Ардын Засгийн газраас байнгын хэл аманд өртдөг сайд бол Ц.Нямдорж. "Эрдэнэт"-ийн 49-ын яллагч, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн өмгөөлөгч болоод байгаа Ц.Нямдорж сайд сүүлийн өдрүүдэд бүр ч бачимдалтай байгаа нь илт.
Ядаж байхад Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар Ш.Батхүүгийн хэргийг авч үлдсэн асуудал нь бас хэл ам, шүүмжлэл дагуулах болсон. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт"-ийг барьцаалж, Стандарт банкнаас их хэмжээний зээл авж, улсыг 40 сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусах хүртэл Эрүүгийн багц хуулийн төслөө ширээндээ хав дарсан гэх асуудлаас болж, түүнээс шударга ёс нэхэх хүмүүс цөөнгүй байгаа юм.
Өөрийнх нь ажилтай холбоотой хэл ам тасрахгүй байхад ядаж хүүтэй нь холбоотой асуудлыг Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ дэлгэсэн нь бөөн шуугиан тариад байгаа юм. Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг. Австрали Улсад суух Элчин сайдаар явахаар итгэмжлэх жуух бичгээ хүлээж суугаа нэгэн. Түүний эхнэр Б.Болорсувд ЗГХЭГ-ын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн гээд түрээсийн байранд амьдардаг сайдын төрийн албан дахь ургийн модыг ажлаа өгсөндөө шаралхсан нэгэн илчилж орхисон нь Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн уур унтууг багагүй хүргэжээ. Хувийн амьдралынх нь нууц олонд ил тод болсон энэ үед салбар нь ядаж барцадтай байгаа. Тодруулбал, Ц.Нямдорж сайдын хариуцсан салбарын цагдаа нар хууль бус ажиллагаанд оролцдог нь хувийн эзэмшлийн орон сууцандаа мөрийтэй тоглоомны газар ажлуулж байсан цагдаагийн хурандаагийн үйлдэл баталж орхисон нь дайран дээр нь давс үрсэнтэй ялгаагүй байгаа биз. Тиймээс энэ намрын улс төрийг дүгнэвэл Ц.Нямдорж сайдын суудал өнцөгджээ гэлтэй. Хүүгийнхээ хол явах зам, төрийн албаны карьерт нь саад болохгүй гэвэл сайд тэтгэвэртээ гарах цаг нь ирсэн бололтой.
Б.БАТ
Холбоотой мэдээ