Ерөнхийлөгч: ЖДҮ-чидтэй хэзээ ч эвлэрэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч: ЖДҮ-чидтэй хэзээ ч эвлэрэхгүй

Ерөнхийлөгч: ЖДҮ-чидтэй хэзээ ч эвлэрэхгүй

“Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019” өнөөдөр /2019.9.26/ боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг хурлаар тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвийг онцлон ярилцаж байна.

Хуралд Засгийн газар, УИХ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, тэдэнтэй холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуралд илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсан юм.

Илтгэлээс онцлон дурдвал “Өнгөрсөн жил “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018”-ыг зохион байгуулж, Төрөөс баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан жилийн гурван хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд мэдээллийн давуутай байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсныг энэ форумаар анх мэдээлж, мэдээллийн мөрөөр хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт идэвхийлэн зүтгэсний хүчинд хууль бус үйлдлүүд илэрч, одоо хууль хяналтын байгууллагууд шалган тогтоох үйл ажиллагаа явагдаж байна.

Улстөрчдийн амин хувиа хичээсэн, авлигажсан хариуцлагагүй үйлдлийн улмаас эх орондоо хуулийн шударга засаглал тогтоон, шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, амар тайван аж төрөх ард түмний итгэл найдвар алдагдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирсныг таслан зогсооход өмнөх жилийн форум ийнхүү онцгой түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах нэн шаардлагатайг эдгээр хууль бус үйлдлүүд харуулсан юм. Энэ жилээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож буй төсөл сонгон шалгаруулалт ил тод, олон нийтийн хяналт дор явагдаж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцэл, Та бүхний үйл ажиллагааны нэгээхэн үр дүн мөн.

Төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжин тэлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй түлхэц болох учиртай. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс орны хөгжлийн эрх ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан, “ЖДҮ-ийн” гэж нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2018 оны арваннэгдүгээр сард баялаг бүтээгчдийн төлөөлөл болох 150 бизнесменийг Иргэний танхимд хүлээн авч уулзаж, санаа бодлыг сонсож, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой түвшинд ажиллаж байна. Цаашид ч баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалж, хууль эрх зүйн орчныг тогтвортой, тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө Та бүхнийг дэмжиж, хамтран ажиллах болно” гэсэн юм.

Харин өнгөрсөн жилийн хурлаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг тусгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж