“Махны үнэ ийм л байхад болно”

Хуучирсан мэдээ: 2019.09.25-нд нийтлэгдсэн

“Махны үнэ ийм л байхад болно”

“Энд мах яах аргагүй хямд байна. Махны үнэ ийм л байхад болж байгаа юм. Энэнээс үнэтэй болохоор тэтгэврийн бидэнд хүндрэлтэй байна. Тэтгэврийн мөнгөндөө тааруулаад хонины махнаас хэдэн килограммыг авахаар зорьж ирлээ. Өнгө үзэмж сайтай, чанартай мах харагдаж байна” хэмээн Д.Нямсүрэн өвөө учирласан юм. Тэтгэврийн насны энэ өвөө үзэсгэлэнгийн талаарх мэдээллийн боршурыг Сүхбаатарын талбайгаар явж байгаад олсон гэнэ. Мах хийх даавуун тороо бариад ирснийг харахад тэрбээр үзэсгэлэнд эртнээс бэлтгэлтэй иржээ. Түүнтэй “Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдаа дээр таарсан нь энэ юм. Тус үзэсгэлэн өнөөдөр /2019.9.25/ “Лавай” худалдааны төвд болж байна. Үзэсгэлэнд хамгийн олон худалдан авагчтай хэсэг нь махны лангуунууд байлаа.

Энд махыг малчид, хоршоодын гар дээрээс зах зээлийн үнээс хямд борлуулж байна. Хамгийн гол нь үзэсгэлэнд ирснээр ариун цэврийн шаардлага хангасан, цэвэрхэн тухтай орчинд шинэхэн мах, ногоо, цагаан идээ, арвайн гурил, зөгийн бал зэргийг зах зээлийн үнээс хямдаар худалдан авах боломжтой аж.

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 1500-2000 ТӨГРӨГӨӨР ХЯМД

Үзэсгэлэнгийн талаар, үзэсгэлэн хэр хэмжээний махны нөөцтэй байгааг Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатараас лавлалаа.

-Үзэсгэлэнд зарж байгаа мах захын үнээс хямд байж чадаж байна уу?  

-Үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ. Тав хоногийн хугацаанд нэлээд мах зарах төлөвлөгөөтэй байгаа. Мөн энд борлуулж байгаа мах бусад захаас 1500-2000 төгрөгөөр хямд байгаа.

-Үйлчлүүлэгч олон байгаа нь ийм төрлийн үзэсгэлэн гарах хэрэгцээ байгааг илтгэж байна. Дахин ийм үзэсгэлэн зохион байгуулах уу?

-Төв аймаг, Дундговь аймаг, Сүхбаатар аймгуудаас мах, ногооны үзэсгэлэн зохион байгуулах санал ирж байгаа. Тиймээс арав болон арваннэгдүгээр сард мөн ийм төрлийн үзэсгэлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ зөвхөн “Лавай”-д биш, болж өгвөл дүүрэг болгонд ийм үзэсгэлэн гаргахыг зорьж байна.

Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд үхрийн махыг 8500-9000 төгрөг, хонины мах 6500-7500, адууны мах 7000-7500 төгрөгөөр худалдаалж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж