Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг таван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын шилдэг 100 залуу өнгөрөгч тавдугаар сард Хятадад долоо хоногийн айлчлал хийсэн юм. Тэгвэл энэ удаад БНХАУ-ын Хятадын шилдэг 50 залуус ирэхээр болжээ. Тэд наймдугаар сарын 18-24-ний өдрүүдэд манайд айлчлах юм. Айлчлалын зорилго нь Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, урлаг, соёл, спорт, бизнесийн салбарын шилдэг залуус Монголын залуучуудтай танилцах, харилцан туршлага солилцох юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Хятад залуу бизнес эрхлэгчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Ма Синмин, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Сюй Сяо, Хятадын Залуучуудын холбооны орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Зя Бо Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, улс төр, бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй залуус багтсан байна. Айлчлалыг тохиолдуулан наймдугаар сарын 20-нд залуучуудын бизнес уулзалт зохион байгуулах ажээ. Энэхүү уулзалтад Хятадын талаас барилга, үл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад бизнес эрхэлж байгаа залуучууд оролцоно.
Д.ЦЭЭЛ