Монголд анхны ресепшн роботыг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Монголд анхны ресепшн роботыг бүтээжээ

Монголд анхны ресепшн роботыг бүтээжээ

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал өнөөдөр /2019.09.26/ Академич Б.Ширэндэвийн нэрэмжит талбайд “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгээр нээлтээ хийж байна. Үзэсгэлэнд Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачид өөрсдийн бүтээсэн шинэлэг содон, иргэдэд хэрэгтэй, инновацийн бүтээлээ олон нийтэд дэлгэн, танилцуулж байв.


“Сайн байна уу”, “Тавтай морилно уу” хэмээн мэндчилэх ресепшн роботыг анх удаа монгол эрдэмтэн судлаачид бүтээжээ. Энэ роботыг үйлчилгээний байгууллагад иргэдэд монгол хэлээр мэдээлэл өгч, угтан авах зорилгоор “Эй Ай” компанийн залуус бүтээн, хөгжүүлэлт хийж байгаа аж.

“Монголд ресепшн роботыг өмнө нь бүтээж байгаагүй. Бид анх удаа роботыг үйлчилгээний байгууллагын үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. Робот нь мэдрэгчтэй дэлгэцтэй, үйлчлүүлэгчдэд монгол хэлээр мэдээлэл өгөх харилцааны системийг хөгжлүүлж байгаа. Одоогоор туршилтад зориулаад “Сайн байна уу”, “Баяртай” гэх мэт хэдхэн мэндчилгээний үг суулгасан. Үүнээс олон үгийн багтаамжтай. Мөн хүн ойртож ирэхийг мэдэрдэг” тухай тус компанийн хөгжүүлэлтийн инженер Ж.Цанжидхүү тайлбарлав.

ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДЛААС СЭРГИЙЛСЭН ТОГЛООМ БҮТЭЭСЭН

Үзэсгэлэнгийн үеэр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, судлаачдын бүтээл олны анхаарлыг татаж байлаа. Сүүлийн үед техник, технологи хөгжиж, хүн бүр гар утас, компьтерын ард олон цагийг өнгөрүүлэх болсон. Тэгвэл эрдэм судлаачид энэ судалгааг үндэслэн гэр бүл, найз нөхөдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх хөдөлгөөнт тоглоом зохион бүтээсэн байна.

Тус сургуулийн ахлах багш Ц.Тэнгис “Бага насны хүүхдүүд гар утас, компьютер дээр олон цагаар сууж, тоглоом тоглодог. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжил, хөдөлгөөнд сөргөөр нөлөөлдөг шүү дээ. Тиймээс бид энэ тоглоомыг тоглохдоо хөдөлгөөн хийж, өөрөө биеэрээ оролцож тоглодог болгох үүднээс тоглоомоо зохион бүтээсэн. Тоглоом нь доороо хөлний хэлбэртэй дэвсгэртэй. Хоёр хөлөө ээлжлээд гишгэхээр дэлгэцэн дээр байгаа морь урагшаа давхиад эхэлнэ. Гэр бүлээрээ, олуулаа тогловол бүр сонирхолтой. Би шавьтайгаа хамтран энэ тоглоомыг гурван сарын дотор зохион бүтээсэн. Бид зохиогчийн эрхээ аваад цааш нь хөгжүүлээд ажиллаж байна. Цаашдаа энэ тоглоомоо уламж хөгжүүлж, фитнессийн дасгал хийх боломжтой” талаар ярьсан юм.

ХАВДАР ЭМЧЛЭХ СОРОНЗОН ОРОН ҮҮСГЭГЧИЙГ АНХ УДАА ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

Мөн Физик, технологийн хүрээлэнгийн судлаачид соронзон орон үүсгэдэг төхөөрөмжийг монголдоо анх удаа зохион бүтээсэн талаар танилцуулж байв. “Бид соронзон материалын судалгаа хийж байгаад төмөр агуулсан соронзон материалыг гаргаж авсан. Тэр материалаа соронзон оронд оруулахаар дулаан ялгаруулна гэсэн үг. Тэр ялгарч буй дулааныг хавдрыг эсийг эмчлэх эмчилгээний аргад нэвтрүүлэхээр судалгааны төхөөрөмж бүтээсэн байгаа. Тэгээд бид Японы “Эхийме” анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран хулганын биед туршилт хийж үзсэн. Туршилтаар хулганы биед зохиомлоор хавдар үүсгэж, зөвхөн тэр хавдартай хэсгийг соронзон оронд оруулахаар дулаан ялгарч, хавдар бүрэн арилсан үр дүн гарсан” гэдгийг тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан И.Хишигдэмбэрэл хэлж байлаа.

Үзэсгэлэнд Хими, химийн технологийн хүрээлэнгээс эрдэмтэн судлаачдын 10 гаруй жилийн судалгааны үр дүнд гарган авсан “Дэлхийн оюуны өмчийн шагнал” хүрсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байлаа. Мөн бод малын арьс, ширнээс гаргаж авсан коллагены гидроизат гэх эмчилгээний зориулалттай хүний биеийн арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлж, үс ургалтыг сайжруулдаг шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж