Трамп Зеленскийд шахалт үзүүлсэн нь нотлогдов

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

Трамп Зеленскийд шахалт үзүүлсэн нь нотлогдов

Трамп Зеленскийд шахалт үзүүлсэн нь нотлогдов

АНУ-ын Ерөнхийлөгч Украины Ерөнхийлөгчтэй өнгөрсөн долдугаар сард утсаар ярихдаа түүнд нэгэн ажил даалгасан талаар шуугиан АНУ даяар өрнөж, тэр ч бүү хэл Трампыг огцруулах асуудал хүртэл хөндөгдөөд байна. Үүнээс үүдэн Конгресс дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулгах үйл явц буюу импичментийг эхлүүлээд байгаа юм.

Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихдаа ирэх сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж буй дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон түүний хүүг тагнаж, чагнахыг Зеленскийд даалгасан гэх мэдээлэл АНУ-ын тагнуулын газрын нэрээ нууцалсан ажилтнаас иржээ. Эндээс бүх зүйл эхлэв. Тэрхүү утасны ярианы дараахан АНУ Украины зэвсэгт хүчний салбарт 250 сая ам.долларын тусламж олгох шийдвэр гарсан нь асуудлыг бүр ч сэжигтэй болгосон юм.

Обамагийн үед дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Байден нь Трампын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэрбээр тухайн үед Украинтай харилцах гадаад бодлогыг тэргүүлж байсан юм. Харин түүний хүү Украины байгалийн хийн компанид хувь эзэмшигч бөгөөд тухайн үед Байден хүүгийнх нь компанийн авлигын хэргийг шалгаж байсан прокурорыг ажлаас нь халуулах шахалтыг Украины талд үзүүлж байсан гэх яриа гарч байсан юм. Жо Байден тухайн үед Украины прокурорыг халуулах хүсэлт тавьж байснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ нь хүүгийнх нь бизнестэй огт хамааралгүй, хүүгийнхээ бизнест огт оролцож байгаагүй гэж мэдэгдэж байв. Мөн тэрбээр Трампыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, дотоодын сонгуульд гаднын улсын тусламжийг авах гэлээ хэмээн буруутгаж, утасныхаа яриаг олон нийтэд дэлгэхийг шаардаж байгаа юм.

Дуулианы гол дүр болоод буй Дональд Трамп уг асуудлын талаар “Би Зеленскийтэй Украинд болж буй авлига хээл хахууль, Жо Байден болон түүний хүү шиг хүмүүс тус улсад авлигыг хэрхэн цэцэглүүдэг, мөн бас бус асуудлын талаар ярилцсан. Гэхдээ би хэнд ч даалгавар өгч, хэнийг ч дарамтлаагүй. Гэхдээ Байден болон түүний хүү бол муу хүмүүс. Тэд авлигачид. Үүнийг л баттай хэлж чадна. Импичментийн хувьд бол Ардчилсан намынхан үнэхээр зальжин байна. Тэд яг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн долоо хоногийг тааруулж энэ асуудлыг хөндлөө. Тэд дахиад л өнөөх шулмын ангаа хийх гэж оролдож байна. Тэд өмнө нь ОХУ-тай холбоотой хэмээн гүтгээд бүтэлгүйсэн. Эдийн засгийн уналтын асуудлыг хөндөөд ч бүтэлгүйтсэн” хэмээн хэлжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Зеленский “Би бол тусгаар улсын Ерөнхийлөгч. Хэн ч намайг дарамталж чадахгүй. Утасны яриаг дэлгэх тухайд бол АНУ-ын тал зөвхөн өөрсдийнхөө яриаг дэлгэж болно. Би Жо Байден болон түүний хүүтэй асуудлын талаар юу ч мэдэхгүй. Гэхдээ одоо өрнөөд буй бүх асуудлуудын талаар мөрдлөг, шалгалт явуулах болно” хэмээн мэдэгджээ.

Өөрийгөө хохирогч хэмээн зарлаад буй Жо Байден “Трамп миний мөр бүхнийг шиншилж байна. Тэр хувийн улс төрийн дайсагналаа үндэсний аюулгүй байдлаас дээгүүрт тавьж, бүх шатанд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл” хэмээн хэлсэн байна.

Ингээд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампын хууль бус үйлдлийг мөрдөн шалгасны үр дүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах /импичмент/ албан ёсны шийдвэрийг гаргасан талаар Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси өчигдөр /2019.09.25/ мэдэгдэв.

ТРАМП, ЗЕЛЕНСКИЙ НАРЫН ЯРИАНЫ ТЭМДЭГЛЭЛИЙГ ДЭЛГЭВ

Пелосигийн мэдэгдлийн дараагаар Конгрессын шахалтаар Трамп, Зеленский нарын ярианы тэмдэглэлийг Цагаан ордон ил болгосон байна.
Утасны тэмдэглэлээс харвал Трамп Зеленскийд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргээд удалгүй өөрийн өрсөлдөгч Жо Байдентай холбоотой асуудлыг ярьж эхэлжээ. Тэрбээр “ Маш олон хүн Байден болон түүний хүүгийн талаар хэргийг ил болгохыг шаардаж байна. Тиймээс би өөрийн ерөнхий прокуророо танай хүмүүстэй холбож, энэ асуудлыг шийдвэрлэмээр байна. Иймд танай талаас хамтран ажиллахыг хүсч байна. Мөн үүнээс гадна нэг асуудлыг тодруулж өгөх хэрэгтэй байна. 2016 оны сонгуулийн үеэр Оросын тагнуулынханд алдсан Ардчилсан намын серверийг олоход туслахыг хүсч байна. Тэр сервер Украинд байгаа гэж би сонссон” хэмээн ярьжээ. Зеленский хариуд нь энэ асуудалд анхаарлаа хандуулах болно хэмээн амласан байна. Ийнхүү утсаар ярьсныхаа дараа удалгүй Трамп Украинд үзүүлэх тусламжаа хойшлуулж байгаагаа зарласан нь Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн гэх таамгийг бүр гүнзгийрүүлж байгаа юм.
Одоогоор Конгрессоос томилогдсон мөрдөн шалгах комисс Цагаан ордноос гаргаж өгсөн ярианы тэмдэглэл болон бусад бичиг баримтуудтай танилцаж, шалгаж байгаа юм.

ИМПИЧМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ? ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Импичмент гэдэг нь холбооны албан хаагчийг тэр дундаа Ерөнхийлөгчийн “улс орноосоо урвасан, авлига хээл хахуульд орооцолдсон болон бусад хүнд гэмт хэрэг, эрх зүйн зөрчил” гаргасанд буруутган хариуцлагад татах үйл явц юм. Тухайн хүнийг импичментээр буруутгах эрх Конгрессын Төлөөлөгчдийн танхимд байдаг бол шүүх хуралдааныг Сенатад /дээд танхимд/ АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалан явуулдаг ажээ. Хуралдаанд оролцсон Сенатын гишүүдийн гуравны хоёр нь огцруулахыг дэмжсэн тохиолдолд тухайн албан тушаалтныг огцруулдаг байна.

Энэ дүрмээр явбал Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонх учир Трамп маргаанд ялагдах магадлал өндөр. Харин эцсийн шийдвэрлэх шат буюу Сенатын танхимын санал хураалтад Бүгд найрамдахчууд олонх учир Трамп огцрох нөхцөл бараг бүрдэхгүй юм.

АНУ-ЫН ТҮҮХЭНД ЕРДӨӨ ГУРВАН УДАА ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЭСРЭГ ИМПИЧМЕНТ ЗАРЛАЖ БАЙВ

АНУ-д импичмент үзүүлэх асуудлыг аль 1787 онд үндсэн хуульдаа тусгайлан зааж өгсөн байдаг ба тус улсын түүхэнд төрийн тэргүүнийг огцруулах импичментийг гурван ч удаа санаачилж байжээ. 1868 онд Ерөнхийлөгч Эндрю Жонсоныг /1865-1869/ цэргийн сайдыг хууль бусаар огцруулсан гэж буруутгасан бол Билл Клинтоныг 1998-1999 онд шүүхэд худал мэдүүлэг өгсөн, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгаж байв. Харин энэ хоёр Ерөнхийлөгчийг Сенат цагаатгасан билээ. Харин Ричард Никсон /1969-1974/ Сенатын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өөрөө огцрох өргөдлөө өгч байжээ. Түүнийг “Уотергейт” гэдэг улс төрийн томоохон дуулианд холбогдуулан огцруулах асуудал яригдаж байсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж