УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн УИХ-аа тараахыг дэмжин, балиашиглаж суугаа бол Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн Ж.Батсайхан нарын хэдэн тэргүүлэгч хотын дарга С.Амарсайханыгаа огцруулах гарын үсэг цуглуулан, бужигнуулах ажилдаа оров.
Эрх баригч намынхны ганц хийж чаддаг ажил нь сандал ширээний төлөөх зодоон болж хувирсан. Нийтийн төлөө гэхээсээ өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн асуудал босоод ирэнгүүт л “Огцруулна, тараана” гэцгээн босдог.
Гэхдээ өнөөдрийн НИТХ-аар хотын даргыг огцруулах асуудал хэлэлцэгдэхгүй юм байна. Хуулиараа энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх бол долоо хоногийн өмнө мэдүүлсэн байх ёстой аж. Иймээс хууль зөрчилгүй асуудлаа хэлэлцүүлье гэвэл эхлээд өргөн барих шаардлагатай болж байна.
Уг нь ажил хийх хүсэлтэй хүнд одоо улстөржиж, сандал ширээний төлөө явах цаг биш юм. Тэр тусмаа нийслэлийн иргэдэд тулгамдсан асуудал олон байхад НИТХ-ын тэргүүлэгчид асуудлаа хувааж аваад тал, талд ажиллах ёстой. Сонгогдох болохоороо иргэдтэйгээ мэдэрдэг, хийх болохоор бултдаг байж таарахгүй шүү дээ.
Энэ өвлийг нийслэлийн гэр хорооллынхон яаж давах вэ гэдэг бүрхэг байна. Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянган өрх байна гэж тооцвол хамгийн багадаа 600 мянга хол давсан хүний өвөлжилттэй холбоотой асуудал хөндөгдөх болж буй. Гэтэл “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний чанартай холбоотой асуудал өдийг хүртэл маргаан дагуулсан хэвээр.
Гэр хорооллын иргэд “Сайжруулсан түлш түүхий нүүрсийг орлохуйц илчтэй байж чадахгүй байна” гэж ярьж байхад дарга нар “Сайн” гэх. Аль нь үнэн бэ гэдгийг гэр хорооллын айл өрхүүдээр яваад шалгачихаж болохгүй юу, НИТХ-ын тэргүүлэгчид ээ. Хийх ёстой ажлын тань нэг энэ биш үү.
Өнгөрсөн хугацаанд хэд чинь Тавантолгой түлш компани дээр ажилласан бэ. Сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаад сайжруулсан түлшний талаар санал солилцож үзсэн үү. Хавраас хойш хотын дарга л “Тавантолгой түлш” компани дээр ажиллаж, түлшнийхээ чанарыг сайжруулахад анхаар. Нөөцийг нэмэгдүүл, түгээлтээ сайжруул” гээд цэгүүдээр явж, харагдах.
Өвөл болох цаг ойртлоо, түүнээс урьтаж гэр хорооллуудад ажиллаач…
Нийтийн тээвэр нийслэлчүүдийн өмнө тулгамдсан бас нэг толгойны өвчин болж хувирлаа. Автобус компаниуд алдагдалтай ажиллаж байна гээд нийтийн тээвэрт гаргадаг автобусныхаа тоог цөөлчихөж… Түүнээс болоод ажил эхлэх, тарах болоход нийтийн тээврээр үйлчлүүлдэг зорчигчид автобусаа удаан хугацаагаар хүлээж байна. Тоог нь багасгасан учраас автобусандаа багтахгүй “алалцдаг” болсон. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гээд нийслэлийн Тээврийн газар дээр ажиллаж болохгүй юу.
“Улаанбаатар смарт карт” компанийн дата мэдээллийг хянах эрх өнөөдөр Нийслэлийн Тээврийн газарт алга. Хэдийгээр өдөр тутамд автобусаар үйлчлүүлсэн зорчигчийн мэдээлэл орлоготойгоо цуг Нийслэлийн Тээврийн газарт сүлжээгээр дамжин мэдээлэгддэг гэж байгаа ч үнэн зөв мэдээлэл ирж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих боломж алга. Энэ эрхээ давхар Нийслэлийн Тээврийн газартаа авъя гэдэг асуудлыг хотын дарга өнгөрсөн өвлөөс эхлэн тавьсан, сая ч дахиад хөндөж харагдана лээ. Зөв шүү дээ.
Жилийн жилд нийслэлийн төсвөөс автобус компаниудад татаас олгоод, зорчигчид мөн бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг нь багассан атал автобус компаниудын алдагдал яагаад буурахгүй, автобусаа цөөлөх хэмжээнд хүрэв гэдгийг хардлага сэрдлэггүй харж байхын тулд нийслэлийн Нийтийн тээврийн газар нь бас дата мэдээллийн толгой эрхтэй байх ёстой.
Түгжрэл нийслэлчүүдийн цаг, мөнгө үрсэн ажил болоод удлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө бүсчлэлийг хэрэгжүүлье гээд зоригтой шийдвэр гаргаж яагаад болдоггүй юм бэ.
Яагаад энэ асуудалд НИТХ-ын тэргүүлэгчид анхаарал тавьдаггүй юм. Хотын проблематой асуудал бүрт НИТХ-ын тэргүүлэгчид сонгогдсоныхоо хувьд анхаарч ажиллах ёстой биш үү.
Дөрвөн хананы дунд суучихаад огцруулах асуудал тавихыг ажил гэж үздэг юм биш. “Аз жаргалтай Улаанбаатар хотыг цогцлоох” амлалтаа хэрэгжүүлэх хугацаа тань дуусахад хэдхэн сар үлдлээ.
Өвлөөс урьтаж, сонгогдсон тойрог дахь авто замын ажил юу болж байна гэдгээс эхлээд санаа тавьж, ажиллах, иргэдтэйгээ хамтраад хийх, хотын захиргаатай хүчээ нэгтгээд ажиллах тоймгүй олон л ажил харагдах юм. Асуудалд ажил хэрэгч хандаад, ажил хийхээ бодооч ээ. Чаддаггүй юм бол зай бол ч гэж үг бий шүү.
Г.ХОРОЛ