Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ 9 дүгээр сарын 25-нд “Энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ, бүс нутаг болон дэд бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдвээрх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даргалан явуулсан уг хэлэлцүүлэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес үг хэлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн удирдлага НҮБ болон дээрх бүс нутгийн байгууллага хооронд энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулав.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус 15 гишүүн улс, Монгол, Энэтхэг, Иран, Пакистан, Казакстан, Беларусь, Азербайжан, Тажикстан, Армени, Афганстан зэрэг 12 улсын Гадаад хэргийн сайд нар тус хэлэлцүүлэгт оролцон, терроризмтой тэмцэхэд НҮБ болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох арга замын талаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтууд, нэн ялангуяа терроризм, экстремизм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд НҮБ болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Тэрээр Монгол Улс терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн, ОХУ, Киргиз Улстай терроризмтой тэмцэх тухай хэлэлцээр, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр БНХАУ-тай хэлэлцээр байгуулсныг мэдээлж, терроризмтой тэмцэхэд улс орнуудын чадавхийг бэхжүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд, түүний дотор хар тамхи, зэвсэг, хүний наймаатай терроризм нь улам холбоотой болж буйд анхаарал хандуулах, терроризм, экстремизмээс урьдчилан сэргийлж, тэмцэхэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг чухалчлан дурдлаа.
Эх сурвалж: ГХЯ