БНЧУ-ын Сенатын дарга Ярослав Кубера Монгол Улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

БНЧУ-ын Сенатын дарга Ярослав Кубера Монгол Улсад айлчилна

БНЧУ-ын Сенатын дарга Ярослав Кубера Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера бизнесийн төлөөлөгчдийн хамтаар Монгол Улсад есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан эрхмүүдийн дотор Сенатын дэд дарга Ийржи Оберфалзер, сенатор Алена Шромова, сенатор Ийржи Восецкий, сенатор Карел Кратохвил, БНЧУ-ын Шинжлэх ухааны
академийн дарга Ева Зажималова, БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Борживой Минаарж, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн дипломацийн газрын дарга Марек Свобода болон Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар багтжээ.

Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера нь ирэх даваа гаригт буюу /2019.09.30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Их хурлын дарга Г.Занданшатар нартай уулзах юм байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар даргатай Парламент дахь Монгол-Чехийн найрамдлын бүлгийнхэнтэй ажил хэргийн үдийн зоог барьж, Монгол Улсын томоохон ноолуурын үйлдвэрлэгчдийн Говь, Гоёо болон Яама брендийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхох юм.

Тэрбээр аравдугаар сарын 01-нд ГХЯ-ны дэд сайд хатагтай Б.Батцэцэг, Монгол-Чехийн эдийн засгийн хамтарсан комиссийн Монголын талын дарга, Эрүүл мэндийн сайд хатагтай Д.Сарангэрэл нартай уулзах аж.

Ярослав Кубера МҮХАҮТанхим дээр зохион байгуулагдах бизнес форумыг нээх юм. Энэ үеэр Чехийн экспортыг дэмжих төвийг албан ёсоор нээх бөгөөд дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, олборлолт, хууль эрхзүй, даатгал болон тээвэр логистикийн салбаруудын монгол, чехийн компаниуд харилцан ганцаарчилсан уулзалтууд хийх ажээ.

Чехийн компаниудын төлөөллийг хотын дарга С.Амарсайхан хүлээн авч, нийслэл хотын хөгжлийн стратеги, бэлтгэгдэж буй чухал төслүүдийнхээ талаар мэдээлэл өгөх юм. Худалдааны уулзалтуудаас гадна БНЧУ-ын ШУА-ийн дарга Ева Зажималова Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй болон бусад түүний харъяа хүрээлэнгүүдийн захиралуудтай уулзана. Дараагаар нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Ярослав Кубера “Тахийг эргүүлэн нутагшуулах нь” төслийн фото зургийн үзэсгэлэнг нээнэ. Түүнчлэн тухайн зургийн эзэн Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек өөрийн биеэр, хоёр долоо хоногийн турш олон нийтэд үнэ төлбөргүй дэглэгдэх тус үзэсгэлэнг мөн танилцуулах юм байна.

Сенатын дарга Чехийн их дээд сургууль төгсөгчдийн төлөөллүүд, хоёр орны харилцаанд олон жил хувь нэмрээ оруулж байдаг монголын бизнесменүүд болон төгсөгчидтэй уулзана. Айлчлалынхаа төгсгөлд буюу аравдугаар сарын 2-ны лхагва гарагт Сенатын төлөөлөгчид Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд зочилж, Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны удирдлагатай ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжлийн чиглэлээр бэлтгэж буй төслийн талаар ярилцахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж