ГХЯ-наас Д.Мөнх-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

ГХЯ-наас Д.Мөнх-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ

ГХЯ-наас Д.Мөнх-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ

Гадаад харилцааны яам дараах мэдэгдлийг гаргажээ.

БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны есдүгээр сарын 24-ний Мягмар гарагт NTV телевизийн “Улаан Бал” нэвтрүүлэгт оролцож, олон нийтэд өөрийн томилгоотой болон ГХЯ-ны талаар буруу ташаа мэдээлэл хийсэнтэй холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 16.2-т “Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж заасан. Энэ хуулийн дагуу Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Ерөнхий консулаар томилсон байдаг.

Гэвч Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот, хүсэлтийг үндэслэн цаашид хоёр улсын харилцаанд үүсч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлж, Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, түүнийг 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор эгүүлэн татсан болно.

Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан хаагчдыг томилох үйл явцтай холбоотой буруу ташаа мэдээллийг нийтэд түгээж, тус яамны нэр бүхий албан хаагчдыг үндэслэлгүйгээр гүтгэж, дипломат албаны нэр хүндэд халдсан явдалд харамсч байна. Цаашид ийм гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг Д.Мөнх-Эрдэнээс хариуцлагатайгаар шаардаж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж