Үл хөдлөх хөрөнгийг бид өдөр тутмын хүнс шигээ худалдаж авдаггүй. Мэдээж компьютер графикийн тусламжтайгаар дийлэнх хороолол, хотхонууд зүлэг ногоо тэгширсэн гадаах орчин, хүүхдийн тоглоомын талбай, хөгшид нарлах сүүдрэвч, хүрэлцэхүйц автомашины зогсоол зэргийг өнгө будаг сүлэлдүүлэн танилцуулгандаа тусгасан байх нь элбэг. Тэгвэл эргээд харахад яг л зураг төслийн дагуу бүтээн байгуулж, үүргээ чандлан биелүүлж, нэг насны үнэ цэнэтэй хөрөнгийг нь “хулхидалгүй” гардуулсан хотхонуудын талаар бяцхан сурвалжлага бэлдлээ. Ингээд Монголын хамгийн том ногоон байгууламжтай 5-н хотхонтой танилцъя.
River garden
Ногоон байгууламж гэхтэй зэрэгцэн нэн тэргүүнд NCD группийн бүтээн байгуулалт болох “River Garden” хотхон санагдах нь аргагүй юм билээ. Улаанбаатарын өөр хаанаас ч хотхоныхоо 70%-ийг ногоон байгууламж болгож, зай талбайгаа харамгүй зориулсан хотхоныг олох боломжгүй мэт. Энд амралтын өдөр үр хүүхдээ агаарт гаргах гэсэн эцэг эхчүүдийн цуваа тасардаггүй бөгөөд орчныг нь ашиглан реклам сурталчилгаа хийх байгууллагууд ч байсгээд хүсэлтээ илгээдэг гэх. Нээрэн л Улаанбаатарын өөр хаанаас ч хиймэл нуур, хүрхрээ бүхий худалдаа үйлчилгээний төв, хөлбөмбөг, теннис, сагсан бөмбөгийн талбай, фитнес, йога, бассейн бүхий спорт комплекс, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхэд хөгжлийн төв, сургууль, цэцэрлэг, гүйлт, дугуйн зам зэргийг нэг дор цогцлоосон хотхон олохгүй л болов уу.
Олон улсын стандартаар 1 сая хүн амтай хотод 1 хүнд 24м2 ногоон байгууламж ногдох шаардлагатай гэж үздэг бол Улаанбаатар хотын хувьд 1 хүнд 4-6м2 ногоон байгууламж оногддог нь маш бага үзүүлэлт. Харин River Garden хотхон оршин суугчдынхаа 1 хүнд 25,3м2 ногоон байгууламж оногдохоор төлөвлөж баригдсан нь олон улсын жишигт нийцсэнийг нь харуулж байна. Энэ нь 1 хүнд дунджаар 8-н ширхэг мод, бут, сөөг бүхий ногоон байгууламж оногдож байгаа гэсэн үг аж. Түүнчлэн энэ хотхонд тарьсан модны дийлэнх нь нарс бөгөөд төрөл бүрийн жимс хотхондоо ургуулж байх жишээтэй. Ногоон байгууламж хүрэлцэхүйц байснаар орчны дуу чимээ, тоос шороо, агаарын цэвэршил, чийгшил шууд хамааралтай учраас River Garden Монголын номер 1 ногоон байгууламжтай хотхон гэсэн тодотголыг нүүр бардам эзэмшдэг байх. Байгалийн сайханд амар амгалан ийм хотхонд амьдрахад зуслангийн эдлэнтэй байх шаардлага бараг л үгүй болов уу. Хүний хэрэгцээ цөм багтсан ногоон хотхоны оршин суугчид эко орчноо дагаад л эрүүл амьдралын хэв маягтай болохоос аргагүй аж.
Artsat luxury village
Энэ хотхонтой “Никитон” хамтлагийн 25-н жилийн ойд зориулсан реалити шоуны үеэр үзэгчид илүү танилцсан байх. Зорьж очиж нүдээр харвал телевизийн бичлэгээс хойш асар өөрчлөгджээ. Байр хоорондын зай талбайгаас авахуулаад хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, хүүхдүүдийн нас насны ангилалд зориулсан эко тоглоомын талбай, дугуйн болон алхалтын зам хамгийн түрүүнд нүдэнд тусна. Мөн айл бүрт бяцхан эдэлбэр газартай гэхээр өөрийн мөрөөдлийн орчноо тэнд бий болгож болохоор. Түүнчлэн орчин цагийн завгүй оршин суугчиддаа дөхөм болгох үүднээс clubhouse, спа зэргийг хотхондоо шийджээ.
Арцат виллаж хэмээх нэр нь ногоон байгууламж, цэнгэг цэвэр агаартай гэдгийг нь бэлхнээ батална. Богд хан уулын үзэсгэлэнт Арцатын ам өмнө нь арц хүжийн үнэр анхилсан, энергийн зөв урсгалтай газар байсан гэдэг бөгөөд эрүүл хөрстэй, агаарын урсгал сайтай гэдгээрээ давуу. Уулын аманд байрлалтай ч төвийн дулааны шугаманд холбогдсон нь яалт ч үгүй оршин суугчдаа татах нэг шалтгаан болж байгаа.
Garden city
NCD группийн дахин нэг хотхон энэ ангилалд багтсанаас харахад “Номин констракшн”-ынхан ногоон байгууламжид туйлын ач холбогдол өгдөг нь харагдана. Цаашид улам үнэ цэнэ нь нэмэгдэх бүсээр нэрлэгдээд байгаа Яармагт сүндэрлэсэн Garden city хотхон нийт 13,3 га талбайтай бөгөөд 50%-ийг ногоон байгууламж, 25% зам талбай, 25%-д нь барилга байгууламжаа босгосон гэхээр оршин суугчдынхаа тав тух, эрүүл мэндийг 1-рт тавьсан нь харагдаж байгаа юм.
Зүлэгжүүлэлт, олон төрлийн мод, бут, сөөг, хиймэл нуур цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэн энэ хотхоны нэрийн хуудас. Замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан, зөөлөн хучилттай, нас насны ангилалд тохирсон тоглоомын талбайтай учраас үр хүүхдүүдээ аюул эрсдэлээс холуур амар тайван тоглуулах бүрэн боломжтой юм билээ. Мөн л хүний хэрэгцээнд нийцсэн худалдаа үйлчилгээний цогц төв, спорт талбай зэрэгтээ гойд анхаарсан нь захиалагчид хошуурч буйн бас нэгэн хүчин зүйл болов уу.
Байгальд ээлтэй энэ хотхоны айл бүр нар үзэхээр зөв байрлалтай, 5 давхар байхаар төлөвлөгдөж баригдсан байх бөгөөд салхины урсгалыг сайтар тооцоолсон бүтээн байгуулалт болжээ. Орчин цагийн завгүй амьдралын хэмнэлтэй оршин суугчдынхаа ажлыг хөнгөвчлөх үүднээс худалдаа үйлчилгээний цогц төвийг ч хотхондоо тусгажээ. Гэрээсээ гараад л кофе шоп, хими цэвэрлэгээ, ресторан, спорт комплекс зэргээр үйлчлүүлэх боломжтой зэрэг нь Garden city-д амьдралынхаа цоо шинэ хуудсыг эхлүүлэх шалтгаан болж байгаа гэлтэй.
Shambha-la garden&village
Цэцэрлэгт хотхон гэсэн нь зүгээр ч нэг тодотгол төдий нэр биш аж. Шамбаллагийн оршин суугчид гэрээсээ гараад л горхины чимээ сонсож, алжаалаа тайлж амар амгаланг мэдрэх бүрэн боломжтой. Хотын төвөөс 5км-ийн зайд Зайсангийн урд хязгаар, Богд уулын энгэрт байрлах Шамбалла цэцэрлэгт хотхоны ногоон байгууламж 5га газрыг хамардаг аж.
Хөл бөмбөг, сагсан бөмбөгөөс гадна газрын теннисний талбайтай бөгөөд эко модон тоглоомууд нийтийн эзэмшил талбайдаа суурилуулж, элсэн талбай хүртэл байгуулжээ. Түүнчлэн энэхүү цэцэрлэгт хотхон зөвхөн оршин суугчиддаа зориулсан бассейн, фитнес, саун, уулзалтын хэсэг, сүүдрэвчээс гадна ил гал дээр маш шарах амралтын хэсгийг бүтээн байгуулсан байна. Цэвэр агаар, горхи, chilling хийх бүхий л зүйлийг цогцлоохыг хичээжээ. Мартсанаас энэ хотхоны бас нэг сонирхолтой зүйл нь монгол гэр хүртэл байдаг юм билээ.
Time square
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд орших River Garden хотхонтой хаяа нийлэн орших Time Square Монголын топ 5-н ногоон байгууламжтай хотхонд яалт ч үгүй багтана. 4,8га газрыг хамрах 350-н айлын энэ орон сууцны хотхонд хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбайтайг бүтээн байгуулжээ. Мөн бяцхан хүрхрээний чимээ, байгалийн сайхныг мэдрүүлэх хиймэл нуур зэргээрээ онцлог.
Энэ хотхонд амьдарснаар өнөө үеийн чимээгүй тахал гэгддэг хөдөлгөөний дутагдлаас ангид байж чадах нь. Цонхоо нээж, үүдээрээ гарахад л өөдөөс тань “гүйгээд марш!” гэж байгаа мэт орчин угтаж, өөрийн эрхгүй бэлтгэлийн хувцас, хөнгөн кетээ углах болно. Хотхондоо 1,5км урт гүйлт, дугуйн замтай юм чинь дасгал хөдөлгөөн хийгээд л байна биз дээ. Хүсвэл байрныхаа гадаа, агаарын сайханд йога ч хийх бүрэн боломжтой. Бас Time Square усан бассейн, спорт цогцолбор, хүүхдийн насны ангилалд тохирсон эко тоглоомын талбайтай аж. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, худалдааны төв дэргэд нь бий гэхээр Time Square хотхондоо оршин суугчид нь дэндүү сэтгэл ханамжтай байдаг биз ээ.
Дэлхий дахинаа оффисын барилгууд ч ногоон байгууламжтай байхыг чухалчилж, дээвэртээ хүртэл цэцэрлэгт хүрээлэн бий болгож байхад хайртай бүхэнтэйгээ хамт, урт удаан он жилийг өнгөрүүлэх орон сууцаа сонгохдоо ногоон байгууламжийг нь чухалчлах зүйн хэрэг. Барилгын салбарынхан ч оршин суугчдынхаа амьдрах таатай орчин, тав тухыг чухалчилдаг болсон нь дээрх хотхонуудын онцлогоос харагдаж байгаа биз ээ. Анзаарах нь ээ, топ 5-д NCD группийн 3 нь ч төсөл багтсан нь яалт ч үгүй ашиг гэхээс илүүтэй амьдрах таатай орчинд анхаардаг нь харагдлаа.
Б.АНАР
Холбоотой мэдээ