Өсвөрийн шатрын олимп Монгол Улсад анх удаа болох гэж байна.
Уг тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван баг оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Үүнээс гадна 20 гаруй орны өсвөрийн баг манай улсад хүрэлцэн ирэх гэнэ.
Түүнчлэн тус тэмцээнтэй зэрэгцэн “Mongolia open” олон улсын нээлттэй тэмцээн болох бөгөөд үүнд Оросын их мастер Антон Шомоев, Монголын их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Д.Шаравдорж, Б.Хатанбаатар нарын тэргүүтэй 80 орчим шатарчин оюун ухаанаа уралдуулна.
Нээлттэй тэмцээний шагналын сан 25 сая төгрөг аж. Тэмцээн нөгөөдөр эхэлж, 12 өдрийн турш “Хүннү Молл”-д үргэлжилнэ.
Монголын шатрын холбооноос уг тэмцээнийг зохион байгуулах саналаа Дэлхийн шатарын холбоонд өнгөрсөн жилээс эхлэн тавьсны эцэст зохион байгуулах эрхээ олж авсан байна. “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” тэмцээнийг Зохион байгуулах хорооны даргаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав ажиллаж байгаа юм.
Тэрбээр Монголын шатрын холбооны дэд тэргүүнээр ажилладаг бөгөөд тэмцээний ач холбогдлыг “Монголын үнэт зүйл нь Оюутолгой, Тавантолгойншиг ашигт малтмалын орд гэхээс илүү эх орондоо өсч өндийсөн оюунлаг, тэвчээртэй ухаалаг, сэтгэн бодох чадвартай хүн байх ёстой гэсэн үүднээс шатрын спортыг дэмжиж, дэлхийн хэмжээний наадмыг Монголдоо зохион байгуулах нь зөв юм байна гэж үзсэн. Энэ тэмцээн нэг талаар манай улсад эерэг сурталчилгаа болно” хэмээн дүгнэв.
Тэмцээнд оролцохоор тив дэлхийгээс Улаанбаатарт ирэх тамирчдаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажил ерөнхийдөө бүрэн хангагдсан байна.
Тэмцээнийг зохион байгуулахад нийтдээ 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа бөгөөд үүний 70 саяыг Засгийн газар гаргасан бол үлдсэнийг нь хувийн хэвшлээс гаргаж байгаа аж. Түүнчлэн шатрын холбооноос 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 200 гаруй ширээний цаг, мөн тийм толоны мэргэжлийн шатрын хөлөг өгч байгаа аж. Энэ нь Монголын өсвөрийн шатарчдад томоохон хөрөнгө оруулалт болж байгааг ч зохион байгуулагчид хэлж байна.
Б.ЭНХ