Эрчим хүчний яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2019.09.26/ Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт эрчим хүчний салбарын харьяа төрийн өмчит болог хувийн хэвшлийн 36 үйлдвэр, компани оролцож, тус салбарт хэрэгжиж буй төслүүдийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж байсан юм. Энэ үеэр мөн мэдээлэл, үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь “ус, цахилгааны төлбөр яагаад нэмэгдчихэв ээ” гэсэн асуултыг их асууж байв. Аргагүй ээ зуны турш налайж, найрлаж амарсан монголчууд намар болмогц ажил, амьдралын хэмнэлдээ орж дээрх асуулттай тулгарах нь тэр.
Цахилгааны үнийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Тус байгууллага өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргаж, төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, 150 квт/цаг хүртэлх хэрэглээтэй энгийн тоолууртай өрхийнх нэг квт/цаг тутамд 98.4 төгрөг байсныг 110.4 төгрөг болгожээ. Мөн хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмсэн байна.
ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ ҮНЭ НЭМЭХ ШАЛТГААН БОЛСОН
Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс цахилгааны төлбөр нэмэгдсэн шалтгааныг тодруулахад “Эрчим хүчний үнэ тариф нэмэгдэхэд гадаад хүчин зүйлс буюу нүүрсний үнэ, төмөр замын тээвэр, гадаад валютын ханш болон бусад зүйлс нөлөөлж байна. Дээрх олон хүчин зүйлээс гадна сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үнэ нэмэх шалтгаан үүссэн. УИХ-аас 2007 онд тус хуулийг батлахдаа нарнаас гаргаж авч буй нэг квт/ цаг эрчим хүчийг 18, салхиныхыг 9.5 америк центээр тооцож, эх үүсвэрээс худалдан авахаар тогтоосон. Энэ нь одоогийн валютын ханшаар тооцвол 480 төгрөг болж байгаа. Гэтэл нэгж хэрэглэгчид нийлүүлж буй цахилгааны дундаж үнэ квт/цаг тутамд 158 төгрөг байгаа нь алдагдалтай байгаа. Үнийн зөрүүг нөхөх зорилгоор үе шаттайгаар цахилгааны үнэ нэмэх хуультай. Манай байгууллага 2015 оноос хойш цахилгааны үнийг нэмээгүй байсан учир өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан алдагдал үнэ нэмэх шалтгаан болсон. Бид цахилгаан эрчим хүчний хэрэглээг аль болох дотоодын эх үүсвэрээр хангаж, өндөр үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах чиглэлд голлон ажиллаж байна” гэв.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
ИРЭХ ОНД БАГТААЖ 100 МВТ ИЙН БАТЕРЕЙ ХУРИМТЛУУРЫГ СУУРИЛУУЛНА
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний томоохон төслүүдийг хөдөлгөнө, одоо байгаа Дулааны цахилгаан станцуудаа шинэчилж, өргөтгөнө гэж мэдэгдэж байсан. Төслүүд хэзээнээс ажил хэрэг болж урагшлах вэ?
-Засгийн газрын тэргүүний хувьд бие даасан эрчим хүчний системийг бүрдүүлнэ гэдгээ амласан. Холбогдох шийдвэрүүдийг нь гаргаад өгчихсөн. Одоо хөрөнгө санхүүг нь босгож, эхлүүлэх ажил чухал байна. Тухайлбал, дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн генераторыг шинэчлэх төсөл хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Зарим төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон эх үүсвэр босгох ажил эхэлчихсэн. Таван толгойн цахилгаан станцыг барьж эхлүүлэх, энэ оноос Оюу толгойд цахилгаан эрчим хүч нийлүүлэх хэлэлцээрийг Рио тинтотой хийж, гэрээ байгуулсан. Мөн Багануурын цахилгаан станцыг манай системд тохирох 150МВт турбингенератортой болгож өөрчлөх, ажиллах боловсон хүчнийг сургаж, яваандаа үндэсний боловсон хүчнээр хангах талаар ярилцаж байгаа. Ховдын Эрдэнэ-бүрэнд Усан цахилгаан станц /УСЦ/ барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ ондоо багтааж барилгын ажлын эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байна. Энэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний системд удаан хугацаагаар тог тасарч “0” зогсож, хөлдөх аюул багасна.
-Та хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тог тасардаггүй системтэй болно хэмээн дурдаж байсан. Энэ ажил ямар шатанд явна вэ?
– Монгол Улс нар жаргаж, салхины эрч сулрахаар эрчим хүчний дутагдалд орж, нөхөх эх үүсвэргүй учраас ОХУ-аас эрчим хүч импортолдог. Харин бусад улс орнуудад ийм нөхцөлд шууд л цахилгаан үйлдвэрлээд нөхдөг усны болон газын турбогенераторуудтай станцтай байдаг. Гэтэл манай нүүрсэн дээр ажилладаг станцын генераторууд 4-5 цаг болж байж цахилгаан үйлдвэрлэж системд нийлүүлдэг. Нар жаргахад үүсэх эрчим хүчний дутагдлыг тэр дор нь нөхөж чаддаггүй.
Сүүлийн үед өндөр хүчин чадлын батарей хуримтлуурыг ашигладаг болж байна. Ирэх онд багтааж 100 МВт ийн батерей хуримтлуурыг суурилуулна. Мөн горимд хурдан шилждэг Эрдэнэбүрэн, Эгийн голын Усан цахилгаан станцууд ашиглалтад орвол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн хийн турбин генератортай болох асуудлыг судалж, ТЭЗҮ боловсруулж байна. Эдгээр УЦС, хийн турбин генератор, өндөр багтаамжтай батарей хуримтлуур гэсэн гурван асуудлыг шийдээгүй нөхцөлд системийн найдвартай ажиллагаа сайжрахгүй, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж хязгаарлагдмал хэвээр байх болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадах юм бол "0" зогсоно гэдэг ойлголт байхгүй болно.
-Цаашид цахилгааны үнэ өсөх үү?
-Өртөг, борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байгаа. Энэ хугацаанд валютын ханш их унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж, үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Гэвч Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орохоор хуулиараа цахилгааны тариф шууд нэмэгддэг. Үүнийг нь одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Харин хүндрэлтэй асуудал гэвэл дэмжих тариф нь бусад улстай харьцуулахад хамгийн өндөр буюу 2-4 дахин үнэтэй байна. Өнгөрсөн хаврын чуулганаар сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг бууруулахын тулд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хямд үнэ өгсөн компанид олгодог байхаар шийдвэрлэсэн. Цахилгааны үнэ цаашид одоо байгаа хэмжээнээсээ нэмэгдэхгүй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ