Италийн жүжигчин, найруулагч Роберто Бэнигни өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Life Is Beautiful” киног үзээгүй хүн үгүй. Хүн төрөлхтний түүхэнд арилшгүй хар толбо үлдээсэн дэлхийн II дайны үед гэм зэмгүй, сая, сая хүний амь нас хохирсон эмгэнэлт түүхээс сэдэвлэсэн эл кинонд эцгийн хайрыг үзэгчдэд мэдрүүлж, зүрхэнд хоногшсон юм. Яг л энэ кино шиг дайны хүнд үе, эх орончдын уйгагүй тэмцэл, эх нутаг руугаа тэмүүлсэн ард түмэн, ямар ч үед хүүхдээ л гэх эцгийн хайрыг гэрэл зурагт мөнхөлжээ. Энэ бол “Дэлхийн II дайны үеийн польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн юм.
Есдүгээр сарын 24-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болсон уг үзэсгэлэнд түүхэнд үлдэж, гэрэл зурагт мөнхөрсөн хүмүүс эх орноосоо дүрвэсэн иргэд нь өнчин хүүхэд шиг хэрхэн зовж шаналж байсныг, дайны он жилүүдийн дундаршгүй зовлон, хүсээгүй хагацалд унах хэчнээн хэцүүг хэлээд өгөх аж. Бас польшийн ард түмэн хэрхэн тэмцэн тулалдаж, эх орноо хамгаалж байсныг ч үзүүлж байв.
Ирэх аравдугаар сарын 6-н хүртэл үргэлжлэх түүхэн баримтыг дэлгэсэн үзэсгэлэнг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран Монголын үндэсний музейд дэлгээд байна.
Түүхийн үүднээс авч үзвэл 1939 оны есдүгээр сар Польшчуудын хувьд ер бусын эмгэнэлтэй үе байсныг хэлэх хэрэгтэй. Энэ сарын эхний өдөр Польшийн эсрэг германчууд түүхэнд байгаагүй дайныг өдөөсөн нь зургаан сая орчим польш иргэнийг хороогоод зогсохгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй дайн байсан билээ.
Б.ЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ