МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар өнөөдөр /2019.09.26/ мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Би сэтгүүлчийнхээ хувиар энэ хэвлэлийн хурлыг хийж байгаа юм шүү. Миний ард улс төрийн ямар нэгэн хүчин, бүлэглэл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээн онцолсон юм.
А.Бүрэнбаатар "Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч ажлаа хийхгүй, улс төрийн ажил хийгээд байна. Иймээс Сэтгүүлчдийн түр зөвлөл байгуулж, Монголын сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах хэрэгтэй. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ байгууллагыг хувийн компани шигээ ажиллуулж байна. Энэ хүн хувь, хувьсгал хоёроо ялгаж байх ёстой. Өнөөдрөөс гурван сарын өмнө МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Сэтгүүл зүй худалдагдсан, Иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой сэтгүүлчид худалдагдсан нь үнэн гэж хэлсэн. Би үүнтэй тэмцэнэ, зогсохгүй гэсэн. Гэтэл эрхэм ерөнхийлөгч маань Уул уурхайтай тэмцэхээс өөрөөр унасан салбарынхаа нэр хүндийг өргөх, өөрийнх нь хэлснээр аврах ажиллагаа огтоосоо хийсэнгүй. Монголын бүх сэтгүүлчийг худалдагдсан гэж хэлснийхээ төлөө биднээс уучлалт гуйх ёстой. Ингэж хэлснийхээ төлөө ажлаа өгөх ёстой. Мөн Х.Мандахбаярыг дураар нь дургиулаад байдаг Удирдах зөвлөл бас тарах ёстой.
Удахгүй улс төрийн сонгууль болно. Тэр цагт энэ хүн манай салбарыг ямар болгосон байхыг таашгүй. Би харсаар байгаад хамтдаа хар нүх рүү унахыг хүсэхгүй байна. Салбарын нэр хүнд шороотой хутгалдаад байхад энэ хүн яг юу хийж байна вэ. Өчнөөн хөрөнгө оруулалт хийсэн гэж ярьдаг боловч сэтгүүлчид бидэнд МСНЭ-ийн хийсэн ажлаас юу наалдав. Энэ байгууллагын санхүүгийн тайланг ил болгохыг шаардана. Шаардлагатай бол Аудит оруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн мэргэжлийн холбоодын Түр зөвлөл байгуулж Монголын сэтгүүлчдийн онц Их хурлыг хуралдуулахыг уриалж байна. Өнөөдрөөс эхэлж гарын үсэг цуглуулах болно” гэв.
Э.БУРАМ