Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон гэгддэг Сарьдагийн хийдийн нууцыг дэлгэсэн үзэсгэлэн маргааш буюу есдүгээр сарын 27-нд Монголын үндэсний музейд болох гэж байна.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 онд буюу зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийжээ.
Судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйлс гэх мэт олон олдвор илрүүлсэн байна. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ. Тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа цогц үзэсгэлэнгээр тайлагнах гэж байгаа нь энэ аж.
Үүний тулд орчин үеийнхэнд XVII зууны Монгол сүм хийдийг үзүүлэхээр зэхэж Сарьдагийн хийг багасган бариулсан байна. Түүнчлэн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг үзүүлэх гэнэ. Мөн баримтат кино, холограм зураг үзүүлэх зэрэг технологийн дэвшлүүдийг ашиглах гэнэ. Үүнээс гадна олон нийтэд зориулж “Өндөр гэгээн болон түүний өв” сэдэвт цуврал лекцийг эрдэмтэн судлаачид унших, хүүхэд багачууд үзэгчдэд зориулсан шашны урлагийн боловсролын хөтөлбөрийг хуваарийн дагуу явуулах юм байна.
Үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг сонирхуулахаас гадна Европт хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлүүдийг дэлгэх аж.
Холбоотой мэдээ