Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Дур булаам Жоди

Лос-Анжелес хотноо телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 71 дэх удаагийн “Emmy” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан билээ. Бид энэ удаад ХҮМҮҮС буландаа энэ жил “Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан Жоди Комерыг онцолж байна.

Дур булаам, уйгагүй хөдөлмөрч, жүжигчин бүсгүй Их Британийн олон цувралд тогложээ. Үзэгчид түүний сэтгэл хөдөлгөм, эелдэг дүрүүдэд дурладаг. “Killing Eve” кинонд бүтээсэн дүр нь түүнд дэлхийд цуурайтах алдар нэрийг авчирчээ.

ХҮҮХЭД НАС

Жоди Комер (Jodie Comer) 1993 оны гуравдугаар сарын 11-нд Их Британийн Ливерпульд бизнес эрхлэгч Жеймс, Донна нарын том охин болон мэндэлжээ. 173 см өндөр, 58 кг жинтэй. Загасны орд. Тэрбээр өөрөөсөө гурван насаар дүү Чарлигийн хамт өсч, хүжүүжиж, сургуульд суралцан, бүжгийн студид хичээллэдэг байжээ.

Ахлах сургуульд байхад нь драмын багш нь түүний авьяасыг олж харж, улмаар залуу жүжигчдийн уралдаанд оролцохыг урьж, Жоди тэргүүн байр эзэлсэн байна. Ийнхүү залуу жүжигчинд BBC-гийн "Tin Man" радио нэвтрүүлэгт орох боломж олджээ.

Телевизийн захирлууд 14 настай охины авьяас чадварыг биширсэн байна. Жоди 2007-2011 онд “Justice”, “Faith” цуврал кинонуудад дүр бүтээж, улирлын турш Йоркшир театрт ажиллан, ур чадвараа дээшлүүлжээ.

КАРЬЕР

Жоди Комер 2013 онд өсвөр насныхны амьдралыг харуулсан “Fat Woman’s Diary”-д тоглож, цувралын эхний анги нээлтээ хийсний дараа нэр хүнд нь улам өссөн байна. Энэ цуврал нь өсвөр насны хүүхдүүдийн өөрийгөө таних, эцэг эхчүүдтэй харилцах харилцаа, хар тамхи хэрэглэн, бэлгийн харьцаанд эрт орж буй зэрэг сэдвүүдийг хөнджээ. Тэрбээр Майкл Пэйлиний найруулсан “Remember Me” цуврал киноны гурван гол дүрийн нэг, асрамжийн газрын сувилагч Ханнагийн дүрийг бүтээсэн байна.

Жоди "Thirteen" телевизийн олон ангит кинонд арван гурван жилийн боолчлолын дараа гэртээ буцаж ирсэн Ивийн дүрд тоглосон нь авьяас чадварыг нь улам тодотгожээ. Энэ дүрээрээ тэрбээр хэд хэдэн нэр хүндтэй шагналд нэр дэвшиж, Британийн кино урлагийн өсч буй одоор нэрлэгдсэн аж.

ШИЛДЭГ ДҮРҮҮД

Жоди Комер 2015 онд "Lady Chatterley’s Lover" кинонд тоглож, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Жүжигчин бүсгүй 2016 онд, гэрийнхээ зоорийн давхарт хэд хэдэн эмэгтэйг тамлаж хөнөөсөн, Английн хамгийн жигшүүрт гэмт хэрэгтнүүдийн нэг Жон Кристи гэх эрэгтэйн дүрийг бүтээсэн Тим Роттой хамтран “Rillington Place” кинонд тоглосон байна. Энэ нь Жодигийн бүтээсэн дүрүүдээс хамгийн эмгэнэлтэй дүр бөгөөд маньяк эрийн золиос болсон хөөрхийлөлтэй бүсгүйн дүрийг бүтээжээ.

Жоди 2017 онд "White Princess" түүхэн төсөл дээр ажилласан нь залуу жүжигчний авьяас чадварыг улам бататгажээ. Энэ цувралд Жоди Цагаан сарнай өв залгамжлагч залуу Элизабетын дүрийг чадварлаг бүтээж, язгууртны дүр төрхийг чадварлагаар харуулсан байна.

Залуу жүжигчин бүсгүй 2018 онд The Smiths ба домогт Моррисийн түүхийг өгүүлсэн “England belongs to me” кинонд тогложээ. Тус кино “The New British Cinema" наадам дээр танилцуулагдсан бөгөөд босогч залуу дэлхий ертөнц дээр оффисын ажил, цалингаас илүү олон сайхан зүйл байдгийг нотолсон байна. Тус кинонд Жоди хөгжимчин бүсгүйн найз эмэгтэйн дүрийг бүтээжээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Жүжигчин бүсгүй хувийн амьдралынхаа талаар илэн далангүй яриад байдаггүй ажээ. Жоди Ливерпульд эцэг эхийн хамт амьдардаг, ном унших дуртай, Жорж Харрисоны бүтээлүүдийг шимтэн үздэг байна.

Дүү Чарлигийнх нь бэлэглэсэн, буддын шашны бэлгэдэл бүхий бугуйвч Жодигийн сахиус. Жүжигчин бүсгүй байнга зүүдэг бөгөөд өөрт нь аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.

Тэрбээр 2018 оноос эхний бүлгээсээ л дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан "Killing Eve" кинонд тоглосон. Тус кинонд шинжээч MI5 Ева Поластри болон орос гаралтай алуурчин Вилланелийн хооронд өрнөх үйл явдлын тухай өгүүлдэг. “Эмми эвардс”-ын хэд хэдэн номинацид нэр дэвшсэн тус цуврал киног Жон Ле Карре ном болон Жеймс Бонд киноны зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Жоди 2018 онд зураг авалтаа эхлүүлсэн "Death on the Nile" кинонд тоглож буй бөгөөд тус киноны нээлтийг 2020 оны намар хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: BIOGRAPHY, ELLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж