдааг давтахгүй, шинжлэх ухааны үндэстэй, концепцынхоо хүрээнд, тооцоо судалгаатайгаа уялдуулж явах нь зүйтэй” хэмээн хариулсан юм. Тэгвэл Төлөөлөгч Э.Бат-Үүлийн зүгээс УИХ-аар хөгжлийн чиг хандлагыг авч хэлэлцээд энэ асуудалд хаалт тавьчихсан байгаа. Тийм байхад бид хэрэгжихгүй ажлын даалгаврыг өөрсдөдөө өгөх гээд байх шаардлага байхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэгвэл Төлөөлөгч Л.Нарантуяагийн зүгээс 2020 оны төлөвлөгөөний үнэлэлт дүгнэлтээ ярилцаад, алдаагаа давтахгүйн тулд ямар зүйлсийг хийх талаар судалгаа, тооцоогоо ярилцсаны дараа эл асуудлыг ярих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн 2020 оны хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг цаасан дээр 29 хувь гэж байгаа ч бодит байдал дээр ямар байгааг мэдэх боломжгүй хэмээлээ. Түүнчлэн Төлөөлөгч Б.Бямбадорж Улаанбаатар хотод мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа асуудалд анхаарах хандуулж, төлөвлөлтөө мэргэжлийн түвшинд, тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хийгээрэй гэсэн юм. Харин Төлөөлөгч П.Баярхүүгийн хувьд сэргээгдэх эрчим хүчний асуудал, хувийн хэвшлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх санааг маш сайн тусгаж өгөх ёстой гэсэн юм.
Төлөөлөгч Ж.Алдаржавхлан “Ирэх 20 жилд нийслэлийн жанжин шугамыг тодорхойлох гэж байгаа учраас сайн ярилцаж, зөв бодлого гаргах ёстой. Тэргүүлэх стратегиа тодорхойлоод явах нь зүйтэй. Дагуул хотууд байгуулах асуудлыг тэргүүлэх стратеги болгох хэрэгтэй. Том гүүрүүд тавихын оронд дагуул хотоо байгуулах, хөгжүүлэхэд анхаараад явах хэрэгтэй. Хэрэв дагуул хотуудад таатай орчин бүрдээд ирвэл заавал хот руу зүтгээд байх шаардлага гарахгүй” гэсэн саналыг хэлж байв. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын хувьд тэргүүлэх чиглэлээ хэрхэн тусгах нь чухал гээд Үйлдвэрлэгч хот байх, эдийн засгаа өсгөх, хувийн хэвшлийг дэмжих ямар санаа тусгаж байгааг асуусан.
Төлөөлөгч Ч.Баттулга “Хэлэлцэж буй асуудлын тухайд 2040 онд нийслэлд хэдэн хүн амьдрахыг зөв тооцоолж байж бодлого зөв явна. Гэтэл та бүхэн энэ асуудлаа зөв тодорхойлоогүй, хүн амынхаа тоог тодорхой болгоогүй байна. Үүнийг тодорхой болгож байж хотын хөдөлгөөн ямар байх вэ, хэчнээн нийтийн тээвэр шаардлагатай гэх мэтчилэн асуудал гарч ирнэ. Нөгөө талаар цахилгааны хангамжийн тухайд 2040 онд 1200 мв цахилгаан хэрэглэнэ гэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Дор хаяж 2000 мв шаардлагатай болно. Энэ мэтчилэн бүх зүйл чинь шал худлаа тусгачихсан байна. Ингээд харахаар наад ерөнхий төлөвлөгөө чинь цаашаа явахгүй ээ. Хоёрт, Нийслэлийн эрх зүйн байдал чинь нэг мөр гараагүй байна. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа тодорхой болгож байж наад ерөнхий төлөвлөгөө чинь тодорхой болж ирнэ. Тиймээс асуудлыг хойшлуулах горимын санал гаргая” гэлээ.
Төлөөлөгч Ж.Батсайхан “Төлөвлөгөөг цаасан дээр гоё хийж болно. Хэрэгжилтийг нь хангах тал дээр гол анхаарлаа хандуулаач. Шинэ хотын асуудлыг хамтад нь авч явах ёстой. Энэ талаар концесс боловсруулах боломж байна уу” гээд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар ажлаа сайжруулах шаардлага байгааг хэлсэн.
Төлөөлөгч П.Баярхүү “Амьдралын таатай орчин бүрдсэн хот” болно гэдгийг оновчгүй тодорхойлолт байна гэлээ. Үүний оронд “Иргэний хэрэгцээ шаардлагыг хангасан хот” байх гэж тусгах хэрэгтэй гэлээ. Нөгөөтэйгүүр нийтийн тээврээ 2040 онд эрчим хүчний хомсдолд орж, цахилгаан нийтийн тээвэр, цахилгаан машин руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Тиймээс үүнийг бид зөв тооцож тусгах ёстой гэсэн юм. Одоогоор гурван автобус цахилгаан болгосон, цаашид энэ тоо нэмэгдэнэ. Үүнийг хангахад цахилгаан станцууд дангаараа шийдэхгүй, тиймээс эрчим хүчний асуудлаа, нийтийн тээврийн асуудлаа нарийн судалгаатай тусгах ёстой гэсэн юм. Нийслэл бусад улсын хотуудтай өрсөлдөхүйц барилга байгууламж, давхар зам, гүүр, явган хүний гарц, хөдөлгөөний огтлолцол, инженерийн байгууламжууд зэргийг нарийн тусгах учиртай гэлээ. Тиймээс ажлын хэсэг гаргаад дахин боловсруулъя гэсэн санал хэлсэн.
Ц.Одонтунгалаг нийтийн тээврийн чиглэлээр метро, BRT нэвтрүүлэх талаар яагаад ярихгүй байгаа юм бэ. Нийтийн тээврийг төрийн өмчийн байгууллагуудаар хариуцуулаад авч явахгүй бол бизнесийн байгууллагууд ашгаа бодохоос үйлчилгээг сайжруулах тал рээ учир дутагдалтай ханддаг учраас анхаарах хэрэгтэй гэсэн юм. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх тал дээр тодорхой зүйлийг тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Сайжруулсан гэр сууц байна гэсэн нь 20 жилийн дараа гэртээ амьдарч байна гэсэн үг, ийм байж болохгүй гэлээ.
Ж.Батбаясгалан “Энэ ажил 2017 оноос хойш хийгдсэн. Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа хийгээд явж байгаа. Концепц батлах асуудал бол Засгийн газрын бүрэн эрх. Үүн дээр Тэргүүлэгчид хуралдаад ээлжит хуралдаанаар нээлттэй ярья гэж оруулж ирсэн. Маш олон хүний хөдөлмөр орсон. Тиймээс буцаая гэх зүйл байхгүй. Ажлын хэсэг байгуулаад ажиллах нь зүйтэй. Буцаая хэлэлцэхгүй, батлахгүй гэсэн ойлголт, эрх байхгүй. Харин Төлөөлөгчдөөс гарсан саналыг нэгтгээд тусгаад, сайжруулаад явна” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Энэ бол нийтийн эрх ашгийн тухай асуудал. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлт саналаа ээлжит хурлаараа дахин оруулж ирж хэлэлцэх нь зүйтэй” гэсэн санал гаргав.
Ийнхүү өнөөдрийн хурлаас тус концепцыг дэлгэрүүлэн боловсруулж, сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн байгуулан дүгнэлт гаргаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар дахин хэлэлцэж, Засгийн газарт өргөн барих нь зүйлтэй гэсэн шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ