Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 7

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 7

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(ЛИБЕРТАРИ УЛАМЖЛАЛ, ХЭВ МАЯГ, ЁС ЗАНШЛЫН ХОМСДОЛ)

Либертари ёс заншил, аж төрөх ёс, уламжлал гээд юу гэж нэрлэх нь хамаагүй, нэг тийм соёл байдаг. Хэрэв нэгнийхээ амьдралд хөндлөнгөөс оролцох, зааж зааварлах, зөвлөгөө өгөх дуртай; хэлсэндээ хүрдэггүй, хийсэн гэрээ, амласан амлалтаа биелүүлдэггүй; худал хэлэхийг байдаг л зүйл хэмээн үздэг; төрийг бурхан лугаа шүтдэг; ахмад хүн, дарга, мөнгөтэй хүний хэлснийг эсэргүүцэж болохгүй, харин дуулгавартай дагах нь дээр; хувь хүн юу ч биш, олонхыг л дагах ёстой гэх мэт үзэл бодол, дадал заншилтай бол тэр ард түмэнд либертари уламжлал, аж төрөх ёс, соёл огт тогтоогүй байна гэсэн үг.

Бид Жон Локк, Жон Стюарт Милль, Адам Смит, Фридрих Бастиа, Томас Пэйн, Людвиг фон Мизэс, Айн Рэнд, Маррэй Ротбардад буй либертари үзэл санааг саяхнаас сонсож, тэр талаар эргэцүүлдэг болж байна. 2005 онд анхны либертари нэгэн сэдэвт зохиол орчуулагдсан. Тэр үед л анх “либертарианизм” гэсэн нэр томьёог сонссон байх.

Цэвэр либертари агуулгаар бичигдсэн зохиолын анхны монгол хэвлэл

Монголчууд үүх түүхээсээ нэгэндээ тэвчээртэй хандаж байгаагүй. Энэ байдал нь өнгөрсөн зуунд байсан коммунист дэглэмийн үед бүр гаарсан. Жаахан л өөрөөр сэтгэсэн бол баривчилна, шорон гянданд хийнэ, тамлана, цөлнө, буудна.

Либертариуд өөрсдөөсөө бусдыг эс тэвчихийн гай гамшгийг дэлхийн түүхээс харсан тул хүлцэн тэвчихүйг (tolerance) суурь зарчмуудынхаа нэг болгосон. Өөрт нь хэчнээн халтай байсан ч үнэнээс зайлсхийхгүй, тэр үнэнийг хэлсэн хүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол хүлцэн тэвчихүй юм.

Өнөөгийн монгол гэр бүлд захиран тушаах зан заншил, дадал, хэв маяг амь бөхтэй оршиж байна. Харьцангуй “соёлжсон” нөхцөлд ч гэсэн гэр бүлүүд патерналист маягаар аж төрж, эцэг, эхчүүд диспот маягаар өрх гэрээ авч явж байна. Бид хүүхдийнхээ өрөөнд орохдоо, тэдний юмыг (үзэг, цаас, ном ч юм уу) хэрэглэхдээ хэзээ ч зөвшөөрөл авдаггүй, тэдний хийсэн үйлдэлд талархсанаа илэрхийлж “баярлалаа” гэсэн үгийг хэлдэггүй. Ийм жижиг сажиг дадал заншил хүүхдүүдэд хар багаас нь “эд биднээс илүү эрхтэй, бүх хүн тэгш эрхтэй гэдэг нь худал, ахмад хүн бүхнийг мэднэ, би тэдэнд үйлчилж байх ёстой юм байна” гэсэн анти-либертари ухамсрыг суулгадаг. Энд мөн “хувийн юм”, “миний юм” гэсэн ухамсар алга болж, хэн ч, хэзээ ч бусдынхаа юмыг авч, хэрэглэж болох юм байна гэсэн ойлголттой болно. Ийм ойлголттой хүн бусдын юманд ч бүдүүлэг, түрэмгий ханддаг.

Эцэг эхчүүд амьдрал дээр хэзээ ч өөрсдөө хэрэгжүүлж байгаагүй шаардлагаа үр, хүүхдэдээ тавина. Үргэлж хоёрдмол, хоосон дүр үзүүлсэн амьдралаар амьдарч байгааг нь хүүхдүүд харж өсдөг. Үр хүүхэд нь “аав, ээж аман дээрээ ингэж ярьж байгаа ч амьдрал дээр хэзээ ийм байж чадахгүй” гэдгийг мэдэж байдаг учраас хар багаасаа дүр үзүүлсэн амьдралд дасдаг байна.

Эцэг эхчүүд гэр орондоо найз нөхөд, ажлын газрынхнаа авчраад наргиж, цэнгэх атлаа хүүхдүүдийнхээ найз нөхдийг ирэхээр “орцонд уулзацгаа”, “гадаа гарцгаа” хэмээн хөөнө.

Иймэрхүү ёс заншил, дадал зуршил нь миний амьдралыг надаас өөр хэн ч мэдэх ёсгүй, “хэн нэг хүн юм уу төр хэчнээн сайн санаа агууллаа гэсэн надтай холбоотой шийдвэрийг миний зөвшөөрөлгүй гаргах ёсгүй” гэсэн либертари нормд харшилдаг. Миний төлөө, надад сайн сайхан зүйл хийх гэж байгаа юм чинь миний өмнөөс шийдвэр гаргах эрхтэй гэсэн ойлголттой болгож, “миний амьдралыг, надад юу хэрэгтэйг удирдагчид надаас илүү мэднэ” гэсэн авторитари психологид дасгадаг.

Тэгэхээр ийм орчинд хэдэн үеэрээ амьдарч ирсэн хүмүүс либертари уламжлал, ёс заншилд дасан зохицтол нэлээд хугацаа шаардах шинжтэй.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж