Исламын шашинт Индронез улсад гэрлэхээс өмнөх бэлгийн харилцааг хориглох тухай хуулийн төсөл ихээхэн маргаан дагуулаад байгаа юм. Энэхүү хуулийн төслийг батлах санал хураалт өчигдөр /2019.09.24/ байсан ч Ерөнхийлөгч Жоко Видодо хуулийг эргэн харах хэрэгтэй гэж үзээд баасан гариг хүртэл хойшлуулсан байна.
Тус улсын иргэд дээрх хуулийг эсэргүүцэн засгийн газрын ордныхоо гадаа жагсжээ. Зөвхөн нийслэл гэлтгүй бусад хотуудад ч олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон гэнэ. Жагсаал цуглаан сүүлдээ үймээний шинжтэй болж цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ. Нийслэл Жакарта хотод гэхэд л 5000 цагдаа ажилласан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Уг хууль батлагдвал гэр бүл болохоос өмнө бэлгийн харилцаанд орвол гэмт хэрэг үйлдсэнд тооцож нэг жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгэнэ. Мөн гэрлэхгүйгээр хамт амьдарсан хосууд зургаан сар хүртэлх хугацаанд хоригдоно. Үр хөндүүлсэн эмэгтэй ихдээ дөрвөн жил шоронд суух ял эдлэх бөгөөд хүчирхийлэлд өртсөн эсвэл эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар үр хөндөл хийлгэсэн тохиолдолд шийтгэлээс мултрах юм байна.
Эх сурвалж: BBC