Р.Гончигдорж: Бизнесийн орчныг эрүүлжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж: Бизнесийн орчныг эрүүлжүүлнэ

Хоёр долоо хоног үргэлжилсэн ээлжит бус чуулганаар нэлээн маргаан дагуулсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан билээ. Энэ хуулийн талаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос авсан товч тодруулгыг та бүхэнд хүргэе.   

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хүмүүс олон талаас нь харж байна. Таны хувьд пэмжсэн байр суурьтай байгаа юм байна. Дэмжиж байгаагийн учир шалтгаан юү вэ?

-Энэ хуулийн төслийг дэмжих хоёр шалтгаан бий. Сэлэнгийн нэг иргэн тэнд байгаа архинд орчихсон хүмүүст хамаг хөрөнгөө зарж, тэднийг ажилтай болгох, зөв амьдруулах гэж хичээж байгааг нь хүүхдүүд нь хараад “Та үүнийхээ оронд бидэнд хөрөнгөө үлдээгээч ээ” гэхэд “Та нарт хөрөнгө үлдээх нь чухал биш ээ, та нарыг эрүүл сайхан улсуудын дунд үлдээж чадах юм бол миний зорилго биелж байна гэсэн үг” гэж хэлсэн тухай уншиж байсан.

Үүнтэй адил өнөөдөр бид бизнесийнхээ орчныг эрүүлжүүлэх тухай ярьж байна. Хэрэв би бизнес эрхэлдэг бол эрүүл бизнесийн орчинд ажиллах л миний ажлын амжилтын гол үндэс болно. Гэтэл нэг жаахан юм нуучихсан, хаачихсан. Нуусан юмтай учраас шударга бизнесийн орчинд ил болж орж чаддаггүй. Тэр нь бусад бизнес эрхлэгчдэдээ “хар” орчныг бий болгодог. Энэ байдал чөлөөт эдийн засгийг маш ихээр хойш татаж байна. Тийм учраас ямар ч бизнес эрхэлж байгаа хүнд, тэр тусмаа шударга бизнес эрхэлж байгаа хүмүүст бусад нь шударга орчинд ороод ирэх шиг сайхан зүйл байхгүй гэж бодож байна. Ингэх цаг нь болсон.

-Хүмүүс хөрөнгөө нуун дарагдуулахад хүргэсэн нь төрийн буруу гэж та үзэж байгаа юм байна. Нэгэнт нуусан хөрөнгийг хуулиар ил болгох хууль баталж буй нь алдаагаа зассан хэрэг гэж үзэж болох уу?

-Ийм байдалд хүргэсэн төрийн буруу үйл ажиллагаанууд бий. Тухайн үед зохиогүй татварын бодлого, тухайн үед нь мэдэрч хийгээгүй зах зээлийн бодлогууд, бусад янз бүрийн хууль тогтоомжуудын ээдрээтэй талууд бий. Тийм учраас одоо бизнес, эдийн засгийн орчноо цэвэр болгох нь хамгийн чухал зүйлийн нэг. Хоёрдугаарт, өнөөдөр жаахан юм нуусныг нь мэддэг түүгээр нь барьцаалчихсан тийм байдлууд байгааг бүгд мэдэж байгаа. Зарим хүмүүсийг өөрийн эрхшээлдээ байлгах мөн тогтмол хэмжээний орлогоо далд байдлаар олж чадах тийм эрх мэдэл байсаар байгаа. Ингэснээр төрийн үйл ажиллагааны ил тод байдал улам сайжирна. Хамгийн чухал үр дүн, ач холбогдол нь үүнд байгаа юм. Тийм учраас ийм хоёр зүйл чухал. Шударга бизнесийн орчинд шударга үйл ажиллагаа явуулах эдийн засгийн орчныг нь сайжруулъя. Бас нэг байдалд орчихсон, тэрнээсээ улам хүнд байдалд орж гүнзгийрээд байгаа улсыг тэр нүхнээс нь нэг удаа гаргаж ирээд, гэрэл гэгээтэй газар тавьчихъя. Ийм байдлыг нь эрх мэдлээрээ далимдуулан ашиглаж, орлогоо нэмэгдүүлэх гэдэг байдлыг таслан зогсооё. Үүнд л энэ хуулийн гол ач холбогдол байна. Эдийн засгийн ил тод байдал сайжирснаар төрд орох ёстой, бусдад хүртээмжтэй байх ёстой орлого энэ хэмжээгээр нэмэгдэж арвижна. Төр өршөөл үзүүлж байгаа нь нэг талаас тэднээс уучлал гуйж байгаа хэлбэр юм шүү.

А.АМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж