Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аас наймдугаар сарын 11-ний өдөр баталсан. Энэ талаар МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас дараах асуултад хариулт авлаа.
-УИХ-аас Өршөөлийн тухай хуулийг албан ёсоор ирүүлсэн үү?
-2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ. Холбогдох хууль, журмын дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэх байх.
-Энэ удаагийн Өршөөлийн тухай хууль өмнөх өршөөлийн тухай хуулиас юугаараа ялгаатай вэ?
-УИХ-аар 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн байдлыг үл харгалзан ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан. Энэ нь ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд зааснаас бусад бүх тохиолдолд өршөөлд хамрагдаж суллагдах боломжийг ялтнуудад бий болгосон.
Түүнчлэн 1991-2009 оны хооронд гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан болон уучлагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй байхаар зааж байсан.
Гэтэл 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар дээрх төрлийн зохицуулалтыг огт тусгаагүй бөгөөд үүнээс үүдэн гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ялтан өршөөлд хамрагдах боломжтой болохоор байна. Энэ бол өмнөх Өршөөлийн тухай хуулиудад баримталж байсан зөв зүйтэй зарчмаас ухарсан алхам болж байгаа.
Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ.
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригт зөвхөн Авилга, албан тушаалын гэмт хэргүүдэд хориг тавьж байгаа юу?
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдалд агаарын хөлөг авч зугтаах, Терроризмыг санхүүжүүлэх зэрэг манай улсад бараг үйлдэгддэггүй гэмт хэргүүд орсон байна. Гэтэл энэ зүйлд авлига, албан тушаалаа урвуулсан ашигласан гэх зэрэг ноцтой хэргүүдийг оруулаагүй орхигдуулсан байна.
Хэрэв Өршөөлийн хууль Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүй хэрэгжвэл энэ явдал үнэхээр хортой үр дагавартай, аюултай. Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал үндсэндээ замхрах болоод байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа.
-Ерөнхийлөгч хэлэхдээ залилан мэхлэх гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй байх нь зүйтэй гэж мэдэгдэж байсан. Энэ талаар та тодруулга өгөөч?
-Тийм ээ. Энэ асуудлаар Ерөнхийлөгч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 148.4-т заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ өндөр, иргэн, аж ахуй нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулж, хохирол нөхөн төлсөн тохиолдол тун бага байдаг учраас энэ зүйл ангийг Өршөөлд хамруулах боломжгүй гэж үзэж байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 148.4-өөр шалгагдаж байгаа нийт 116 гэмт хэрэг байна. Эдгээр гэмт хэргийн цаана 5559 хохирогчийн эрх ашиг, нийт 93 тэрбум гаруй төгрөгийн хохирлын асуудал замхрах болоод байна.
-Өршөөлийн тухай хуульд хамруулах боломжтой гэмт хэргүүд байна гэж үзсэн үү?
-Сая батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасахаар зохицуулсан. Тус зүйлд дурдсан гэмт хэргүүдэд зарим төрлийн гэмт хэргүүдийг тусгах шаардлагатай гэж үзсэн. Эдгээрт Танхайрах (ЭХ-ийн 181.3), Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах (ЭХ-ийн 96.1, 96.2), Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (ЭХ-ийн 147.2) гэмт хэргүүд орж байгаа. Энэ төрлийн гэмт хэргүүдийг ихэнхдээ ядарсан, зовж зүдэрсэн, танил талгүй эгэл жирийн ардын хүүхэд, та бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуус маань гэнэн томоогүй дэврүүн, зангаасаа болж үйлдсэн байдаг. Тухайлбал 96.1-ээр 440 гаруй залуучууд ял эдэлж байна. Эдгээрийн дийлэнх нь 18-25 насны хүүхэд залуус байгаа бөгөөд тэд торны цаана хоног тоолон хүлээн сууж байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, өмнөх Өршөөлийн хуулиудад тусгагдаж ирсэн төрийн бодлого, зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа гэхэд Өршөөлийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах уу, мөн хоригийг хаалттай хэлэлцэх үү?
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй авч хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авбал Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох эсхүл холбогдох нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулах ёстой.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
Эх сурвалж: www.president.mn
Холбоотой мэдээ