Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Ариунболд өнөөдөр /2019.09.26/ Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга Д.Дашзэвэг нарыг Авлигатай тэмцэх газарт албан ёсоор өгөхөөр өргөдөл гаргаж байгаа талаар мэдэгдлээ.
МАНАЙ ХОЛБООГ БАЙХГҮЙ МЭТЭЭР ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОЛБОО РУУ БИЧИГ ЯВУУЛЖ, ОРОНД НЬ ӨӨРСДИЙНХӨӨ ХОЛБООГ БҮРТГҮҮЛСЭН
З.Ариунболд “Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга Д.Дашзэвэг нар нь үгсэн хуйвалдаж, 30 жилийн түүхтэй холбооны үйл ажиллагааг зогсоож, сүүлийн хоёр жил олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болголоо.
Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийг 1993 онд үүсгэн байгуулсан. Анх үүсгэсэн байгуулсан хүн нь нэрт адуу судлаач, соён гэгээрүүлэгч Д.Даваа агсан болон түүний хамтран зүтгэгчид байсан. Энэ холбооныхоо үйл ажиллагааг идэвхтэй явуулж, 1998 онд олон улсын морин спортын хороонд бүртгүүлж байсан түүхтэй. Гэвч манай холбоог хууль бусаар, байхгүй мэтээр олон улсын олимпийн холбоо руу бичиг явуулж, оронд өөрсдийнхөө холбоог бүртгүүлсэнд бид гомдолтой байна. Тамирчдын олон жилийн хөдөлмөр зүтгэл талаар өнгөрч болохгүй.
Олон улсын морин спортын хороонд бүртгүүлчихсэн үйл ажиллагаа явуулж байх үед Монголын үндэсний олимпийн хорооны нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Олон улсын олимпийн хороо руу “Цаашид Монголын морин спортыг төлөөлж уран уургач холбоо ажиллана” гэсэн бичгийг илгээсэн байна. Энэ үйлдэл нь авлигын сүлжээ байж болзошгүй гэдэг сэжиг таамгийг төрүүлж байна.
Би Монголын үндэсний олимпийн хорооныхонтой уулзахад “Танайхаас өөр холбоо манай улсад байхгүй юм байна. Та нар маань олон улсын морин спортын хорооны гишүүнээр бүртгэгдчихсэн учраас цаашид үйл ажиллагаагаа сайн явуулаарай” гэж худал хэлж гаргаад, гарсны дараа ийм бузар муухай зүйлээ хийж байна.
Д.Дашзэвэгийг та нар мэдэх байх. Сүүлийн 20 гаруй жил дөрвөн удаа тэргүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа улсын төсвөөс санхүүждэг байсан Морин спортыг байхгүй болгосон. Сонгогдох бүрдээ морин спортыг олимпийн төрөлд оруулна гэж худлаа ярьдаг хүн. Олимпийн хорооноос манай хороотой танилцахаар ирсэн албан ёсны төлөөлөгчийг бидэнтэй уулзуулахгүйгээр буцаасанд гомдолтой байгаа. Бид олон улсын холбоонд энэ асуудлаар хандсан. Ийм асуудал үргэлжлээд байхаар цаашдаа ажил явахгүй байна. Олон улсын байгууллагад бид бодит байдлыг хэлсэн. Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Олимпийн хорооны талаар маш их асуудал гардаг. Үнэхээр өөр дээрээ тулгараад ирэхээр оролцох шаардлагатай болдог юм байна. Эдгээр нөхдүүд олон улсын олимпийн хороо руу албан тушаалаа ашиглаад албан бичиг явуулчхаад байгаа нь хууль бус юм" гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ