“Нөөцийн мах бэлтгэх хүсэлт хүргүүлээд эхэлсэн” | News.MN

“Нөөцийн мах бэлтгэх хүсэлт хүргүүлээд эхэлсэн”

“Нөөцийн мах бэлтгэх хүсэлт хүргүүлээд эхэлсэн”

Өнгөрсөн хавар нөөцийн мах худалдаанд гарах үед үхрийн мах зарим дэлгүүрт 16 мянга 500 төгрөг хүртэл өссөн. Хаврын тарчиг цагт махны үнэ хөөсөрч, лангуу хоосорсонд нийслэлийн иргэд бухимдаж, махны үнийг бууруулах дорвитой ажил хийхийг холбогдох байгууллагуудаас шаардсаар байгаа билээ. Махны үнэ өссөн нь өмнөх жилийнхээс гурав дахин бага мах нөөцөлсөнтэй холбоотой гэж үзэх нэгэн ч бий. Нөөцийн мах дуусч, шинэ мах худалдаанд гарсан ч махны үнэ бараг хэвээр байгаа. Энэ жил махны үнэ буурах эсэх, нөөцийн махтай холбоотой асуудал дахин үүсэхгүй гэх баталгаа байгаа эсэхийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны (ХХААХҮЯ) Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.


-Махны үнэ яагаад буурахгүй байна вэ. Махны үнэ цаашид нэмэгдсээр байх уу?

-Махны үнэ зах зээлээ дагадаг. Үүнд шууд нөлөөлөх боломжгүй. Яамны зүгээс махны хангамж дээр анхаарч байгаа. Хотын хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн иргэд дундын зуучлалгүйгээр, малчид, хоршоологчдын гар дээрээс чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан махыг зах зээлийн үнээс хямд үнээр худалдан авах боломж олгох үзэсгэлэнг есдүгээр сарын 25-30-нд “Лавай” төвд зохион байгуулж байгаа.

-Махны үнэ өсч байгаа нь экспорт их, дотооддоо нийлүүлэх нь бага байгаатай холбоотой юм биш үү?

-Экспорт дээр бид тодорхой бодлого баримтаж байгаа. Стратегийн хүнсний журам гэж батлагдсан. Журам батлагдахаас өмнө дулааны аргаар махыг боловсруулж, квотгүйгээр экспортолдог байлаа. Энэ үед, тухайлбал өнгөрсөн жил 29 мянган тонн мах экспортолсон байна. Үүнийг ястай маханд шилжүүлбэл, 70 мянган тонн болж байгаа. Ийм байдлыг журмаар зохицуулж, дулааны аргаар боловсруулсан экспортын маханд хэмжээ тогтооно.

-Энэ жил хэдэн тонн мах экспортлох вэ. Мөн дотоодын хэрэгцээнд хэдэн тонн мах байхад хангалттай вэ?

-Өнгөрсөн жил 70 мянган тонн мах экспортолсон. Үүнээс бууруулахгүй байх зорилго тавьж байна. Мах экспортлогч байгууллагуудад дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг ашиглах шаардлага тавьж байгаа. Мөн үйлдвэр бүр камертай байх шаардлага тавьж байна. Статистикийн мэдээллээс харахад 300 гаруй мянган тонн махыг дотоодын хэрэгцээнд зарцуулсан.

15-20 МЯНГАН ТОНН МАХ БЭЛТГЭНЭ

-Өнгөрсөн жил өмнөх жилийнхээс гурав дахин бага мах нөөцөлсөн. Энэ нь бэлтгэх ажил оройтсон, арилжааны банкны шаардлага өндөр байснаас гурван компани шалгуурт тэнцэж, нөөцийн махыг бэлтгэсэн зэрэгтэй холбоотой. Ирэх жил нөөцийн махтай холбоотой асуудал дахин гарах уу?

-Нөөцийн мах бэлтгэх ажилд нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Улаанбаатар хотод 15-20 мянган тонн мах бэлтгэх зорилго тавьсан. Нөөцийн мах бэлтгэхэд оролцох аж ахуйн нэгжүүдэд өнөөдрөөс /2019.9.25/ хүсэлт хүргүүлж байна. Санхүүжилтийг арилжааны банкаар гаргуулна. Нөөцийн мах бэлтгэхэд хангамж чухал тул орон нутгуудтай хамтран ажиллаж байгаа. Мөн экспорт хийж байгаа байгууллагуудад борлуулж буй бүтээгдэхүүнийхээ 10 хувийг дотоодод нийлүүлэх шаардлага тавьж байгаа.

Өнгөрсөн жилийн хувьд улсын төсөвтэй холбоотойгоор оройтож махаа бэлтгэсэн асуудал бий. Энэ жил ийм асуудал үүсгэхгүйн талд нөөцийн мах бэлтгэх ажлыг эрт эхлүүлж байгаа. Мөн өнгөрсөн жил нөөц бэлтгэх ажилд 10 компани материалаа ирүүлсэн ч арилжааны банкуудын шаардлага хангаагүйгээс гурав нь оролцсон. Ийм байдал үүсгэхгүйн тулд нөөцийн мах бэлтгэх ажлыг эртнээс эхлүүлж, арилжаан банкинд батлан даалт гаргуулж байгаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Махны нөөцийн сав 2019-09-26 59.153.113.145

Махны хангамж нийлүүлэлт дээр төрийн бодлого, оролцоо байдаггүй. Харин тариа буудайнд хайр зарлаж халамжилдаг. Уг нь гурил буудайг импортоор авч зохицуулалт хийж болно. Харамсалтай нь хэдэн тариа буудайны нөхдүүдэд ажлаа мэдүүлэн дэлхийд байхгүй халамжийн бизнесийг зөвхөн Монголд хөхүүлэн хөгжүүлж байна. Хятадын мөнгө дээрхи сул талыг нь ашиглан махны хэрэгцээнд нь мөнгө хийж зохиомол хомсдол үүлэн үнийг Монголчуудад тулгаж байна. Дээрхи газрын дарга гэх нөхөр зүгээр л ажлаа өгчих хэрэгтэй.

Avatar

Монгол 2019-09-26 202.131.236.170

Нөөцийн махны авилгаар манай ЖЕНКО их л гаршсан, одоо МАХИМПЕКС л Хятад руу мах гаргаж байна даа. Нөөцийн махаар ард олны тархийг мөн ч олон жил угааж, тоглолт хийж байна даа.

Avatar

Шанхайн оюутан 2019-09-26 66.181.185.110

Махны үнэ навс унаж магадгүй шүү.Хятад гахайн мялзангийн вакцин хийгээд дуусаж бга гсэн.Мөн импортоор гахайн мах авах гэрээ их хийсэн тул Монголоос авах махаа багсгана гэж бна.

Avatar

зочин 2019-09-26 202.21.113.238

МАхны үнийг бууруулах аргам зам байгаа ш дээ. Эрэлт нийлүүлэлт гэж юм бий. Хятадууд зах зээлээс хамаг махыг нь хамж аваад бай хад үнэ буурах уу. ЭХлээд дотоодын хэрэглээгээ хангасны дараа экспорт гэж донгос. Үүнийг зохицуулж чадахгүй бол сандал ширээ бөглөж буг болж суух хэрэг байхгүй шүү

Avatar

Зочин 2019-09-26 150.129.140.121

Ямар ч хэрэггүй мөнгө идэх арга

Avatar

Зочин 2019-09-26 150.129.140.121

Нөөцийн мах гэдэг авилгаа эхэллээ дээ.

Avatar

Зочин 2019-09-26 119.40.103.6

Юун нөөцийн мах вэ. үнэ нь хямдардаггүй янз бүрийн зардал нэмэглсээр байгаад. Зөвхөн лангууны үнийг хөөрөгдүүлэхгүйн төлөө ТӨР төмөр нүүрийг хэрэглэх хэрэгтэй. Зах зээл зохицуулдаг бол аль хэдийн мах хямдрах ёстой шүү дээ, ЭНэ зах зээл гэдэг үгээр бүү халхавч хийгээч. Сайд нэртэй УЛААН өвгөн ажлаа хийж чадахгүй байна.

Avatar

Зочин 2019-09-26 150.129.141.35

Зах зээл өөрөө зохицууланаа, төр оролдоод хэрэггүй ээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж