Сүүлийн хэдэн жилд бага насны охид ор сураггүй алга болсоор байгаа нь хэн хүний сэтгэлийг эмзэглүүлж байна. Тэдгээр охид хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй. Сэжүүр нь ч олдохгүй байгаад хэргийн учир буй. Тэдний нэг нь Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охин юм. Түүний сураг гараагүй байхад бага насны хоёр ч охин дахин алга болов. Хамгийн гол нь хөдөө орон нутагт эдгээр охид сураггүй алга болсон нь гайхшрал төрүүлж байгаа юм. Бид энэ удаагийн сурвалжилгаа Замын-Үүд сумаас бэлтгэлээ.
Одоогоос хоёр жилийн өмнө Д.Сэржмядаг охин гэрээсээ гараад хичээлдээ явах замдаа сураггүй алга болсон юм. Охины ээж Б.Хоролмаа “Хэзээ нэг өдөр үүдээр ороод юм шиг санагддаг. Миний охиныг авч явсан хүн байвал одоо гаргаад өгчхөөч хэмээн гуйх цөхрөнгөө барах аж. Эхийн сэтгэл, тэр дундаа охин үрээ алдаж, амьдын хагацал үзсэн энэ гэр бүлийн гуниг, зовлонг бид төсөөлшгүй. Охиноо эсэн мэнд байгаасай хэмээн хэдэн мянга залбирч, сүүгээ өргөж суугаа эхийн сэтгэл даанч сайхан. Д.Сэржмядаг охин өдгөө тавдугаар ангид суралцах ёстой. Охины ангийн багш н.Өлзиймаатай цөөн хором уулзав. Тэрбээр “Охин алга болоод хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд байнга л сэтгэл зовниж суулаа. Охиныг алга болсон даруйд сум даяараа хайгаад гараад ирэх болох уу гэж итгэж байсан. Одоо ч гэсэн хүлээж дотроо найдаж сууна” гэлээ. Мөн ангийн багш бүсгүй охиныг алга болсноос хойш сэтгэлийн хямралд автдаг болсон тухайгаа бидэнд хэлсэн юм.
Эргэн сануулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ор сураггүй алга болоод хоёр жил болжээ. Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. Алга болох үедээ цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан аж. Охиныг хайх ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа.
Тус өдрийн 16.30 цагийн орчимд түүний эгч Д.Ариунзаяа ээж рүүгээ ярьж “Ээжээ дүү алга болчихсон байна. Сургууль дээрээ очоогүй гэнэ. Гэртээ алга байна” гээд уйлжээ. Ингээд ар гэрийнхэн нь тухайн өдрийнхөө 18.00 цагт Цагдаагийн байгууллагад охиныг алга болсон талаарх мэдээллийг өгсөн байдаг.
Охиныг алга болдог өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгасан ч ямар нэг ч сэжүүр олоогүй. Д.Сэржмядагийг алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Замын-Үүд сумыг нэгжсэн. Тэд сум болон сумын төвөөс 15 км-ын радиуст самналт хийж үзсэн ч олдоогүй. Харин одоо улс орон даяар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч чихэнд чимэгтэй ганц үгийг цагдаа нар дуулгалгүй хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна.
ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ХАМТРААД ОХИНЫГ МИНЬ ХАЙВАЛ ТОДОРХОЙ ҮР ДҮН ГАРАХ БОЛОВ УУ
Охины ээж Б.Хоролмаатай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Охин алга болоод хоёр жил болж байна. Эрлийн ажиллагаа ямар шатанд явж байна вэ. Ямар нэгэн шинэ сэжүүр, сураг ажиг гарч ирсэн үү?
-Эрлийн ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Эгч нь Замын-Үүдийн цагдаа нартай байнга холбоотой байдаг. Тэд хэлэхдээ таны охиныг хайж байгаа эрлийн ажиллагаа зогсоогүй гэдэг. Миний бодлоор зөвхөн цагдаагийнхан гэлтгүй тагнуулынхан эрлийн ажиллагаанд оролцоосой гэж хүсч байна. Олон хүчний байгууллага хамтраад охиныг минь хайвал тодорхой үр дүн гарах болов уу. Өнөөдөр зөвхөн цагдаагийн байгууллагынхан хайж байна. Тэгээд чаддагаараа лам бөөд л үзүүлэх юм. Тэдний дийлэнх нь охиныг хил давуулсан боловч эсэн мэнд байгаа гэж хэлдэг.
Миний хувьд охиныгоо Монголдоо байгаасай гэж залбирдаг. Хилийн чанадад гарсан байгаа тохиолдолд тагнуулын алба хайж олно уу гэхээс бид нар яваад хайж олж чадахгүй шүү дээ. Наад зах нь Хятадын цагдаа дээр яваад орохоор үйлчлэхгүй. Миний охиныг санамсаргүй тохиолдлоор хүн авч яваад нуучихсан ч юм бил үү гэж дотроо бодох юм. Амьд мэнд, эрүүл саруул гэртээ хүрээд ирээсэй гэж залбирч суудаг. Нэг удаа охинтойгоо эсэн мэнд уулзаж байна гэж зүүдэлсэн. Тэр зүүдэнд миний охин Бээжингээс ирж байгаагаар орж ирсэн.
-Охиныг алга болсны дараа цагдаагийн байгууллагаас гурван хүнийг шалгасан гэх мэдээлэл байна?
-Тэрийг бол мэдэхгүй. Цагдаа нар хэлэх юм аа хэлнэ. Хэлэхгүй юм аа хэлэхгүй. Хамгийн сүүлд хаана явж байсныг нь харсан хүн байдаг юм билээ. Ах дүү нарыг бас шалгасан. Тэрнээс өөр мэдээлэл одоогоор байхгүй байна. Өнгөрсөн жил манайх баруун аймгуудаар явсан юм. Сураглаад явахад цагдаа нар ард иргэдийн дийлэнх нь мэдэж байсан. Бид Хөвсгөл явахад Мөрөн сумын цагдаатай уулзахад н.Мөнгөнцэцэг гэдэг охин одоог хүртэл олдоогүй талаар хэлсэн. Мөрөн сум Туватай хил залгаа оршдог. Үүнээс гадна Сэлэнгэ аймагт алга болсон Б.Ундармаа охин мөн л хил залгаа суманд байж байгаад алга болсон. Энэ гурван охин дээр ямар ч сэжүүр олдохгүй байгаа.
Өөрөөр хэлбэл охидыг хулгайлдаг бүлэг улсууд байгаа юм биш биз дээ гэж хардаж байна. Хилийн бүсэд байгаа болохоор охиныг нь минь хил давуулчихсан байж магадгүй. Гэхдээ Монгол хүн тийм муухай зүйл хийхгүй байлгүй дээ гэж бодох юм. Хамгийн гол нь хилийн онцгой бүс нутагт камержилт байхгүйд сэтгэл дундуур байна.
Ардчилал гараад 20 гаруй жил болж байхад улсын хилийн бүс нутаг ямар ч камержилт байхгүй байна шүү дээ. Төр засагтаа гомдох юм даа. Камертай байсан бол өдийд ямар хүн аваад явсныг нь олчихно шүү дээ. Гэгээн цагаан өдөр хүүхэд алга болчхов гэж хэн бодох билээ. Би өөртөө ч бас гомддог. Тухайн өдөр Сайншанд яваагүй байсан бол хүүхэд минь алга болохгүй байсан байх. Төр засгийн дарга нарын хүүхэд алга болсон бол аль хэзээний олоод авчихсан байх байлгүй дээ. Тиймээс энэ хэрэгт тагнуулынхан хамтраад хайгаасай гэж бодох юм.
-Таныг төрийн өндөрлөгүүдэд хандсан гэсэн мэдээлэл бий. Цаашид олон улсын байгууллагад хандах уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж үг хэлсэн. Тэгэхдээ ОХУ-ын зөн билэгтэнтэй уулзуулж, тус болж өгөөч ээ гэсэн. Ерөнхийлөгч тэр даруйд тусалснаар ОХУ-ын зөн билэгтэнтэй уулзсан. Зөн билэгтэн хэлэхдээ хар жийптэй мафийн хүмүүс авч явсан гэсэн. Бид охиноо хүрээд ирэх болов уу гэж горьдоод хүлээж байгаа ч хүүхдээ орхиж явснаараа бид хоёр л буруутай. Одоогоор олон улсын байгууллагад хандаагүй. Цаашдаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагатай очиж уулзаад эрэн сурвалжилвал яадаг юм бол гэсэн бодолтой байна. Төрүүлсэн үрээ яасан нь мэдэгдэхгүй алдчихаад сууж байна гэдэг амьдын там байдаг юм байна даа.
ХҮҮХЭД АЛГА БОЛСОН ТОМ СУРГАМЖИЙН ДАРАА КАМЕРЖУУЛАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ЗОРЬСОН ГЭВ
Энэ асуудлаар бид Замын-Үүд сумын аймгийн Засаг дарга Н.Алдарбаяртай уулзав. Тэрбээр "2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Д.Сэржмядаг охин алга болсон. Охиныг эрэн хайх эрлийн ажиллагаа ЦЕГ дахь ажлыг хэсэгт төвлөрч, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хилийн боомт учраас хүүхэд алга болохоос сэргийлэхийн тулд турникет буюу цахим бүртгэлийн системийг сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар сургуульд нэвтрүүлсэн. Дээрх систем нэвтэрснээр хүүхэд бүрийн сургуулиас орж, гарч буй мэдээлэл нь эцэг эхэд нь мессежээр очдог болсон. Энэ жилээс бид хоёрдугаар сургуульд нэвтрүүлэх бол дараа жилээс үлдсэн сургуулиа хамруулна. Хүүхэд алга болсон том сургамжийн дараа камержуулах асуудлыг шийдвэрлэхээр зорьсон. 2017 оны сүүлээр бид 39 байршилд камержуулалт хийсэн. Одоо бид хяналтын камерыг цагдаа дээр төвлөрүүлэн ажиллаж байна. Цаашдаа орон нутгийн төсвөөр үлдсэн газруудаа камержуулна. Ингэснээр гэмт хэргийн тоо буурч, эрсдэлээс хамгаалах боломжтой болно" гэлээ.
Өнгөрсөн хугацаанд охиныг эрэн хайх эрлийн багийнхан татан буугаагүй бөгөөд эл хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч мөн л сэжүүр олоогүй юм. Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12.30 цагийн орчимд ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй аж. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байдаг. Холбогдох байгууллагууд чадах чинээгээрээ эрлийн ажиллагаа явуулж байгаа ч амжилтад хүрэхгүй л байна. Сураггүй алга болсон охид үүгээр зогсохгүй. Өнөөдөр бид охидоо хаанаас нэхэх вэ, хэнээс бурууг хайх вэ. Төр, засгаас уу, эцэг эхээс нь үү. Ямартай ч охидод маань дахин муу зүйл битгий тохиолдоосой гэж хүснэм.
Холбоотой мэдээ