УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн цөөнгүй хууль бөөндөж баталсан. Үүнийг нэг нь “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл. Уг тогтоолын төслийг баталсантай холбоотойгоор цаашид ямар сөрөг үр дагаварууд учирч болзошгүй талаар Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийлээ.
Тус намын дарга С.Боргил УИХ-аас гаргаж байгаа тогтоол, шийдвэр, хуулиуд нийгэмд багагүй маргаан үүсгээд байгааг дуулгаад “УИХ сүүлийн үед цөнө хэдэн улс төрч, олигархи, бизнесийн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг боллоо. Үүнийгээ ээлжит бус чуулганаар баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулиар харууллаа. УИХ-ын гаргасан бас нэгэн хачирхалтай тогтоол нь "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” гэв.
Тус намынхан “Дэлхий дахинд хөгжиж буй буурай орнуудаас өндөр хөгжилтэй орон газар өмчлөх, түрээслэх нэрээр газрыг нь булааж авдаг. Энэ үзэгдлийг олон улсад “Land grabbing буюу Газар булаалт гэдэг. Учир нь өндөр хөгжилтэй орнууд буурай орнуудын төр засгийн удирдлагуудыг худалдан авч, их хэмжээний газарт тариалан эрхлэхийг газар булаалт гэдэг юм. Энэ үзэгдэл Африк тивд нэлээд эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд Конго Улсад гэхэд л бусад хөгжингүй орнууд дөрвөн сая га газрыг газар тариалан эрхлэх нэрийдлээр эзэмшээд байна. Халх голд чөлөөт бүс байгуулж газар тариалан эрхэлбэл 5-10 жилд л 500,000 га үржил шимтэй хөрс цөл газар болох аюултай. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудын ядуу буурай оронд явуулдаг бодлого” хэмээн үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлалаа. Тиймээс ХҮН-ын зүгээс уг тогтоолыг бүрэн эсэргүүцэж, дараах урилгыг гаргажээ.
Урилгад
Монголын нийт ард түмэн,
Улс төрийн намууд,
Иргэний нийгмийн байгууллагуудад уриалах нь
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр баталсан “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай" 75 тоот тогтоолоор Дорнод Монголын нутаг, дэлхийд үлдсэн сүүлчийн хялганат хээр Мэнэнгийн талд, Буйр нуурын зүүнтээ байрлуулан 500,000 гектар газар нутгийн эрх зүйн статусыг “хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор” нэрийн дор чөлөөт бүс болгож өөрчиллөө.
Эрх баригчид үүнээ уг газар нутгийг уул уурхайн ашигт малтмалын хайгуулын лицензээс хамгаалах гэж байгаа гэсэн “ядруухан” тайлбараар аргацаасан ч үнэн хэрэгтээ мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, эдийн засгийн явцуу сонирхол бүхий бизнес, улс төрийн бүлэглэлд хөтлөгдсөн, хэрэг дээрээ улс орныг удирдах ямар ч чадавхигүй УИХ-ын ээлжит “гологдол” шийдвэрээс өөр юм бус аа.
Бидний Монголчуудын өнө эртний язгуур нутаг, манай орны хамгийн үржил шимт, зөөлөн дулаан уур амьсгал бүхий энэ газар гадныхны шуналт нүднээс ийнхүү зайлсангүй. Өөрчлөхөөр зэхэж, өөг нь үргэлж хайж байдаг Үндсэн хуульд заасанчлан нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах тангарагтай, “ард түмний элч” УИХ-ын гишүүд юу бодож энэ шийдвэрийг гаргав аа?! Үнэхээр л уурхайгаас хамгаалах гэсэн бол уг газрыг улсын, орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаас авхуулаад өөр бусад хууль зүйн хамгаалалт хийж болох атал яагаад хэрэгссэнгүй вэ?!
Чөлөөт бүс нэртэй энэ газарт,
1. Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1-д заасанчлан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх, жил бүр Засгийн газрын баталдаг гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь хэмжээнд чөлөөт бүсийн энэ нутаг дэвсгэр хамаарахгүй.
2. Мөн хуулийн 11.1-т зааснаар чөлөөт бүст хилийн боомттой байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсуудын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй.
3. Түүгээр үл барам, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухаи хуулиин 27.4-т заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн TOO нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувиас илүүгүй" байна гэдэг хязгаарлалт ч энэ чөлөөт бүст үйлчлэхгүй.
4. Чөлөөт бүсийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу чөлөөт бүст үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд газрын төлбөрөөс 5-10 жил 100 хувь хөнгөлүүлэх, цаашид чөлөөт бүсийн захирагчийн шийдвэрээр тодорхой хугацаагаар хөнгөлүүлэх эрхийг эдэлнэ.
5. Хуулийн 16 дугаар зүйлд зааснаар чөлөөт бүст гаалийн болон НӨАТ-ын, экспортын татварын чөлөөлөлт, орлогын татварын 50 хувийн хөнгөлөлтийг эдэлнэ.
Эндээс Монгол Улс юу хожих вэ, татвар авахгүй, газрын төлбөр авахгүй, энд үйлдвэрлэл явуулах дэд бүтэц ч байхгүй, эцэст нь бид өөрийн үржил шимт, түүхт нутгаа харийн доншуурчдад мөлжүүлж дуусаад цөлжиж элс нүүсэн хөрстэй, ухсан нүхтэй, зам барилгын сэгтэй, торон хашаатай үлдэнэ. Халх голын энэхүү чөлөөт бүсийн газрын хэмжээг ярихад манай улсад байгаа уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа нийт эдэлбэр газраас 25 дахин том, НҮБ-д бүртгэлтэй нийт улсын дөрөвний нэгийнх нь газар нутгийн хэмжээнээс багагүй байгааг юу гэж үзэх вэ, иргэдэд хуулиар өмчлүүлж байгаа газрын хэмжээ буюу 0.07 га, 0.35 га газраар дундчилж бодоход Монгол Улсын 7.1 сая иргэнд өмчлүүлэхүйц хэмжээний том газар болж байгааг юу гэж үзэх вэ?!
Чөлөөт бүсийн тухай хуульд байгаа, уг бүсэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, олон улсын банк, санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болно гэснийг Та бүхэн анхаарч бодогтун!
Эндээс нефть олборлож алт ухвал бид яах вэ…
Үүний хариулт үл олдоно.
Оюу толгойг найр тавьсан, Таван толгойд “тал татсан", авлигачдыг, албан тушаалтнуудыг хуугаар нь өршөөсөн, төсвийн хөрөнгөөс хулуулж төрийг тоногсдын “гууль” болсон мөнгийг “хууль ёсны” болгосон Засгийн газар, УИХ-ын байгаа “царай”, байх “цараа”-тайгаа энэ юм!
Өвгөдийн цусаа урсгаж хамгаалсан, эдүгээ бидний амиа зольж авч үлдэх ээлжтэй Буйр нуур, Тамсагийн цэнхэр хязгаарыг энхийн энэ цагт үзэгний үзүүрээр харийнхны өмнө дэвсч буй эл шийдвэрийг цуцлуулахад бидэнтэй нэгдэн тэмцэхийг
Монгол яс, цустай хүн бүрт;
Улс төрийн намуудад;
Иргэний нийгмийн байгууллагуудад;
Эрдэмтэн судлаачдад;
Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймгийнханд;
Түүхт Халхын голд ус нутгаа бэхлэн суугаа Сүмбэр сумынханд тус тус УРИАЛЖ байна гэсэн байна.
О.САР