Монгол Улс 2206 онд дэлхийд тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Монгол Улс 2206 онд дэлхийд тэргүүлнэ

Монгол Улс 2206 онд дэлхийд тэргүүлнэ

Овог нэр: Дашдондогийн Эрдэнэбаатар

Нас: 32

Төгссөн сургууль: ЕБС-Эрдэнэт цогцолбор, 2005 он

Бакалавр, Магистр-МУИС, 2009 он

Доктор-Японы Кюүшүгийн Технологийн Институт, 2017

Мэргэжил: Физик-электроник, Сансрын инженер

Эрдмийн зэрэг: Ph.D

Хамгаалсан сэдэв: Өндөр чадлын хагас дамжуулагч төхөөрөмжийн сансрын цацрагийн нөлөөнд эвдрэх эвдрэлийн зэргийг тооцоолох

Эрдмийн ажил:

Мазаалай хиймэл дагуул

Судалгааны ажлууд

Судалгаа, хөгжүүлэлтийн лаборатори

Төсөл, хөтөлбөрүүд

Одоо эрхэлж буй ажил: МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн Дэд профессор

-Докторын зэргээ та Японд сансар судлалаар хамгаалжээ. Сансар судлал гэхээр бидний санаанд сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа буудаг. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов оо?

-Ж.Гүррагчаа баатрыг сансарт нисэх үед Монгол Улсын Шинжлэх ухааны академи судалгааны том баг гаргаж, нислэгийн даалгаварын мэдээ, хэмжилт, өгөгдөл дээр боловсруулалт хийж ажиллаж байжээ. Үүнээс хойш сансрын хиймэл дагуулын мэдээ ашиглаж, зайнаас тандах судалгааг сансрын Нисгэгч, Хөдөлмөрийн баатар М.Ганзориг гуай Монголд бий болгосон байдаг. Харин сансрын инженерчлэл буюу технологи тал нь орхигдсон гэж хэлж болно. Аз болж Монголоос гурван залуу нэгэн цаг үед энэ чиглэлээр Японд очиж суралцаж таарсан. Ингээд бид хамтарч, хиймэл дагуул бүтээх зорилгоор нэг баг болж ажиллаж эхэлсэн юм.

-Сансрын инженер гэхээр яг юу хийх вэ?

-Сансар судлал бол маш өргөн цар хүрээтэй. Сансрын инженерчлэл сансрын хиймэл дагуул, техник, тоног төхөөрөмж хийж бүтээх тал дээр ажилладаг. Энгийнээр тайлбарлавал, компьютер дээр аваад үзэхэд, бид программ зохиодог бус зохион бүтээдэг хүмүүс юм. Сансрын инженерчлэлийн гол онцлог гэвэл олон салбарын огтлолцол дээр байдаг. Жишээлбэл, механик, физик, инженер, программ зэрэг бүх салбарыг нийлүүлж байж нэг бүтээл бий болгодог.

-Японд сансар судлал, иженерчлэл хэр хөгжсөн байдаг вэ?

– Япон Улсад Шинжлэх ухааны ерөнхий суурь маш сайн хөгжсөн. Дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологи, арга барил нь цаг хугацааны туршид хуримтлагдаж, улам баяжуулагдаж ирсэн байдаг. Ялангуяа сансар судлалын хувьд ямар нэгэн эрсдэл бага байх ёстой. Тиймээс өмнө хийгдсэн найдвартай туршлагаа үе дамжуулж, олон салбарыг нэгтгэсэн мэдлэгийн сан болгодог. Япон энэ талаараа маш сайн хөгжсөн учир шууд суралцах боломжтой.

– Монголд Сансар судлал, инженерчлэл сайн хөгжөөгүй, дээр нь физик-электроникийн чиглэлээр сурсан хүн Японд очоод техникийн хөгжлийн “шок”-д хэр оров?

-Техник, технологийн шоконд орохын хувьд орсон. Гэхдээ нэг зүйлийг маш сайн ойлгосон. Японд багийн ажиллагаа хамгийн чухал.

Амжилт бол хамтын хөдөлмөр. Түүнээс биш нэг хүн мундаг гээд онцгойроод байхгүй. Гэтэл Монголчууд бид бүгд манлайлагч байхыг хүсдэг.

Энэ нь ч амар байдаг биз. Хэн нэгний өмнө хариуцлага хүлээхгүй. Миний хувьд анх очоод баг, хамт олонд уусаж, нэгдэнэ гэдэг амаргүй байсан. Яагаад гэвэл багаар ажиллана гэдэг бусад гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй болдог. Ганцаар ажиллаж байгаа үед өнөөдөр амжихгүй бол маргааш гээд хойшлуулж болно. Гэтэл багийн гишүүн болсноор зөвхөн надаас болж ажил зогсож болохгүй гэдгийг ойлгоно. Энэ бол соёл.

-Японы сургалтын хөтөлбөр ямар зарчмаар явдаг вэ, онол, дадлага хоёрыг хэр хослуулж байна?

-Магистр, докторын хөтөлбөр бакалавраас арай өөр. Японд бол PBL буюу бодитой төсөл дээр ажиллаж сурах гэдгийг чухалчилдаг. Бакалаврын түвшинд онолын мэдлэгтэй хүмүүс гүнзгийрүүлж судлахдаа нэг баг болж, төсөл дээр ажиллана гэсэн үг. Гэхдээ мэдээж онолын хичээлээ давхар үзээд явна, нөгөө талдаа төслөө давхар хийнэ. Үүнээс гадна олон салбарын огтлолцол учраас сансрын инженерчлэл, харилцаа холбоо, эрчим хүчний чиглэлийг судалдаг. Бүр сансрын хууль хүртэл үзнэ. Жишээлбэл, манайд НҮБ-ийн мэргэжилтэн бүтэн семестрийн турш сансрын хууль зааж байсан. Ийм цогц сургалт маш үр дүнтэй юм байна лээ.

-Сансрын инженерчлэл гэхээр үйлвэрлэлтэй илүү ойр ажиллах нь байна, тийм үү?

-Тийм. Япон бол үйлдвэрлэл асар өндөр хөгжсөн орон. Их дээд сургуулиуд нь аж үйлдвэртэйгээ байнгын харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Манайд бол эсрэгээрээ. Хамтрах аж үйлдвэр нь байдаггүй.

Шинэ бүтээл хийхэд үйлдвэрлэлийн дутагдал байнга үүсч байдаг. Тэгэхээр Их сургууль өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэгч болохыг зорих хэрэгтэй гэж би боддог. Ядаж л загвар хэмжээнд.

Тэгж байж бид шинэ санаагаа практик дээр бодит болгож чадна. Японд бол үйлдвэрлэл дээр нэг асуудал гарлаа гэхэд Их сургууль нь түүнийг судлаад, асуудлыг нь шийдэж байдаг. Гэтэл Монголд бол судалгаа хийгээд байдаг, ашиглах боломж байхгүй. Жишээлбэл, би одоо “Өндөр чадлын хагас дамжуулагч төхөөрөмжийг сансрын орчинд хэрхэн эвдэрдэг вэ” гэсэн судалгаа хийж байна. Японд хиймэл дагуул, пуужин хийхдээ миний энэ судалгаан дээр үндэслээд шийдвэр гаргах боломжтой. Гэтэл энэ судалгаа Монголд үнэндээ хэнд ч хэрэггүй цаас. Дэлхийн шинжлэх ухаанд бол хувь нэмрээ оруулж байна л даа. Монголд харин үүнийг ашиглах боломжгүй байна. Яг ийм асуудалтай эрдэмтэд манайд олон байгаа.

-Гэхдээ та Монголын анхны Мазаалай хиймэл дагуул бүтээсэн шүү дээ?

-Мазаалай хиймэл дагуулыг бид Японд байх гурван жилийн хугацаанд бүтээсэн. Манай багт Т.Төртогтох, Д.Амартүвшин гээд хоёр докторант байсан. Ингэж хийснээрээ бид хиймэл дагуулын талаарх инженерчлэлийн мэдлэгтэй болж, маш их туршлага хуримтлуулсан. Нөгөө талдаа Монгол Улс анхны хиймэл дагуулаа НҮБ-д албан ёсоор бүртгүүлсэн. Энэ бол төслийн үр дүн.

-Мазаалай хиймэл дагуул сансарт хөөрөөд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Манайд хиймэл дагуул гэхээр ерөнхийлөөд ойлгочихдог. Гэтэл үүрэг, зориулалтаасаа хамаараад харилцаа холбоо, зайнаас тандах, байршил тогтоох, шинжлэх ухааны гээд хоорондоо ялгаатай байдаг. Мазаалай хиймэл дагуул бол шинжлэх ухааны зориулалттай. Бид хөөргөхдөө зургаан төрлийн даалгавар өгсөн. Сансрын орчны цацрагийг бүртгэх, жижиг хиймэл дагуулын байршлыг тогтоох, газрын станц ашиглах, орчин дахь агаарын нягтралыг тодорхойлох гэсэн шинжлэх ухааны үндсэн даалгавар, дээр нь сансраас ая цацах, зураг авах гэсэн хоёр комершл даалгавартай хөөргөсөн. Шинжлэх ухааны үндсэн даалгавраа амжилттай биелүүлсэн, харин газрын станцын чадлаас хамаараад зургаа татаж авч чадаагүй. Ингээд 2019 оны тавдугаар сарын 19-нд даалгавраа дуусгаад агаар мандал руу ороод алга болсон. Өөрөөр хэлбэл Мазаалай үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг.

-Монголын анхны хиймэл дагуулыг бүтээгээд хөөргөчихсөн бас доктор болчихсон залуу эрдэмтэн Монголдоо буцаад иржээ. Хийж бүтээх хүсэл, эрмэлзэл дүүрэн залууг Монголын нийгэм яаж хүлээж авсан бэ?

-Намайг Монголд ирэхээс өмнө Японд докторт сурдаг салбар, салбарын залуус анхдугаар форум зохион байгуулсан юм. Бид Монгол Улсынхаа төлөө юу хийж чадах вэ гэдгээр санал солилцож, ярилцсан. Тэгэхэд яригдсан ерөнхий санаа гэвэл:

“Энд сурсан мэдлэгээ Монголд очоод хэрэгжүүлэх боломж алга. Уг нь бүгд нарийн мэргэжлээр сураад байдаг. Гэтэл лаборатори, эмнэлэг, ферм гээд материаллаг бааз алга, төсөв мөнгө нь ч байхгүй. Тиймээс бидний хийж чадах эхний алхам бол Японоос олж авсан биет бус чадвар болох соёл, хүмүүжилээр Монголд байгаа залуустаа нөлөөлөх юм байна” гэсэн шийдэл байсан.

Манай багийн хувьд Монголд ирээд ямар асуудал тулгарсан бэ гэхээр онол, дадлагыг хослуулсан хөтөлбөр байхгүй байсан. Энэ хөтөлбөрийг шинээр нээгээд, оюутан элсүүлээд зааж өгье гэхээр хүнд сурталтай тулгарсан. Үнэндээ бид сургуулийнхаа хүнд суртлыг давж гарч чадахгүй байна.

-Юу гэсэн үг вэ тодруулахгүй юу, Их сургуульд хүсэлт тавьсан, сургууль цааш нь холбохгүй байна гэсэн үг үү?

-Сургуулийн хөтөлбөрийн хорооны хурал гэж болдог. Энэ хурлаар би хөтөлбөрөө хэлэлцүүлэх гээд хоёр ч удаа оруулсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. Бид Яаманд санаагаа хүргэж чадахгүй байна. Нэг хөтөлбөр нээж чадахгүй хоёр жил болно гэдэг асуудал. Гэтэл дэлхийн техник, технологийн хөгжил, шинжлэх ухааны салбар цаг, минутаар өөрчлөгдөж байна шүү дээ.

-Монголын нийгэм “хайрцаг”-д орчихсон юм уу даа гэж бодогдох үе байдаг. Чөлөөтэй сэтгэх, зоригтой алхам хийх дутаад байгаа юм болов уу. Үүнийг шинэ үеийн залуус яаж өөрчлөх ёстой юм бэ?

-Бид шинэ мэдлэг мэдээлэл, чадварт байнга суралцаж байх ёстой.

Манай бодлогын түвшинд байгаа ихэнх шийдвэр гаргагчид шат шатандаа бидний гаргаж буй шинэ санаачлагыг дэмжих тал даар маш хойрго байна. Ойлгохгүй, үгүйсгэсэн, доош нь дарсан, унтраасан, үл тоосон хандлагатай.

Манай багийнхан хийхээр зорьж байгаа ажлаа хүмүүст дандаа учирлаж тайлбарладаг. Ямар сайндаа Шинжлэх ухааны академийн нэг хүн дээр очоод ярилцахад шууд ойлгож, дэмжихэд эргээд бид шоконд орж байх вэ дээ. Ямар сонин юм бэ, ингэж ойлгодог, туслах сэтгэлтэй хүн байдаг юм байна гээд гайхсан Аав, ээж нь хүүхдээ урамшуулдаг шиг тийм мэдрэмж авсан гэх үү дээ.. Энэ хүнд бид юмаа ойлгуулах гэж өмнөх шигээ зовсонгүй, хүн бүр ийм байвал бидний ажил дороо урагшлана даа гээд ярилцаж байлаа. Ийм мэдрэмжийг залуус авч чадахгүй байна. Маш харамсалтай.

-Бусад улс оронд залуус нь олон давхар байшин бариад, улам гоё болгож, загвар хийцийг нь сайжруулаад л байдаг. Манайд болохоор байшин барья, газар өгөөч ээ гээд гуйгаад байгаа юм шиг?

-Яг тийм. Мэдээж туршлага хэрэгтэй байлгүй л яах вэ. Гэхдээ бидэнд хүсэл, тэмүүлэл байна. Залуусын хувьд сайн, сайхан зүйл нь дандаа ирээдүйд нь байдаг. Би тийм мэргэжилтэй болоод тийм юм хийнэ, бүтээнэ гээд ирээдүй цаг дээр л яриад байдаг. Тэр ирээдүй рүү чиглэсэн мөрөөдлөө одоо биелүүлмээр байна шүү дээ. Түүнд манай Төр засаг, ахмад үе дэмжиж, туслал даа. Хэрэв ахмад үе маань ирээдүй рүү харж чадахгүй байгаа юм бол ядаж бидний өмнөөс хараад үзэж болдоггүй юм болов уу гэж боддог байхгүй юу. Энэ бол ерөөсөө залуустаа итгэх, боломж олгох асуудал.

-Өндөр мэдлэг боловсролтой залуус нэг бол энэ байдалд урам хугараад уусаж шингээд дуусдаг үгүй бол гадагшаа явж ажилладаг. Тэгэхээр нийгмээ бид яаж өөрчлөх вэ?

-Монголд жишээ нь биотехнологи хөгжүүлэх гэж байгаа бол арван жилийн зураглал гарчихсан байх ёстой. Үүний дагуу бүх биотехнологичид чиглэл рүүгээ харсан нэгэн зорилготой ажилладаг. Монгол Улс биотехнологийн арга технологийг ашиглаад дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргана гэсэн зорилго тавиад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үүний тулд гадаадад ажиллаж байгаа боловсон хүчнүүд эх оронд нь ирүүлээд өндөр цалин хөлсөөр хангаад эхэлвэл бид тавьсан зорилгодоо хүрч чадна. Тийм нөөц бололцоо байгаа.

-Одоо ер нь залуу эрдэмтэн, судлаачид маань хаана, юу хийж явна?

-Монголд эрдэмтдийг шингээж байгаа хоёр л газар байна. Их сургууль болон Шинжлэх ухааны академи. Академи бол менежментийн хувьд хуучирсан. Би тэгж л хэлнэ. Яагаад гэвэл тэнд маш бага мөнгө төсөвлөж байна. Түүнд нь тааруулж хүмүүс ажиллаад байна. Их сургуулийн хувьд сүүлийн үед инноваци, судалгаа гээд ярьж байна. Үүнийг хэн хийдэг вэ гэхээр залуучууд буюу магистр, докторууд хийдэг. Гэтэл энэ бүлэг хүмүүсийг процедурынхаа хувьд өөртөө шингээж, боловсруулж, гаргаж ирэх дамжлага маань Их сургууль байж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тухайлбал, дөнгөж сургуулиа төгссөн залуу сургуульдаа ажилд орьё гэвэл эхлээд лаборант хийх ёстой. Энэ бол лабораториудыг хариуцсан тогтмол орон тоо. Тэнд нэг хүн ороод насаараа лаборант хийж болно. Тэгэхээр залуу багш нар яаж ажилд орох юм бэ. Цус сэлбэх ямар ч урсгал байхгүй болчихож байгаа байхгүй юу. Тэнхимд гэхэд 20 хувь нь л залуу багш нар байна.

-Бид залуусаа дэмжих ёстой л гээд яриад байна. Тэднийг дэмжсэнээр Монголд ямар өөрчлөлт гарах вэ?

-Монголын хүн амын 65 хувийг 35-аас доош насны хүмүүс эзэлж байна гэсэн статистик байдаг. Энэ капиталаа зөв газар нь зөв ашиглаж чадвал Нийслэл хотод тулгамдаж буй асуудал дороо л шийдэгдэнэ.

Дээд мэргэжил эзэмшсэн хүн амын дунд гадаад төгссөн хувь гэж байгаа. Үүнийг хувилж үзэхэд Монгол Улс дэлхийд нэгд ордог гэсэн судалгаа гарчээ. Нэг талаас бид гаднаас маш өндөр боловсрол эзэмшээд байгаа юм шиг хэр нь нөгөө талаас яг тэр хэмжээний чадвартай залуусаа гадагш нь алдаад байна.

Тэр хүмүүсийг эх орондоо тогтоож бариад, ашиглаж чадвал Монгол дороо л хөгжинө.

-Залуусыг шүүмжлэх хэсэг байдаг. Залхуу, идэвхгүй, ажил голдог, тууштай биш гээд залуус өөрсдөө л болохгүй байна гэдэг л дээ?

-Тийм тал байгаа. Сургуулийн хүүхдүүдийг харахад зарим нь тийм өсч байна. PC тоглоом эргүүлээд, дэмий сэлгүүцээд явж байдаг. Гэтэл манай бүс нутгийн гэгдэх Япон, Солонгос, Хятад улсын хүүхдүүд өглөө хичээлдээ яваад өдөр давтлага аваад орой нь өөрийгөө хөгжүүлэх сургалтад явдаг. Өдөржингөө ажил хийдэг хүн шиг боловсорч байна. Ийм соёлыг багаас нь суулгадаг. Харин манайд хүүхдийг багаас нь сургаж, хүмүүжүүлэх тал дээр анхаарахгүй байна. Аав ээж нь хүүхдээ багшид даатгачихдаг. Гэтэл багшийн цалин өнөөдөр хэд билээ. Яаж хэдэн төгрөг нэмж олох вэ гэсэн ахуйн бодолтой хүмүүс ажилдаа 100 хувь анхаарлаа хандуулж чадахгүй шүү дээ. Тэгээд хүүхэд, залуусыг хэн хүмүүжүүлж байна гэхээр интернет, цахим орчин, PC тоглоом, олон ангит кино. Хүүхдүүдээ ингэж хаячихаад эцэст нь тэднийг шүүмжлээд байж болохгүй. Залуус хэрвээ залхуу байгаа бол бидний нийгэм тийм л байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл боловсролын систем буруу байгаа хэрэг. Хүн бүр математикч болох албагүй гээд зарим байгалийн ухааны хичээлийг сонголтод оруулчихсан. Үнэндээ математикийн шинжлэх ухаан хүний амьдралд өдөр тутам хэрэг болдог. Хүн төрөлхтөн өдий зэрэгтэй хөгжсөн гол тулгуур нь эдийн засаг. Шинжлэх ухаанаар дамжуулан бид залуу үеэ боловсруулах ёстой. Нөгөө талаас залуус залхуу, идэвхгүй байгаа асуудал шууд цалин, хөлстэй холбоотой.

-Таны хувьд Монгол орныхоо хөгжилд яаж хувь нэмрээ оруулах вэ, цаашдын зорилго юу вэ?

Манай багийн залуус Монгол Улсыг 2206 он гэхэд технологийн хувьд нарны аймгийн нэгдүгээр улс болгох хэтийн зорилго тавьсан.

Зарим хүнд энэ хийсвэр сонсогдож магадгүй. Бид мэдээж тэр үед байхгүй л дээ. Гэхдээ хойч үе маань бидний эхлүүлсэн ажлын үр шимийг хүртэх юм. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ.

Яагаад 2206 он гэж?

-Их Монгол Улс байгуулагдсанаас хойш 1000 жилийн дараа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж