ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: УИХ тарах нь зөв үү

Хуучирсан мэдээ: 2019.09.26-нд нийтлэгдсэн

ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: УИХ тарах нь зөв үү

ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: УИХ тарах нь зөв үү

"Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ" гэсэн асуултад хуульчид болон улс төр судлаачийн өгсөн хариултыг хүргэж байна.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан: УИХ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙДАЛ ОГТ ҮҮСЭЭГҮЙ

Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатгаж явуулах нь зохисгүй. Хэрэв УИХ-ын сонгуультай хамтад нь санал асуулгыг явуулбал, агуулгын гэхээсээ илүү одоогийн олонхын хийсэн өөрчлөлт гэдэг хандлагаар улс төрийн намууд үндсэн хуулийн өөрчлөлтийг шүүмжилж, улстөржилт явагдана. Гурван парламент дамжиж арай гэж гацаанаас гарсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадахгүй бол гарах үр дүн нь аль нэг нам, улстөрч гэхээсээ илүүтэй Монголчуудад бүгдэд нь хохиролтой. Хоёрдугаарт, УИХ тарах ямар ч эрхзүй үндэслэл алга. Ээлжит сонгууль болохоос хэдхэн сарын өмнө УИХ тарж, ээлжит бус сонгууль хийх ямар ч шаардлага алга. Мөн, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж түүний гишүүдийн гуравны хоёроос дээших нь үзэж шийдсэн үед өөрөө тардаг. Өнөөдрийн байдлаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдал огт үүсээгүй, харин ч өмнөх УИХ-ын бүрэлдэхүүнүүд шийдэж чадаагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг эцэслээд иргэдээрээ батлуулахаар шийдвэрлэж чадлаа. УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг улсын төсвөө батлах, Ерөнхий сайдаа томилох асуудал хэвийн явж байгаа. Ерөнхий сайд ажлаа хийж байна, удахгүй төсвөө өргөн барьж, батална. Өөрөөр хэлбэл, УИХ тарах хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэсэн амлалт өгч, иргэдээс 65 суудлын дэмжлэг авсан олонхийн бүлэг эхэлсэн ажлаа гүйцээх ёстой. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгийг баталж чадах юм бол дараа нь дагаж гарах хуулиудаа маш сайн хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг нийгэмд гаргахын тулд энэ суурь хуулийн өөрчлөлтийг дагаж гарах 30 гаруй хуулийг маш сайн боловсруулах ёстой. Энэ УИХ-д янз бүрийн нэр хоч зүүдэг боловч нуруутай гишүүн олон бий, тийм учраас энэ чухал нэмэлт, өөрчлөлт өдий зэрэгтэй явж гарч ирээд байна. Бүтэн гурван жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон дагалдах хуулиуд дээр асуудлаа ярьсан гишүүд байгаа. Тиймээс дагалдах чухал хуулиудыг ч мөн энэ их хурал баталж гаргаасай гэж иргэний хувьд хүсч байгаа. Учир нь, хуулиуддаа өөрчлөлтөө тусгаад зөв хэрэгжүүлж чадвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үр дүнгээ өгнө.

Хуульч, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: ХАЖУУД СУУЖ БАЙГАА ХҮҮХЭД МААНЬ СОЛИГДЧИХВОЛ БИ ОНЦ СУРНА ГЭЖ БАЙГАА ХЭРЭГ 

Хажууд сууж байгаа хүүхэд маань солигдчихвол би онц сурна гэж байгаа хэрэг шүү дээ. Хажуудах нь зарим нэг гишүүний хувьд хэтэрхий дүрсгүй, үймүүлээд байдаг байж болох юм. Тэгээд нөгөө үймүүлээд байгаа хэддээ шаардлага тавьж чаддаггүй, аймхай. Хувийнхаа ажлыг бол доогуураа найгүй сайн хийнэ, улсынх болохоор нам гүм болчихдог. Тийм хүнээр өөрийгөө дахин төлөөлүүлнэ үү, үгүй юу гэдэг нь сонгогчийн мэдэх асуудал. Нөгөө талаас утаа, махны үнэ, ЖДҮ-чин гишүүдээ хамгаалаад байгаа, бас Ерөнхийлөгчөөс ирэх цохилтууд гэх мэт олон асуудлын нөлөөллөөр одоогийн Засгийн газрын нэр хүнд ирэх хавар иргэдийн дунд унах эрсдэлтэй, бараг унаж таарна. Энэ эрсдлийг тооцоод ЖДҮ-чдийн мөчир дээр тогтож байгаа Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон түүний Пи-Ар баг, магадгүй Ерөнхийлөгчийн зүгээс энэ санааг дэмжиж болно.

Хуульч Ж.Эрхэмбаатар: ХУУЛИЙГ БОДИТ БОЛГОХ ҮНДСЭН АЖЛААСАА ЭНЭ ПАРЛАМЕНТ ТАТГАЛЗАЖ БОЛОХГҮЙ

Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтад нь явуулах нь учир дутагдалтай. Улс төрийн сонгуулийн үед өрнөдөг хар Пи-Ар нь эргээд Үндсэн хуульд туссан зарим заалтыг бүдгэрүүлэх талтай. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлт нь органик хуулиудаараа амилна. Гэтэл энэ парламент органик хуулиудаа хийхгүй тарчихвал дараагийн шинэ парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар зорилготой хийсэн, цаана нь ямар агуулга илэрхийлэгдсэн бэ гэдэг дээр маргаан үүснэ.  Хуулийг бодит болгох үндсэн ажлаасаа энэ парламент татгалзаж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон хамгийн аюултай заалт болох "Ард түмэн стратегийн ордны дийлэнх өгөөжийг хүртэнэ" гэсэн заалт орсон. Гэтэл өгөөж гэдгийг зарим нам одоо хүртэл хувьцаа гэж тайлбарладаг. Өгөөж гэдгийг хувьцаа гэдэг утгаас нь салгаж органик хуульдаа тодорхой зохицуулах ёстой. Гэтэл дараагийн УИХ нь өгөөж гэдгийг хувьцаа гээд органик хуулиуддаа оруулчихвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн гарахгүй гэсэн үг. Иймээс энэ парламент эхлүүлсэн ажлаа дуусга гэдгийг шаардмаар байна.

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од: ШИНЭ НЭР ДЭВШИГЧИД СОНГОГЧДОД ТАНИГДАХААС НЬ ӨМНӨ СОНГУУЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ХИЙХ ГЭСЭН ТАКТИК Ч БАЙХ МАГАДГҮЙ

Өнгөрсөн гурван жил хийж, хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрээ хангалтгүй гэж үзээд ирэх зургадугаар сард дүнгээ тавиулахаасаа өмнө ээлжит бус сонгууль хийе гэхийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, улс төрийн намд итгэх иргэдийн хандлага буурсаар байвал 2020 оны сонгуулиар нам биш хувь хүнийг нь харах сонголт нэмэгдэнэ. Энэ тохиолдолд шинэ нэр дэвшигчид сонгогчдод танигдахаас нь өмнө сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх гэсэн тактик ч байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт маш олон хүчин зүйлээс хамаарах бодлогын сонголт явагдаж байгаа байх. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө хийх улс төрийн шийдэл байж болно. Гэхдээ нийгэм эдийн засаг, байгаль орчин, цаг уурын нөхцөл байдлыг сайтар тооцож үзэж байж шийдвэр гаргахгүй бол дараа нь үүсэх үр дагавар нь магадгүй парламент бүрдэж чадахгүй сунжирсан нөхцөл байдал үүсэх вий гэдгийг сайн бодох л хэрэгтэй.

Тухайн гишүүн “Өнөөгийн УИХ чадамжгүй байна, бид муу ажиллалаа" гэж хэлээд УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд дараагийн УИХ-д нэр дэвших нь ёс зүйн хувьд мэдээж зөрчилтэй ойлголт. Харамсалтай нь, өнөөдөр ёс зүй ярих байтугай хуулиа ч дагаж мөрддөггүй манай улсад үндсэндээ улс төр нь ёс зүйгүй тоглолтууд болж хувирсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж